Шинэ санаа, инновацид суурилсан гарааны бизнесүүдийг хөгжүүлэх, залуучуудыг ажлын таатай орчноор дэмжих зорилготой “hub инновацийн төв”-д зургаан сар бойжин, амжилттай өргөжиж буй “Амар Екоммерс” ХХК-ийн оффисыг зорилоо.
Avlaa.mn сайтыг нээж, онлайн худалдаа эрхэлж буй “Амар Екоммерс” компанийн оффис хөл хөдөлгөөн ихтэй бөгөөд Гүйцэтгэх захирал Б.Батжаргал нь “Зургаан сарын өмнө хоёулхнаа 19 м2 талбайтай өрөөнд компаниа байгуулж байсан бол одоо ийм олуулаа болоод байна” хэмээсээр угтлаа.
Онлайн худалдаа эрчимтэй хөгжиж байгаа ч чанартай, баталгаатай барааг, худалдан авагчдад хамгийн хялбар, түвэг чирэгдэлгүй хүргэдэг үйлчилгээ үзүүлж чадаж байгаа компани Монголд хуруу дарам цөөн гэж хэлж болно. Тиймээс онлайн худалдааны салбарт тулгамддаг асуудлуудыг орчин үеийн технологи ашиглан олон улсын жишигт хүргэхээр ажиллаж буй “Амар Екоммерс” компанийн Гүйцэтгэх захирал Б.Батжаргалтай ярилцсан юм.
-Avlaa.mn нэлээд түгээмэл хэрэглээтэй онлайн худалдааны сайт болсон байна. Богино хугацаанд ийнхүү амжилтад хүргэхэд юу нөлөөлөв?
-Бизнесээ хаанаас эхлэхээ мэдэхгүй хэсэг явж байгаад “hub инновацийн төв”-д бойжигч болон орсон юм. Ингээд зургаан сарын хугацаанд амжилттай төслийн шатаа даван, аравдугаар сарын 11-нд төгсөлтөө хийх гэж байна. Ямар ч байсан старт ап компанийн хувьд эхний даваагаа давлаа гэж харж байгаа.
Avlaa.mn хэрэглэгчдэдээ хямд үнэ, найдвартай бүтээгдэхүүн, үнэгүй баталгаат хүргэлтийг санал болгодог бөгөөд яг одоогийн байдлаар 4,000 орчин төрлийн бэлэн бүтээгдэхүүнийг байршуулан худалдаалж байна.
Барааг олон улсын стандартын дагуу гадна талдаа харагддаггүй, хагарч гэмтэхээс сэргийлсэн хөөсөнцөртэйгөөр савлаж 3-6 цагийн дотор хүргэдэг. Хэрэглэгчийн худалдан авсан бараа нууцлагдаж, аюулгүй хүрч байгаа гэсэн үг.
Мөн дотооддоо урамшууллын бодлого хэрэгжүүлдэг. Байнгын хэрэглэгчид маань үүнд маш их талархалтай байгаагаа хэлдэг.
-Худалдан авагчийн талаас харахад онлайнаар худалдан авалт хийвэл миний хүссэн бараа ирэх үү, чанартай байж чадах болов уу гэсэн эргэлзээтэй байдаг. Энэ эргэлзээг үгүй хийхийн тулд хэрхэн ажиллаж байна вэ?
– Avlaa.mn-г бий болгох санаа нь хэрэглэгчийн үүднээс харсантай холбоотой байсан. Монголын нөхцөлд итгэлцэл байдаггүй. Төлбөрөө төлөөд бараа захиалтал, миний бараа ирэхгүй бол, магадгүй буруу бараа ирвэл, миний хүссэн бүтээгдэхүүн биш байвал гэх мэт хэд хэдэн үл итгэх хэлбэр байгаад байдаг. Тиймээс бид үйлдвэрлэгч болон албан ёсны импортлогчтой шууд гэрээ байгуулан ажиллаж байна.
Манайх ERP суурь системтэй. Уг систем маань бараа бүтээгдэхүүнийг нэг бүрчлэн бүртгэж авч байдаг. Тэгэхээр хугацаа дууссан, чанаргүй эсвэл буруу барааг хэрэглэгчид хүргэнэ гэсэн ойлголт байхгүй.
-Онлайн худалдан авалтад тулгардаг дараагийн нэг хүндрэл бол төлбөр хийх явц байдаг. Үүнд ямар шийдлийг санал болгож байна вэ?
-Бидний зүгээс Qpay, Socialpay, банкны картууд болон дансаар шилжүүлэх гээд бүхий л хэлбэрээр төлбөр төлөх боломжийг олгож байна. Саяхнаас нэг шинэ сонголт оруулж ирсэн. Хүргэлтийн ажилтан маань пос машинаар төлбөр авдаг болсон. Байж болох бүх сонголтоор төлбөр авч байгаа.
-Танай компаниас хүргэлтийн шинэ шийдэл болох AvlaaBOX-г нэвтрүүлж эхэлсэн байна. Уг үйлчилгээгээ танилцуулбал?
-Монголд хүргэлтийн үйлчилгээ маш хэцүү үйлчилгээнд тооцогддог. Энэ үйлчилгээг түвэгтэй болгож байгаа эхний хүчин зүйл нь хаягжилт бол дараагийн дугаарт түгжрэлийг хэлж болох юм.
Бараа захиалсан хүн гэр эсвэл ажлын газартаа бараагаа авахаар болоод хүлээдэг. Хүлээх зуур гэнэтийн ажил гарвал гарч чаддаггүй, мөн түгжрэлээс шалтгаалаад бараа хүргэлт удах тохиолдол гардаг.
Нөгөө талаас буюу худалдаа, хүргэлтийн үйлчилгээ үзүүлж байгаа талаас харвал зардлын асуудал байна. Хотын түгжрэлийг арай гэж даван туулаад барааг хүргэхээр очтол захиалагч гараад явчихсан байх, хаяг нь буруу байх гэх мэт асуудал маш их тохиолддог.
Хоёр талд гардаг дээрх хүндрэлүүдийг шийдвэрлэх гарц нь AvlaaBOX юм. Интернетэд холбогдсон орчин үеийн технологи дээр суурилсан AvlaaBOX төхөөрөмжийг орон сууцны хороолол, оффисуудад байрлуулж эхлээд байгаа. Төхөөрөмж манай системтэй интеграци хийгдсэн бөгөөд хүргэлтийн ажилтан өөрийн нууц дугаараар бараагаа хиймэгц, захиалагчийн гар утсанд бараагаа хүлээн авах нууц дугаар илгээгдэх юм.
Ингээд захиалгаа өгөхдөө өөрт хамгийн ойр байрлалтай AvlaaBOX-н хаягийг өгснөөр шуурхай, түвэг чирэгдэл багатайгаар бараагаа авах боломж бүрдэж байгаа юм.
Хүргэлтийн ажилтан хаягжилт тодорхой биш өнөөгийн нөхцөлд айл эсвэл нэг албан газрыг хайгаад явахгүй, мөн зорилтот цэгүүддээ дүүргэлт хийгээд явах учраас бараагаа хурдан хүлээж авах боломж бүрдэнэ.
– AvlaaBOX төхөөрөмжийн хүртээмж хэр байгаа вэ, Нэг хороолол дотор ойролцоогоор хэдэн төхөөрөмж суурилуулахаар төлөвлөж байна вэ?
-Эхний ээлжинд аль болох хэрэглэгч олонтой цэгүүдэд байршуулж эхлээд байна. Ингэхдээ олон нийтийн сүлжээ ашиглан иргэдээс “AvlaaBOX-г өөрийн амьдардаг хотхон, оффистоо байрлуулах хүсэлтэй байна уу?” гэсэн саналыг авч байгаа. Хэрэглэгчдийнхээ хүсэлтийн үндэслээд байрлуулах газраа сонгоод явж байгаа бөгөөд цэгүүдийнхээ тоог тогтмол нэмэгдүүлээд явна.
-Хэрэглэгчдийн хувьд захиалсан бараагаа хаана хүргүүлж авах сонирхол нь илүү байна вэ?
-Гэрээсээ гарах боломжгүй байгаа хүмүүс л онлайнаар худалдан авалт хийдэг гэсэн ташаа ойлголт байгаад байдаг. Бодит байдал дээр бол ажлын байрандаа бараагаа хүргүүлэх тохиолдол их байгаа. Түүнчлэн ажлын байран дээр худалдааны бараа хүлээн авахаас гадна сонин сэтгүүл, албан тоот, шуудангийн хүргэлт ирдэг. Энд дурдсан хүргэлт бүрийг нэгдсэн системтэй, цэгцтэйгээр гол нь шинэлэг технологи ашиглан хийх боломжийг AvlaaBOX олгоно.
Дэлхий дахинд онлайн худалдаа хөгжихийн хэрээр AvlaaBOX-той адилхан үйлчилгээнүүд Америк, Хятад, Европын орнуудаар нутагшиж, тренд болоод байгаа.
-Тэгэхээр AvlaaBOX-г зөвхөн Avlaa.mn-ээс худалдан авсан барааг түгээх зорилгоор бус бусад сонин сэтгүүл, албан бичиг хүргэх цэг болгон ашиглах болох нь ээ?
-Тийм ээ. Энд нэг жишээ авч тайлбарлая.
Томоохон зах худалдааны төвүүдийн үүдэнд 5, 6 бэлэн мөнгөний машин эгнүүлээд тавьчихсан байдаг. Уг нь бол бүх банкны карт уншдаг юм чинь нэг бэлэн мөнгөний машин байхад л болно. Гэтэл манайд байдаг нэг хандлага нь хоорондоо нэгдэж чаддаггүй явдал. Хамтраад хялбар хийж болох зүйлийг заавал өөрөө бие даан хийх гээд байдаг. Бидний хувьд тийм хандлага байхгүй. Аль болох ашигтай цэгүүдэд AvlaaBOX-г байрлуулна. Түүнийг ямар ч байгууллага, хувь хэрэглэгч ашиглан, бараа бүтээгдэхүүн хүргэж болно.
Энэ төрлийн үйлчилгэ өндөр хөгжсөн орнуудыг харахад цаашид бидэнд хөгжүүлэлтийн маш их ажил байгаа, үнэхээр ирээдүйтэй гэж хэлж болно.
Хэрэглэгч Avlaa.mn вебсайт руу нэвтэрч хүссэн бараа бүтээгдэхүүнээ сонгон төлбөрөө төлөн захиалгаа баталгаажуулна. Ингээд захиалагчийн мэдээлэл болон хүргэлтийн хаягаа оруулмагц энэхүү хаягтай хамгийн ойр байрлах AvlaaBOX-оор хүргэлт хийгдэх юм.
Үүний дараа хэрэглэгчийн утсанд зургаан оронтой код ирэх бөгөөд өөрт ойр байрлах AvlaaBOX дээр очин кодоо оруулан худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ хүлээн авна.
Дашрамд дуулгахад хүргэлтийн ухаалаг шийдэл болох AvlaaBOX-г байршуулсан цэгүүд дээр танилцуулах өдөрлөг зохион байгуулж байгааг “Амар Екоммерс” компанийн Ахлах маркетингийн менежер Б.Тэмүүлэн хэлж байлаа. Танилцуулах өдөрлөгийн үеэр AvlaaBOX-г хэрхэн ашиглах талаар үзүүлж, зарим төрлийн барааны амталгаат, хямдралтай худалдааг зохион байгуулах юм байна.
Видео танилцуулга: