Ганцхан хуудаст багтаан бизнесээ загварчлах арга /Business model canvas/

Батжа
Батжа
2024-02-17

2017 оны зун баруун аймгаар тойрон аялал ид дундаа. Говь-алтай аймаг Бигэр сумын нутаг, их говийг туулан хуучин орос поргоны хойд суудалд наран талын цонхны дэргэд суусаар аяллын 8-дах хоног үргэлжилж байлаа.

Нар үд дунд чанх дээрээс тусах бөгөөд амьсгалахад ч бэрх санагдана. Поргон машин мотороо хөргөхөөр заал руугаа халуунаа үлээлгэнэ. Цөлийн элс доороос улайсан шарна. Цонх онгойлоод, унаагаа улам хурдлуулаад бүлээн салхи үлээлгэх нь ганц халууныг давах арга мэт. Харамсалтай нь цонхоор үлээх салхитай хамт орж ирэх элсний ширхэгүүд ам хамар бөглөчих шахна. Багийн гишүүд маань бүгд л амны хаалт, нүдний шил, битүү малгайтай бол надад тэд бүгд байсангүй…

Угтаа хөдөө нутгаар холын аялалд гарах мэдрэмж сайхан шүү. Зун цаг ойртох тусам аялах хүсэл тэмүүлэл хүн бүрт улам л ихээр төрж байгаа байх. Эзгүй зэлүүд байгальд тух алдалгүй олон өдрөөр аялахад нэн шаардлагатай зүйл бол бэлтгэл ажил байдаг. Бэлтгэл базаахдаа бүх л тулгарах асуудлыг урьдчилан бодож, санхүү болон хувцас, хүнснээс эхлээд нөөцүүдээ бүрдүүлдэг.

Хэрэв дутуу төлөвлөж, бэлтгэлээ базаавал Их говийн халуун эсвэл Алтай таван богдын хүйтэнд зутрах нь гарцаагүй.

Үүнтэй адил аливаа нэг санааг бизнес болгохын тулд орлого хэрхэн олох, зардлууд хаана гарах, хэнтэй хамтрах, ямар хэрэглэгчид хүрэх гээд олон асуудлууд тулгардаг. Үүнийг цогц байдлаар нэг дор төлөвлөх нь бизнесээ том зургаар нь харахад чухал нөлөөтэй байдаг.

Энэхүү боломжийг бизнесийн хавтгай бидэнд олгодог.

Бизнесийн хавтгайг ашигласнаар та өөрийн бизнесийн бүх гол асуудлыг нэг дор нэгтгэх бөгөөд ганцхан хуудас дээр багтааж чадна.

Бизнесийн хавтгай нь дараах бүрдэл хэсгээс бий болно. Хамтдаа Netflix-ийн бизнес загвартай танилцангаа бүрдэл хэсгүүдээ ойлгоцгооё.

1. Key partners / Гол хамтрагчид

Таны бизнест амжилт авч ирэх стратегийн гол хамтрагч нараа энэ хэсэгт нэг бүрчлэн дурдаж өгөөрэй. Ингэснээр цаашдын алхамууд илүү ойлгомжтой болж, таньтай хамтаръя гэж хандсан болгонд цаг алдахгүй давуу талыг бүрдүүлнэ.

Netflix – Хөрөнгө оруулагчид, Медиа продюсерууд, Контент бүтээгчид, Кино театрууд, ТВ сувгууд гэх мэтээр дурдаж өгсөн байна.

2. Key activities / Гол үйл ажиллагаа

Таны бизнес яг юуг үйлдвэрлэж, юуг борлуулж, юуг бүтээх вэ? Энэ хэсэгт дурдаж өгөөрэй. Таны бизнес яг ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? гэдэг асуултанд энэ хэсэг хариулж өгөх ёстой.

Netflix – Технологи судалгаа хөгжүүлэлт, Контент лиценз эзэмших, Контент бүтээх, Контент түгээх гэх мэтээр оруулжээ.

3. Key resources / Гол эх сурвалж

Таны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд, таны үйлчилгээг үзүүлэхэд гол эх сурвалжууд юу вэ? Ажилтнууд тань уу? эсвэл түүхий эд үү? Эдгээр асуултанд энэ хэсэгт хариулаарай.

Netflix – Брэнд, аппликэйшн вэбсайт, платформ, ажилтнууд гэх мэтээр дурджээ.

4. Value propositions / Хэрэглэгчид өгөх үнэ цэн

Энэ хамгийн чухал хэсэг. Тиймдээ ч голд нь байрлаж байгаа юм. Та хичнээн төгс бүтээгдэхүүн, үйлчилгээ бэлтгэсэн байлаа ч хэрэглэгчид тулгарсан асуудал эсвэл зайлшгүй хэрэгцээг хангаж чадахгүй бол амжилт олох нь юу л бол. Тиймээс хэрэгчид өгөх гол үнэ цэн тань юу вэ? гэдгийг энд нэг бүрчлэн дурдаж өгөөрэй.

Netflix – 24/7 үйлчилгээ, өндөр үнэлгээтэй кино & шоу, хязгааргүй үзэх боломж г.м

5. Customer relationships / Хэрэглэгч харилцаа

Хэрэглэгч тань таны үйлчилгээнд татагдах шалтгаан байх ёстой. Магадгүй илүү хямд болохоор, илүү найрсаг үйлчилгээтэй болохоор эсвэл илүү баталгаатай бүтээгдэхүүн учраас ч гэдэг юм уу? Үүнийг энэ хэсэгт бөглөөрэй.

Netflix – Өөрөө өөртөө үйлчлэх, хэрэглээндээ тохируулах, хэрэглэхэд хялбар г.м

6. Channels / Сувгууд

За таны бараа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ ямар сувгаар хэрэглэгчид хүрэх вэ? Хүнсний ногоо тариалдаг бол таны бүтээгдэхүүн нь зах, сүлжээ дэлгүүрүүд, 8 болон 6 нэрийн дэлгүүрүүд мөн нэмэлтээр онлайн худалдаа, утсан захиалга зэргээг дамжин хүрч болох юм. Мөн маркетингийн хүртээмж ямар сувгаар хэрэглэгчид тань харагдаж, сурталчилгаа тань хүрч, бүтээгдэхүүнийг чинь авах вэ? гэдгийг мөн дурдаж өгнө.

Netflix – Хүссэн төхөөрөмж, netflix аппликэйшн, амаас ам дамжин, онлайн сурталчилгаа, офлайн сурталчилгаа г.м

7. Customer segments / Зорилтот хэрэглэгчид

Таны бүтээгдэхүүн үйлчилгээний зорилтот хэрэглэгчид хэн бэ? энэ асуултанд хариулах хэсэг.

Та дээд зэрэглэлийн хослол үйлдвэрлэдэг байлаа гэж бодоход таны зорилтот хэрэглэгчид нь эрэгтэй, 25-60 насны, өндөр боловсролтой эсвэл өндөр орлого бүхий, оффист ажилладаг гэх мэтээр сонгож өгөх юм.

Netflix – Хэл нь нэвтэрсэн бүс нутгийн хэрэглэгчид г.м

8. Cost structure / Зардал

Мэдээж та бүтээгдэхүүн үйлчилгээ үйлдвэрлэхэд, түүнийгээ олон нийтэд сурталчилахад, цаашлаад түгээж борлуулахад гээд зардлууд гарна. Түүнийгээ энэ хэсэгт оруулаарай.

Netflix – Төлбөрийн сувгуудын хураамж, маркетинг, ерөнхий ба удирдлагын зардал г.м

9. Revenue streams / Орлогын эх үүсвэр

За сүүлийн хэсэгт нь та өөрийн орлогын эх үүсвэрүүдээ оруулаарай.

Netflix – Subscribe /орчуулах гэсэн болсонгүй/, dvd борлуулалт г.м

Бизнес загварын хавтгайд дүрсэлсэн хэсэг нэг бүрийг цааш нь дэлгэрүүлж гаргадаг бөгөөд нэгтгэлийг нь буюу товчлолыг нь нэгтгэдэг тул цааш нь илүү гүнзгийрүүлэн судлаад бизнестээ ашиглаарай.

Дээрх төлөвлөлтийг хийхэд танд туршлага, чадвар дутаж байгаа эсвэл зөвлөгөө дэмжлэг хэрэгтэй бол бид PROSEED зөвлөх үйлчилгээг нээсэн байгааг дуулгахад таатай байна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://proseed.mn вэбсайтаас аваарай.

Намайг дагаарай:

Бүртгүүлээд бүх нийтлэлийг уншаарай.

Таны бизнест хэрэг болох үнэтэй нийтлэлүүдийг өөрийн туршлагаасаа нээлттэй хуваалцсан тул танд тус болно гэдэгт итгэлтэй байна. Манай коммунитид нэгдсэнээр үнэ цэнтэй нийтлэлүүдийг маань үнэгүй уншаарай.

Коммунитид нэгдэх
Коммунитид нэгдэх
Коммунитид нэгдэх