Үхлийн хөндийг туулахуй

Батжа
Батжа
2024-09-16
“The higher the mountain, the deeper the valley.”Alsacian Proverb

2005 онд шиг санаж байна. Би лав есдүгээр ангиа төгссөн жил. 3 найзын хамт Богд-хан ууланд алхахаар үүргэвчээ үүрээд дэлгүүрээс бэлэн гоймон, дугуй талх, элэгний нухаш аваад Зайсангийн ам өөд юу ч бодолгүй зүглэж билээ. Анх удаа Богд-хан уул өөд алхалт хийж байгаа юм л даа.

Тэр үед одоогийнх шиг жим гэж байсангүй. Хүн барагтай л гарахгүй тул уулын мод, бут шигүү, амьтан ургамал элбэг байж.

Бүтэн өдөржин яваад нэг харсан нар буцах цаг болчхож, бүгд идэх зүйлээ бараад ядарч эхэлсэн тул буухаар шийдсэн ч үнэндээ хаана яваагаа мэдэхгүй байлаа. Ингээд ямартай ч бууцгаая гэж шийдээд хотын зүг бараадаад бүгд бууцгаалаа. Буусан ам маань их тэнгэрийн ам байж таараад, тусгай хамгаалалттай бүсэд орсон гэж хамгаалалтын цэргүүдэд буудуулангаа алдаад харьж билээ.

Тэр алхалт одоо бодоход стартАп эхлүүлэхтэй их төстэй санагдаж байна.

Юу хүлээж байгааг мэдэхгүй тэгэхдээ л зорилго руугаа тэмүүлнэ.

СтартАп бизнест хамгийн хүнд даваа тулдаг нь Үхлийн хөндий буюу Valley of death1 юм.

Бидэнд нийгэмд болон хүмүүсийн өдөр тутмын амьдрал, түүнийг дагасан хэрэглээнд тулгарсан асуудлыг дахин загварчлах солиотой сайхан санаанууд төрдөг. Энэ санаагаа л хэрэгжүүлчих юм бол алаад өгнө дөө л гэж бодохоор…

За тэгээд санаагаа ямар нэгэн байдлаар биет болгоно. Үйлдэл хийж зориг гаргана. Үүнийг дагаад эхний санхүүжилтээ халааснаасаа хийх хэрэгтэй болно.

Санаагаа хамгийн минимал буюу MVP 12 хувилбараа арай гэж байгаа санхүүдээ тааруулаад гаргана. Тэгээд бүгдэд хардаа энэ миний хэлээд байсан санаа өнөөдөр ажиллаж эхэллээ гэж зарлана.

Яг энэ үед бидний төгс санаа бүрэн ажиллаж, хүсэж буй зорилгоо биелүүлэхэд түүхий байгаа гэдгийг ойлгоно. Тиймээс санхүүжилт хэрэгтэй болно.

Санхүүжилт татахын тулд таны MVP 1 дараах мини шаардлагыг хангасан байх ёстой.

Эхний 1000 хэрэглэгч x Эхний бодит борлуулалтГарааны санхүүжилт авахад шаардагдах суурь үзүүлэлт

За анхан шатны шаардлагаа хангачихлаа. Одоо яах вэ?

Хөрөнгө оруулах өөртэй чинь ижил солиотой санааг чинь ойлгох, дэмжих, тэгэхдээ мөнгөтэй нэгнийг олох хэрэгтэй болно.

Харамсалтай нь чиний суут санааг ойлгож, итгэж санхүүжилт өгөх, чамтай ижил солиотой нэгэн тун-чиг ховор, эсвэл огт байхгүй гэдэг үнэнг эртхэн мэдэх хэрэгтэй.

За эерэгээр нь таны санаанд хөрөнгө оруулалт хийгдлээ гэж бодъё. MVP 2 гарлаа. Таны борлуулалт болон хэрэглэгч 2 өссөн ч, өртөг болон ҮАЗ-аа нөхөх хэмжээнд тийм ч амар очихгүй л болов уу.

Ингэхэд үхлийн хөндий маань хэдий удаан үргэлжилдэг юм бол. Дараах зурагтай танилцъя.

Бидний өмнөх нийтлэлээр танилцсан стартапын санхүүжилтийн шатуудыг бараг бүгдийг нь дамнан үргэлжилж болдог байх нь ээ.

ЮУ БИЗНЕС ЧИНЬ АШИГТАЙ Л АЖИЛЛАХ ЁСТОЙ БИЗ ДЭЭ? БИДНИЙ МЭДЭХ БИЗНЕС ТИЙМ Л БАЙДАГ. ДОРЖ АХ МААНЬ АНХ ЗЭЭЛ АВААД Л ӨНӨӨДРИЙН БАРИЛГЫН КОМПАНИ ЭЗЭН БОЛСОН ШҮҮ ДЭЭ? гэж та асуух байх.

Тийм ээ, бизнес ашигтай л ажиллах ёстой. Гэхдээ стартАп бизнест дээрх санаа арай өөрөөр яригдана.

Та маш хурдтай пуужин хөөргөж байна аа гэж төсөөл, таны пуужин хамгийн хурдан нь л байж хамгийн түрүүнд хөөрөөд, хамгийн хол явах ёстой. Үгүй л бол арчигдана. Энэ хурдыг хийхийн тулд өмнөх Дорж ахын загвараар явбал арчигдана л гэсэн үг.

За тэгэхээр яг юу хэлэх гээд байна вэ? гэвэл та хөрөнгө оруулалтаас хөрөнгө оруулалтын хооронд зах зээл, хэрэглэгчээ асар хурдтай тэлж, борлуулалтаа нэмэгдүүлж, гол нь зорилтот зах зээлийнхээ хамгийн топ л тоглогч болох ёстой. Таны бизнесээс өөр санааг хэрэглэгчид огт хүлээн зөвшөөрөхгүй болтол нь. Тэр үеэс та ашигтай ажиллах шиг амархан юм байхгүй.

Хэрэв дээрх замаар явахгүй гэж байгаа бол стартАп гэдэг нэрээ хаяад ЖДҮ гэдэг нэршил аваад эртхэн BEP3-доо хүрээд өөрөө өөрийгөө санхүүжүүлээд яваарай гэж зөвлөмөөр байна.

Үхлийн хөндийг цөөн хэдхэн л стартАп туулж гарч ирж, оргилд нь хүрдэг. Үүнд олон хүчин зүйл нөлөөлөх байх тэгэхдээ хамгийн чухал хүчин зүйл нь үүсгэн байгуулагч та өөрөө юм.

Та ирэх 10 жилээ санхүүжилтээс санхүүжилтийн хооронд уулзалт, найраа, гуйлга, тохироо дунд өнгөрүүлж, ажилтнуудынхаа цалинг цагт нь бодож өгнө гэдэг асар их хариуцлагыг нуруундаа үүрээд, борлуулалтаас борлуулалтын хооронд өсөлт үзүүлэхийг зорьж, зардлуудаа бууруулахаар багаа хурцлах хэрэгтэй болно. Үүний хажуугаар ТУЗ-даа төсвөө батлуулж, тайлагнаж хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй. Мэдээж хөрөнгө оруулагчиддаа ч мөн адил.

Хамт олон, ажилтнууд тань танаас мөнхийн төгс төгөлдрийг хүсэмжилнэ. Үеийн үед л ялж яваагаа, амжилттай байгаагаа харуулах, хүлээн зөвшөөрөгдөх шаардлага үүснэ. Яг л ид залуу насандаа тулах үнэн болохоор гэр бүлдээ ч цаг гаргаж, тэднийгээ дутуугүй байлгах үүргээ ч мөн хэрэгжүүлэх хэрэгтэй болно.

Үхлийн хөндий гэж дан ганц санхүүжилт, борлуулалтын асуудал бол огтоосоо биш юм. Энэ бол үүсгэн байгуулагчдын өөрөө өөртэйгөө хийх уртаас урт тэмцлийн хөндий юм.

Үүнийг зөвхөн солиотон, шийдсэн нөхдүүд л даван гарч, ухаан, чадвараа хослуулан байж бидний мэдэх жишээ амжилтын эзэд болдог.

Оргил хэдий өндөр байна. Хөндий төдий чинээ гүнзгий байдаг.

Та юу хүлээж байгаагаа мэдэхгүй ч ямартай ч хаашаа явж байгаагаа мэдэж байгаарай. Тийм үү?

1 Valley of death – СтартАп бизнесийн үхлийн хөндий гэх ойлголт

2 MVP – minimal valuable product /бүтээгдэхүүний тань хамгийн минимал хувилбар/

3 BEP – break even point /хугарлын цэг/

Намайг дагаарай:

Бүртгүүлээд бүх нийтлэлийг уншаарай.

Таны бизнест хэрэг болох үнэтэй нийтлэлүүдийг өөрийн туршлагаасаа нээлттэй хуваалцсан тул танд тус болно гэдэгт итгэлтэй байна. Манай коммунитид нэгдсэнээр үнэ цэнтэй нийтлэлүүдийг маань үнэгүй уншаарай.

Коммунитид нэгдэх
Коммунитид нэгдэх
Коммунитид нэгдэх