Блокчэйн гэдэг ойлголттой танилцсан маань тун саяхан. Хэрэглээ талаасаа, ирээдүй талаасаа, ач холбогдол талаасаа энэхүү технологийн шийдэл юуг бүтээж, шинэчилж, өөрчилж болохыг яриад байвал магадгүй дуусахгүй биз.
Үүнийг дагаад та бидний дунд Койн, Токен, NFT, Defi, DAO, Web3.0, Smart contract, dApp гэх урьд хожид дуулдаагүй шийдлүүд, нэршлүүд хүч түрэн ороод ирлээ.
Би өөрийгөө технологи шийдлийн хувьд цаг үетэйгээ хөл нийлүүлсэн, мэдээ мэдээлэл, мэдлэг давгүй гэж бодож явсан. Гэтэл азаар ч гэх юм уу, хувь тохиолоор ч гэх юм уу мэдлэг мэдээлэл маань хол хоцорсон гэдгээ мэдэрсэн 3 өдрийг энэ салбарын түүчээ болсон залуустай хамт ментор болон шүүгч хийж өнгөрөөлөө.
Ингээд энэ 3 өдрөө товч дүгнэвэл
Заал дүүрэн бужигнасан, эрч хүчтэй ихэвчлэн 10 жилийн болон оюутан залуус угтлаа. Ажлын хувиараас үүдэн эхний өдөр товлосон цагаасаа хоцорч очсон бөгөөд аль хэдийн багууд бүрдээд, бүгд дор бүрнээ санаагаа гаргаад эхэлсэн байлаа. Зөвлөхүүдийн баг ч мөн хэдийн ажилдаа оржээ. Миний зүгээс даалгавар бол бизнес талаасаа болон питч танилцуулга талаасаа багуудад тулгарч буй асуултуудад зөвлөх, чиглүүлэх байсан.
Ингээд ажилдаа орлоо. Хамгийн балчир баг маань 10 жилийн долдугаар ангийн сурагчид байсан бөгөөд блокчэйн технологид суурилсан тоглоом хөгжүүлж байсан бол хамгийн туршлагатай, бүтэц томтой баг нь койн арилжаачдын мэдлэг, туршлагаа солилцох платформыг хөгжүүлж байсан. Дөнгөж л санаагаа олох дээр саналаа солилцож байсан тул миний бие шийдвэр гаргахад нь зах зээл байгаа эсэх, хэрэглэгчид хэрэгцээтэй эсэх зэрэг мэдээллүүдийг чадах чинээгээрээ багуудад өгч ажиллалаа. Яг миний үндсэн хэрэг сүүийн өдөр буюу Хакатоны 3дах өдөр л хэрэгтэй юм байна гэдгийг ширээнээс ширээ хооронд дамжин явахдаа ойлгосон.
Өдөр ирсэн даруйдаа Cryptopuujin-ийн Сайнбилэгтэй хамтран питч хэрхэн танилцуулах талаар туршлагаасаа хуваалцах боллоо. Ингээд өөрийн бэлдсэн байсан Blindcare аппликэйшныхээ питчийг тайзан дээр гарч 3 минутанд илтгэж танилцуулсан бөгөөд Сайнбилэг залган питч хэрхэн ямар бүтцээр танилцуулах ёстой гэдгийг тайлбарлаж өглөө.
Эхний өдөр санаагаа олж, баталгаажуулсан бол энэ өдөр бүгд гараасаа ажил гаргах ёстой. Даалгавар бүтээгдэхүүний MVP1 гаргах, үнэхээр амжихгүй бол ядаж Prototype гаргах, тэгээд питч бэлдэхэд хэрэгтэй зах зээлийн болон санхүүгийн судалгаануудаа цуглуулж нэгтгэх байсан.
Багууд маань дор бүрээ энэ өдөр тултал ажилласан бөгөөд шөнийн 23 цаг хүртэл сууцгаагаад тарсан байсан нь бахархал төрүүлсэн шүү.
Яг миний хэрэгтэй өдөр байлаа. Багууд питчээ бэлдсэн тул түүнийг нь сонсож, зөвлөгөө өгч хамт засаж сайжруулаад тайзан дээр гаргах бол миний даалгавал байлаа.
Гэтэл шүүгч хийх байсан Хасчулуу найз маань ажилтай болсон тул надад шүүгч хийх хариуцлагатай даалгавар оногдлоо. Ингээд багуудын питчтэй танилцах боломжгүй болсон бөгөөд үнэн зөв шүүлт гаргахын тулд питч эхэлтэл холхон шиг байх болж хувирлаа.
Шүүгчдээр баруун гар талаас Мстарс Хаб-ын гүйцэтгэх захирал Ч.Даваажамц, COREX биржийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал М.Золжаргал, Крипто пуужин үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д.Энх-улирал болон миний бие ажилласан.
Ингээд 4 баг шалгаруулан шагнаснаар Creative төсөл номинацид Nomon багт шалгарсан бөгөөд NFT технологи ашиглан номыг цор ганц дижитал хувилбар луу шилжүүлэх бөгөөд, зохиогчийн эрх зөрчигдөх, худалдан авсан номны үнэ цэн алдагдах, дахин зарагдах нөхцөл хангалтгүй байх зэрэг асуудлыг системийнхээ тусламжтайгаар шийдвэрлэсэн бөгөөд UI болон хөгжүүлэлт талаасаа хамгийн сайн гүйцэтгэл үзүүлсэн байсан.
Миний бие Innovation төсөлд шагнал гардуулсан бөгөөд Transparent баг Meme NFT бүтээгчдийн сошиал платформ хөгжүүлсэн нь тун шинэлэг санаачлага байсан юм.
Тэргүүн байртай эн тэнцэх шагнал буюу Complex төслөөр Hackum баг тодорсон бөгөөд судалгаа болон олон нийтийн санал асуулгыг блокчэйн технологийн тусламжтайгаар алдаагүй гүйцэтгэх, судалгаагаа дамжуулан борлуулах, хэрэглээг нь нэмэгдүүлэх боломжийг нээж өгсөн нь тун таалагдсан.
Ингээд тэргүүн байр буюу GRAND PRIZE шагналын эздээр 410 баг шалгарсан бөгөөд олон төрлийн tools сонголтоос хэрэглэгч өөрийн хүссэнээр сонгон дахин давтагдашгүй NFT бүтээх бөгөөд түүнийгээ Mint хийж зах зээлд гаргах боломжийг нээж өгсөн нь WOW гэмээр санаа байлаа.
Төгсгөлд нь хэлэхэд Хакатонд оролцсон бүх багууд маш сайн гүйцэтгэл хийсэн байсан нь 3хан өдрийн хугацаанд ямар их хүч хөдөлмөр гаргасныг баталж байсан.
Монгол залуусаас дэлхийн хэмжээний сэтгэлгээг блокчэйн технологийн тусламжтай бий болгож байгаа нь бидний ирээдүйд боломж их байгаа гэдгийг баталгаа байсан болов уу.
Corex болон CryptoPuujin хамтраад энэхүү Хакатоноо жил болгон уламжлал болгон зохион байгуулах бөгөөд дараа жил хотоос гарч 7 хоногоор вакум орчин үүсгэж байгаад жинхэнэ бут авна гэсэн шүү. Дараа жил шүүгчээр биш баг бүрдүүлээд орно оо болдог бол 🙂