2014 оны зун Интерномын кофе шопт,
8 настай үед амьдралд минь бий болсон үхэл гэх айдсаас үүдэлтэй траумаг минь хэсэг сэтгэл судлаач оюутнуудын яриа хөндсөн юм. Тиймээс очиж хамт хийх ажилд нь туслах боломж байгаа эсэхийг асууснаар өнөөдрийн хүртэл явсан илүү дээр нийгмийг бүтээх аялал маань эхэлсэн.
Бидний нийгэмд тулгараад байгаа нэгэн том сорилт бол сэтгэл зүйн асуудал юм. Өнгөрсөн 2021 онд гэхэд 2.5 триллион долларыг энэхүү асуудлын уршигаар салхинд хийсгэжээ.
2030 онд хүн төрөлхтөнд хэзээ ч байгаагүй хүнд сорилт нь сэтгэл зүйн асуудлууд болох эрсдэл бий болсон байна. Хэрэв бид одоо л ямар нэг дорвитой арга хэмжээг авахгүй бол эрдэнэт хүний амь, нийгмийн бутрал, бүтээмжийн доод түвшинд хүрэх алдагдал зэрэг хэмжээлшгүй үнэ цэнийг төлөх болно.
Миний бие 9 жилийн турш сэтгэл судлалын салбарт ажиллаж буй технологийн мэргэжилтэн бөгөөд “Програм болон Сэтгэл судлал” нэгдсэнээр хязгаарлагдмал нөөцийг бүгдэд хүртээмжтэй болгон, нэгдсэн дата санг бүрдүүлэн, шийдвэрлэх байгууллагуудад нь суурь датаг бүрдүүлж өгөх боломжтой гэдгийг олж харсан юм.
Мөн Монгол улсад сэтгэл зүй болон нийгмийн төслүүд нь ихэвчлэн ТББ дээр явагдаж, богино хугацаанд оршин тогтнох шийдэлтэй бөгөөд олон улсаас санхүүжиж, тухайн санхүүжилт нь дуусахтай зэрэгцэн хаагддаг нь урт хугацааны нэгдсэн шийдэл болж чадахгүй байгааг ойлгосон.
Тиймээс 2017 оноос хойш технологийн старт-ап компаниудад гүйцэтгэх удирдлагаар ажиллаж, туршлага хуримтлуулсан юм.
Ингээд 2021 онд Blindcare аппликэйшнээ бүтээхээр санаа зорилго нийлсэн хамтрагч нарынхаа хамтаар Хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулан өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа амжилттай авч явж байна.
Ойрын ирээдүйдээ Blindcare аппликэйшн нь Монгол орны алслагдмал бүс нутгууд болон амьдралын түвшин багатай хүн амд сэтгэл зүйн үйлчилгээг хамгийн хямд шийдлээр хүргэх, мөн нэгнээ ямар нэг хаалтгүйгээр хүлээн зөвшөөрч сонсох цахим сүлжээг бий болгох зорилгоо биелүүлэх бол Холын ирээдүйдээ Монгол хүн гэж хэн бэ? гэсэн асуултанд хариулах институтыг дэргэдээ хөгжүүлэх бөгөөд бизнесийн зарчмаар ашигт ажиллагаагаараа тасралтгүй урагшилах тогтолцоог бий болгох юм.
Сэтгэл судлал & технологи нэгдсэнээр бидний өнөөдөр төсөөлж чадах хэмжээ, боломж нөөцөөс хэт давсан боломж болон шийдлүүд бий болох бөгөөд өнөөдөр бид энэ боломжийн дөнгөж л эхлэлийн цэг дээр зогсож байна.
Бидэнд цаашид олон тооны чадварлаг мэргэжилтнээс гадна, алсыг харж сэтгэдэг сэтгэлгээний манлайлагчид нэн хэрэгцээтэй.
Ингэснээр та бидний амьдрах нийгэм хүнлэг, нэгнээ ойлгож, бусдыг сонсож хүлээн зөвшөөрсөн, хүн хоорондын хамтрал оршсон илүү сайхан болох ёстой. Үүний төлөө бид чадах бүхнээ шударга өрсөлдөөн, хамтын ажиллагааны зарчмаа баримтлан, итгэлтэйгээр хийж бүтээсээр байх болно.