Энэ долоо хоногт 30 сая төгрөг олж ир, үгүй бол компаниасаа гар | Надад тохиолдсон ФаакАп

Батжа
Батжа
2023-11-26
Компани байгуулна гэдэг тоглоом биш. Бас өөрийн үнэтэй санаагаа хуваалцаж, бизнес болгохоор шийдэж түүнийхээ хувь хувьсгалыг өгнө гэдэг тэр дундаа асар их итгэл.

2019 оны намар. Хуучин хамтран ажиллаж байсан сэтгэл зүйч бүсгүй ажлаасаа гарсан гээд уулзсан юм. Тэр үед анхны стартАп-аа үүсгэн байгуулаад учраа олчих санаатай явж байсан ч гэсэн удаан хугацаанд сэтгэл зүй & технологи гэсэн шийдлээ нэвтрүүлэх хүсэл хэвээр байсан тул хамтраад дахин шинэ стартАп байгуулъя гээд шууд л ажилдаа орсон юм.

Шууд шийд гаргахад нөлөөлсөн хэд хэдэн шалтгаан байсан юм. Нэгт, дээрх шийдлийг хамтдаа хийнэ гэж байсан хамтрагч маань хөдөө ажиллах болоод явчихсан. Хоёрт, өмнө нь бид хамтраад муу сайнаа үзчихсэн байсан тул ойлголцоход илүү амар гэж бодсон. Гуравт, алдсан ч бай оносон ч бай эхлэх зөв цаг нь байсан, үгүй бол хэн нэгэн энэ санааг хэрэгжүүлэх цаг илүү ойртоод байсан.

За тэгээд юу ч бодолгүй улсын бүртгэлд хоёр үүсгэн байгуулагчтайгаар компаниа бүртгүүлээд анхны хөрөнгө оруулалтыг өөрөөсөө гаргаад, инкубатор төвд сул байсан оффист байршаад ажлаа эхэлсэн.

Хамгийн түрүүнд багаа бүрдүүлэхээр хуучин ажиллаж байсан залуусаасаа дуудаж уулзсан бөгөөд технологи талаасаа 10 жилийн ангийн залуугаа уруу татсаар оруулж ирлээ. Ингээд 3 хүнийг үүсгэн байгуулагчдын багтаа нэмж, 5-уулаа боллоо. Технологи, бизнес, онол тал бүгд бүрдсэн тул амжилттай болох магадлал тун өндөр байсан.

Энэ үед би хамтрагч нартаа бүрэн итгэсэнд байсан. Өөрөө хариуцсан ажилтай байсан тул Гүйцэтгэх захирлын албан тушаалыг хүртэл хамтрагчдаа өгсөн. Мөн багийн гишүүддээ алсын хараа өгч “Бие хүний сэтгэл зүйг хэмжиж болно. Түүнийг хэмжсэнээрээ олон шийдлүүд, гарцууд бий болно.” гэдгийг уйгагүй тайлбарлаж өгсөн.

СтартАп-т амархан бүтдэг зүйл гэж бараг л байхгүй. Тэр дундаа хөрөнгө оруулалт татах бол бүр ч хэцүү.

Миний үүрэг даалгавар бол компанидаа стратегийн чухал хамтралыг бий болгох, анхны хөрөнгө оруулалт татаж санхүүжилтээ шийдвэрлэх байлаа.

Дэлхийн зөнд “Хүүхэд бүрт” аппликэйшныг нь утгаар нь зөв хийгээд өгье гэсэн саналаас эхлээд хөрөнгө оруулах боломжтой гэж бодсон 20 гаруй хүнтэй уулзсан ч үр дүнд хүрэлгүй 1 сар хагасын хугацаа өнгөрсний эцэст хамтрагч маань намайг уулзъя гэж дуудаад ийм нэг яриа болсон юм.

Х: Манайд ББСБ эзэн залуу хөрөнгө оруулъя гэсэн. Гэхдээ чамайг эзэмшиж буй хувиа шилжүүлсэн тохиолдолд болно гэлээ. Чиний хөрөнгө оруулагч олох ажлыг зөндөө харлаа. Бүтэлтэй болно гэж бодохгүй байна. Мөн чамтай хамтран ажиллах нь асуудалтай байгаа бөгөөд надтай бусад хувь эзэмшиж байгаа залуус маань санал нэг байгаа.

Б: Би үүсгэн байгуулсан компаниасаа ийм амархан гарна гэж бодохгүй байна. Энэ чинь миний эхлүүлсэн компани. Чи ярьж байгаа зүйлээ ойлгож байна уу? Хөрөнгө оруулалт татна гэдэг амархан зүйл биш ээ.

Х: Тийм бол энэ долоо хоногтоо 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт олж ир, эсвэл өөрөө нэмж хөрөнгө оруул.

Энэ ярианы дараа үнэндээ юу ч хэлэхийг хүссэнгүй. Араас нь болсон үйл явдлуудыг ярих ч хэрэг алга. Бие хүн рүү минь дайралт хийж, сайн муу хүн гэдгээр дүгнэж, байж боломгүй зүйлст буруутгасан уулзалт хувьцаа эзэмшигчдийн дунд болоод би гэдэг хүн ангийнхаа залуугийн хамтаар зүгээр зайлаад өгөхөөр шийдсэн дээ.

За нэг ийм ФаакАп амьдралд маань тохиолдсон юм.

Сурах зүйл ихтэй шүү.

  1. Чамд гайхалтай санаа байгаа бол хэрэгжүүлэхээсээ өмнө хэнд ярих, хэнд ярихгүй байхаа сайтар бодож бай.
  2. Компанид хамгийн үнэтэй капитал бол хувь, хувьцаа байдаг. Үүнийг үнэхээр л чамтай хамтрах хүмүүстэй хуваалцаж бай.
  3. Замын дунд чамайг жийх хүнтэй хэзээ ч битгий хамтар.
  4. Хувь эзэмшлээрээ үргэлж тэнцвэртэй нэмэлт хөрөнгө оруулалтууд хийж бай. Хэн хэдэн хувьцаа эзэмшиж байна. Тэр тоогоороо хариуцлага, үр ашгаа хүртэх нь шударга юм.
  5. Итгэл алдсан хүнтэй дахин хэзээ ч битгий хамтар. Тэд нэг араас тань хутгалсан бол дахин чадна.
  6. Хэнд ч хэзээ ч битгий том амла. Бас хариуцлагыг дангаараа бүү үүр.
Намайг дагаарай:

Бүртгүүлээд бүх нийтлэлийг уншаарай.

Таны бизнест хэрэг болох үнэтэй нийтлэлүүдийг өөрийн туршлагаасаа нээлттэй хуваалцсан тул танд тус болно гэдэгт итгэлтэй байна. Манай коммунитид нэгдсэнээр үнэ цэнтэй нийтлэлүүдийг маань үнэгүй уншаарай.

Коммунитид нэгдэх
Коммунитид нэгдэх
Коммунитид нэгдэх