Нийтлэл бичилгүй удчихжээ. Шалтгаан дурдвал олон байгаа ч, одооноос эргээд идэвхтэй бичих тул хүлээцтэй хандсанд баярлалаа.
Миний бие Дэлко ухаалаг хүргэлтийн үйлчилгээний бизнесээсээ 2021 оны 09 сард гарсан гэдгээ дахин дурдах нь зөв байх.
Яг жилийн өмнө Монгол ТВ вэбсайтаар ороод Шарк танк нэвтрүүлгийн анкетийг зөв буруу гэж бодолгүй бүтэн 2 цаг зарцуулан, бүх мэдээллээ илэн далангуй тайлагнан байж бөглөж орхив.
Ер нь Шарк танк нэвтрүүлэгт орох хэд хэдэн давуу талтай гэж үзсэн юм.
За тэгэхээр нэвтрүүлгийн хамгийн анхны шалгуур бол нэвтрүүлэх бүртгүүлэх анкет юм.
Анкетын асуултууд нь бизнесийн тань алсын хараа, зорилго, үнэт зүйл, 5 жилийн санхүүгийн төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөө, үүсгэн байгуулагчдын танилцуулга, хөрөнгийн хэмжээ, санхүү жилийн тайлан гээд нилээд их мэдээллийг шаарддаг.
Нэгэнт л шийд гаргаад нэвтрүүлэгт орох гэж байгаа бол бүх мэдээллийг үнэн зөв бөглөөд орох нь анхнаасаа зөв шийдвэр гэж хэлмээр нь байна. Учир нь 2 ч шатны анкетын болон ярилцлагын шалгаруулалтанд оролцож нэвтрүүлэгт орох эрх авдаг. Мөн шаркуудаас хөрөнгө оруулалт авахад худал анкет нь саад болж болох юм.
Нэг чухал хэсэг байгаа нь анкет дээр хөрөнгө оруулалтын хэмжээ болон санал болгож буй компанийн хувиа энэхүү анкет дээр нэг оруулсан бол нэвтрүүлэгт энэ үнийн дүнгээрээ л орох болдог гэдгийг анхаарах хэрэгтэй.
Нэвтрүүлэгт оролцоход анкетын шүүлтээс тэнцсэн компаниудыг урьдчилсан ярилцлагад дууддаг. Энэхүү ярилцлагат та нэвтрүүлэгт орж байгаа юм шиг өөрийн бизнесийн питчийг хийх бөгөөд мөн дэлгэрүүлсэн олон асуултанд дэлгэрэнгүй хариулт өгөх хэрэгтэй болно.
Энэхүү асуулт хариултаас таны бизнесийг нэвтрүүлэгт оролцох эсэхийг эцэслэн шийдвэрлэдэг юм байна лээ. Тиймээс яг л нэвтрүүлэгт оролцож буй мэт ач холбогдол өгөөрэй.
За таны бизнес нэвтрүүлэгт оролцохоор шалгарвал нилээд их хүндхэн заалт бүхий гэрээ байгуулна. Энэхүү гэрээг зөвшөөрөх эсэхээс таны нэвтрүүлэгт оролцох эсэх тодорхой болох юм. Энэ хэсэгт сэтгэл хөдлөлөө хойш тавьж байгаад гэрээний заалт нэг бүрийг нарийвчлан уншиж шийдвэр гаргаарай гэж зөвлөмөөр байна.
Зураг авалтанд оролцоход таны үзүүлэн ямар байх, түүнийг хэрхэн зөөвөрлөх, байршуулах гээд бэлтгэл ажлын мэдээллүүдийг нэвтрүүлгийн гол хүмүүстэй яв цав тохиролцож авах хэрэгтэй болдог. Мөн өөрийн 3 минутын бизнес питчээ маш сайн бэлтгэх хэрэгтэй.
Хэрхэн питч бэлтгэх талаар https://batja.me/611/ линкээр орж өмнөх нийтлэлээс уншаарай.
За та ер нь бол нэгээс олон удаагийн зураг авалтанд орно. Тиймээс бүх л талаар бэлтгэлтэй байхыг хүсье. Нэвтрүүлгийн чадварлаг хамт олон таны юу хийх, хаашаа явах, юу ярих гээд ихэнх хэсэгт тань тус болох тул алзахгүй гэдэгт итгэлтэй байна.
Шаркуудын өмнө зогсоод питчээ танилцуулахад бараг л юу ч харагдахгүй бөгөөд нэвтрүүлэгт гардаг 15-20 минутын хугацаа бол таны нэвтрүүлгийн турш питч болон асуулт хариултын хэсэгт ярилцсан зүйлсийн товчлол юм.
Миний хувьд л гэхэд бараг 2 цагийг зураг авалтын хэсэгт шаркуудын асуултанд хариулж өнгөрөөсөн.
Бизнесийн асар их туршлагатай шаркууд таны бизнесийн бүх л нарийн ширийн асуудлыг сөхөж асуух бөгөөд санхүү болон үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөгөө маш сайн мэддэг байх нь танд давуу талыг олгож, шаркуудын итгэлийг хүлээх болно.
Миний бие Шаркуудаас хөрөнгө оруулалт авахыг илүүд үзсэн бөгөөд бизнесийнхээ бүх л мэдээллийг үнэн зөвөөр тусгаж, асуулт нэг бүрт үнэн бодитоор хариулж, компанийн үнэлгээг ч хөөсрүүлэхгүй байхыг хүссэн юм.
Миний танилцуулсан бизнесийн биет болон биет бус хөрөнгө нийтдээ 500 сая орчим байсан бөгөөд энэхүү бодит үнэлгээг 2 нугалах үнэлгээг илүү бодитой бөгөөд оролцогч тал нэг бүрт сэтгэл ханамжтай байх ашигтай гэж үзсэн тул үнэлгээг хүлээн зөвшөөрсөн.
Ер нь үнэлгээгээ тогтоохдоо ихээхэн бодож, санхүүгийн чиглэлийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч оролцох нь илүү үр дүнд хүрэх нь тодорхойлдоо.
Мөн хэн гэдэг шаркаас илүүтэй хөрөнгө оруулалт авах хүсэлтэй байгаагаа, мөн тэрхүү шаркууд тань яг ямар хандлагатай, ямар асуултууд асуудаг, ямар хүнд дуртай зэргийг судлаж байгаад оролцоорой.
Гол нь улс орон даяараа таныг болон таны бизнесийн танилцуулгыг үзэх тул маш сайн маркетинг болох тул сайн бэлдээрэй.
Нэгэнт оролцох болсон бол сандралаа мартаад өөрийн хийж буй ажилдаа бүрэн итгэлтэй байгаарай. Сандарсан, чичирсэн хоолой, тухгүй байгаа, өөртөө итгэлгүй байдал тань үзэж буй хүн бүрт тухгүй байдал үүсгэдэг бөгөөд магадгүй хичээл зүтгэлийг үр дүнгүй болгож ч болох юм.
Танд амжилт хүсье.
За тэгээд эцсийн дүндээ энэ чинь шоу шүү дээ. Тийм болохоор хамгийн сайн шоугаа үзүүлээд л гараарай гэж зөвлөе. Батжа нь зөвлөв 🙂