Purpose, vision, mission, strategy-г энгийнээр тайлбарлавал

Батжа
Батжа
2023-11-26

2015 оны өвөл хотыг тойрсон 4 уулын оргилд гарах аялал зохион байгуулж байсан юм.

Манай багт Цэцээ гүн оргилоос өөрөөр хотыг тойрсон 4 уулын оргилд гарч байсан туршлагатай хүн огт байгаагүй. Гэтэл маш олон залуус аялалд бүртгүүлж, 2 ч том жуулчны автобус дүүрэн 4 удаагийн аялал хийж билээ. Ингээд өмнө нь огт гарч байгаагүй 3 оргил руу багаа удирдан толгой хийж авирах үүрэг даалгавар надад оногдсон юм. Миний мэдэж байсан зүйл бол хүрэх ёстой алсаас сүндэрлэн харагдах оргил л байлаа.

Юун түрүүнд тухайн оргил руу аль замаар, ямар даваа гүвээг даван хүрэх вэ? гэдгээ төлөвлөх байсан. Азаар гэх юм уу бүх оргилд багаа амжилттай хүргэсэн шүү.

Хэлэхэд амархан ч уулын оргилд гарахад анхаарах олон зүйлс бий. Оргил яг хаана байрладаг, түүнд аль замаар хүрэх, тухайн замаар авирахад ямар техник хэрэгсэл болон ур чадвар шаардах, авиралтын багын гишүүдийн нөөц бололцоо хүрэлцэх эсэх, эргэлтийн цагаа тогтох гэх мэт…

Өнөөдрийн нийтлэлээрээ уулын авиралтын бэлтгэлтэй адилтгаж байгууллага болгоны вэб хуудсанд билэг тэмдэг шиг байрласан байдаг алсын хараа, зорилго, зорилт, үнэт зүйлс гэж чухам юу билээ? бас тэдгээр нь хоорондоо яг ямар ялгаатай талаар мэдлэх зүйлээ хуваалцахаар шийдлээ.

Зургийг: https://www.thinkbrighthouse.com/2019/05/purpose-and-digital-an-api-for-the-organizations-why/

За тэгэхээр гол хэсэг рүүгээ орцгооё.

1. Purpose – алтан гадас од

Уулын авиралт сонирхож эхлээд анхны гарсан оргил бүр бидний сэтгэлд тодоос тод ул мөрөө үлдээж хэзээ ч мартагддаггүй. Гэхдээ оргил дээр гарсны дараа дараагийн гарах оргил биднийг хүлээж байдаг.

Та ямар ч ажлыг эхлүүлсэн бай тухайн эхлэлд хүршгүй холын мөрөөдөл оршин байдаг. Энэ мөрөөдөл нь нүдээ аних төдийд сэтгэлийг тань догдлуулж, хэн ч хэлээгүй байхад өглөө эртлэн босох эрч хүчийг бэлэглэж, юу юунаас илүү урам зориг тань болдог.

Гэвч таны тэр мөрөөдлийг тань мэдэх хүн таниас өөр байхгүй байж болох юм. Тиймээс та өөрийн мөрөөдлөө, цаасан дээр буулгаж бусдад түгээх хэрэгтэй болно. Тэгж байж гэмээнэ таны мөрөөдөлд бусад хүмүүс татагдаж, хамтдаа тэр мөрөөдлийн төлөө нэгдэх болно шүү дээ.

Та ямар ч өндөр оргил дээр гарсан Алтан гадас хүршгүй өндөрт оршсоор, таниас улам ихийг шаардсаар байдаг. Яг үүн шиг Purpose бол таны болон танай багийн Хүршгүй холын мөрөөдөл-ийг ганцхан өгүүлбэрт багтаагаад цаасан дээр буулгасан хэлбэр юм.

2. Vision – Алсын хараа

Бид бүгдээрээ л уулын алхалт хийсэн байдаг. Хамгийн ойрхон, хамгийн олон удаа алхаж хүрсэн цэг бол Богд-хан уулын дугуй цагаан гэдэг ойр цоорхой байдаг тээ? Харин Богд-хан уулын хамгийн өндөр цэг нь хэдэн метрт оршдог бас ямар нэртэй байдгыг мэдэх үү?

Цэцээ гүн – 2268 метр /дтд/

Хэрэв таны авиралт хийж буй уул Богд-хан уул гэвэл Vision нь Цэцээ гүн юм. Цэцээ гүн оргил дээр нэгэнт гарсан бол цаашлаад дараагийн авиралтаараа Асралт хайрхан луу гарч болно шүү дээ.

Яг үүн шиг Vision бол Хүрч болох хамгийн дээд цэг-ийг хэлнэ. Энэ нь Purpose-г бодвол илүү бодитой бөгөөд биелэгдэхүйц байх хэрэгтэй.

3. Strategy – Стратеги

Шинэ оны анхны нар харах аялалд хамрагдаж анх Цэцээ гүн оргилд гарч байсан юм. Тэр үед ууланд төдийлөн алхалт, авиралт хийдэггүй байсан болохоор удирдаж явсан багийн зааврыг дагаад хэрэндээ л бэлтгэлээ базаагаад явж билээ. Тэгэхэд бидэнд хамгийн их хэрэг болсон зүйлс бол хялбар маршрут, духны гэрэл, гуталдаа угалдаг хальтрахаас хамгаалсан хадаас, зохион байгуулалт сайтай нэгдсэн цуваа байсан. Мөн замаа сайтар мэдэх туршлагатай алхагч нар явах жимээ сонгож, зохион байгуулалтаа хийсэн явдал байлаа.

За тэгэхээр та өөрийн эхлүүлсэн ажлын Purpose тодорхойлоод Vision-ээ гаргачихлаа. Одоо түүндээ хүрэх стратеги буюу тохирох зам, түүгээр явахад шаардагдах техник хэрэгсэл, багт шаардлагатай ур чадвар гээд гаргах хэрэгтэй болно. Үүнийг Strategy гээд байгаа юм.

Стратеги гаргах олон арга ухаан байдаг. Түүнээс та өөрт тохирохыг сонгож авах хэрэгтэй. Хамгийн гол зүйл нь таны Vision-д хүрэхэд эдгээр стратеги тань танд хүрэлцэхүйц бөгөөд тустай байх ёстой.

4. Mission – Зорилго

2016 онд байсан санаж байна. Анх Хэнтийн нурууны оргил Асралт хайрханд ид өвлийн хүйтэнд авиралт хийсэн юм. Асралт хайрханд хүрэхэд 2 том өгсүүрийг давах хэрэгтэй болдог.

Mission бол таны Vision-д хүрэхэд давах ёстой өгсүүр, толгод, уулс бүрийг хэлж байгаа юм. Тэгэхээр та хэд хэдэн Mission давж Vision-дээ хүрэх нь ээ. Таны хувьд тэдгээрийг тодорхойлж, тухай бүрт нь багаа удирдан чиглүүлж, mission-ээ сольж явах хэрэгтэй болно.

Тэгэхээр таны бизнесийг дараагийн шатанд гаргахад шаардлагатай зорилго-оо тодорхойлохыг Mission гээд байгаа юм.

Ингээд хамтдаа дээрх ойлголтуудын ялгааг мэдэж авлаа.

Бидний амьдралд хүрэх ёстой олон оргил байдаг. Тиймээс зорьсон газрынхаа оргилд нь хүрч яваарай. Батжа нь чин сэтгэлээсээ амжилт хүсье 🙂
Намайг дагаарай:

Бүртгүүлээд бүх нийтлэлийг уншаарай.

Таны бизнест хэрэг болох үнэтэй нийтлэлүүдийг өөрийн туршлагаасаа нээлттэй хуваалцсан тул танд тус болно гэдэгт итгэлтэй байна. Манай коммунитид нэгдсэнээр үнэ цэнтэй нийтлэлүүдийг маань үнэгүй уншаарай.

Коммунитид нэгдэх
Коммунитид нэгдэх
Коммунитид нэгдэх