Уйлах эрх олгосон газар

Батжа
Батжа
2023-11-26

2002 оны өвөл. Тас хийх хүйтэн жавар сэнгэнэж, нар хэдийнээ буугаад харанхуй нөмөрч эхэллээ. 6 дугаар ангийн сурагч хэдий ч жижиг биетэй тул бага ангийн хүүхэд шиг л харагддаг байсансан. /анги оноо яг бүр санадаггүй ээ/ Дотроо маш их яарч байлаа. Компьютер тоглоомын газар ангийн хэсэг найзуудтайгаа хонож тоглохоор яарч яваа нь энэ л дээ.

Нийтийн тээвэр өнөөгийнх шиг биш байсан. Тэгэхдээ хэн ч гомдол нэхдэггүй байлаа. Өглөө бүр сургуульдаа хүрэхийн тулд пааз автобусны хаагдаагүй хаалганаас зүүгдээд л явдаг байж. Манайх 3 дугаар хороололд эмээгийнд амьдардаг, харин сургууль маань 19 хороололд байдаг. Тэр зүгт ганцхан чиглэлийн автобус мөн нэг трайлебус явна.

Автобусны буудал хоосон шахуу, ганц нэг ирэх микронаас өөр зүйлгүй. Нүдний үзүүрт хэсэг бүлэг хүүхэд харагдлаа /Бидний хэлдэгээр траншейны хүүхдүүд/. Анзаараагүй мэт царайлаад нүдний булангаар ажиглахад яг намайг тойроод ороод ирж, нэг нь хойноос сэмээрхэн гэтэж байна. Зүрх амаар гарах шахлаа. Азаар нэг микро буудал дээр зогслоо. Би үг хэлэх зөрөөгүй суугаад амжлаа. Карманд ПС-д хонохоор ээжээсээ шалсаар авсан 1000 төгрөг байсан тул хөөгдөлгүй мөнгөө төлчихнө. Тоглоом ч дүүрч, эсэн мэнд гарсандаа л талархаж байлаа…

Миний өсвөр насны өдрүүдэд нийгмийн байдал үнэхээр хүнд байсан гэдгийг одоо эргээд харахад тодоос тод олж хардаг.

Гудамж хороолол бүрт атаманууд, архаг архичид байдаг байлаа. Хаана ч явсан дээрэлхэлт, дээрэмдүүлэлт бол энгийн зүйл. Харж халамжлах ёстой өсвөр насандаа орж ирж буй олон зуун хүүхдүүд гэрээсээ дайжиж, траншейнд амьдардаг байлаа. Тэднийг хэн ч үл тооно. Учир нь нийгэм бүхэлдээ ядуу, өлсгөлөн, мэдлэг мэдээлэлгүй.

Дош дошоороо бүлэглэн зодоод байнга шахуу хийнэ. Хутга шөвөг, чулуу тоосго бол зодоонд байнга ашиглагдана. Сургууль бүрт дээрэлхэлт ихтэй. Азаар бүгд надаас хичээлээ хуулдаг тул энэ дарамтыг мэдрээгүй.

Хүүхдийн хүчирхийлэл ил далд ихээр үйлдэгдэнэ. Хүүхдүүд л хоорондоо мэдэх хэргүүд нилээд гарна. Манай байрны найзалдаг эрэгтэй эмэгтэй найзыг эсрэг байрны насанд хүрсэн атаман, архичин залуус эрэгтэйг нь зодож дээрэлхэж, охинг байрныхаа 3 давхарын хогны цэгийн ард хүчирхийлсэн гэдгийг бүгд мэддэг ч хэн ч хэн нэгэнд хэлэхгүй. Охин ч тэр хүү ч тэр. Гэрийнхэн нь ч ойлгохгүй. Ээж нь өдөржин ажиллана. Аав нь архичин. Эхнэр охиноо байнга шахуу зодно. Цагдаа хүчний байгууллага гэж байдаг байсан эсэхийг ч одоо эргээд бодоход үнэхээр мэдэхгүй юм. Хэнд ч хандах аргагүй маш их асуудал дундуур бид туулаад гарч ирсэн байдаг.

Тэр үед мөрөөдөл гэдэг зүйл бүх нийтээрээ шахуу эд материаллаг зүйлс байдаг байсан. Учир нь бүгд маш их зүйлсээр дутуу өссөн. Хоолоор, халуун дулаан гэр орноор, мэдээллээр, хамгийн гол нь мөрөөдлөөр…

Мөрөөдөлдөө ч хүн үзсэн харснаараа л хязгаарлагддаг хойно. Өөрсдийн гэсэн байртай, тэндээ ямар ч архины хэрүүл дарамтгүй амьдрахыг л мөрөөддөг байсан. Харамсалтай ч энэ үнэн.

Тэр үед найзуудаараа нийлээд олон зүйлсийг хийнэ. Зодоон, архи ах нараас олж уух гээд л…

Яг л энэ үед амьдралд минь өөрчлөлт болсон хэдэн зүйлс гарч ирсэн юм.

Эхнийх нь ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ

Ээж намайг гарын уртай гээд Хүүхдийн урлан бүтээх төвд сийлбэрийн ангид оруулж өгсөн юм. Жилийн 10000 төгрөгийн төлбөртэй. Энэ мөнгө тухайн үедээ надад их сургуулийн төлбөрийг маань төлчихсөн юм шиг л их санагдаж байлаа. Тиймээс тууштай явах ёстой, ээжийнхээ өгсөн мөнгийг үнэгүйдүүлж болохгүй гэж бодож байснаа санаж байна.

Өглөө хичээлээ тараад л урлан бүтээх төв рүүгээ гүйгээд ирнэ. Сургууль Урлан хоорондоо их хол ч гэсэн аз жаргалтайгаар туулдаг зам байлаа. Учир нь найзууд бас халуун аарц хүлээж байдаг болохоор. Өглөөнөөс хойш өлссөн хүн ирээд аяга халуун аарц уухад орой болтол под хийгээд л явчихдаг байж билээ.

Сийлбэрийн анги их хэцүү, 9 сард элсэлт авахад олон арван хүүхэд элсэж орно. Долоо хоноод тал нь ирэхээ больж шантарна. Гараа хурц хутгаар их авна. Зарим нь бүр хөмсөгөө ч хутгаар аваад хаячихна. Багш хөвөн шатаагаад л дарж өгөөд л… Энэ мэтчилэн явсаар сарын дараа гэхэд тухайн жилээс үсрээд л 1 юм уу 2 хүүхэд тунаж үлдэнэ. Азаар би тунаж үлдэж чадсан. Тиймдээ ч энэ төвд мартагдахааргүй олон гоё бүтээлд оролцож, олон жилийг өнгөрөөж, бас хүнийхээ хувьд төлөвшсөн.

Удаах нь МОНГОЛ ГЭР ХУЖИРТ ХХК

Сийлбэрийн дугуйланд хар зураг зураад сурчихдаг байсан. Бас хөдөлмөрийн олимпиадад байнга оролцоно. Бага байхдаа л зурагт дуртай байсан гээд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлөөд насанд хүрээгүй ч гэсэн дөнгөж 7 дугаар ангиа төгсөөд байсан хүүхдийг Монгол гэр хээлэх ажилд авсан хэрэг л дээ.

Хээ зурах анх харахад амар санагдах ч яг хийгээд үзэхээр их хэцүү. Техник ч их шаардана. Ямартай ч энд ажил хийж, хөдөлмөрлөсөн хэмжээгээрээ цалин авч сурсан. Олон ах эгч нартай нийлж хамтдаа үр дүн гаргаж, ажлын ард хонон өнжин сууж гарч сурсан.

Сүүлийнх нь гэхдээ хамгийн чухал нь ҮҮРДИЙН ГЭГЭЭ ХРИСТИЙН СҮМ

Эр хүн уйлж болохгүй. Энэ үгийг бүгд мэднэ. Нийгмийн хамгийн том хэвшмэл ойлголт. Харин энэ газар надад уйлах эрх өгсөн юм.

Христийн сүмүүд тухайн үед Монголд олноороо байгуулагдаж байлаа. Бараг Христийн сүмд очоогүй хүн ховор байх. Тэр тусмаа хүүхдүүд. Зарим үед харийн шашин гэж буруутгагдаж, шүүмжлүүлдэг ч миний хувьд амьдралд минь өөрчлөлтийг авч ирсэн чухал газар байсан юм. Улс төр нь хүчгүй, нийгэм нь ядуу, иргэдээ хөсөр хаясан үед тэд л муу хэлүүлэн байж, олон мянган сайн хүмүүсийг бий болгосон.

Энд нөхөрлөхийн утга учрийг ойлгож, огт танихгүй залуус ах дүүс болж, нийгмээ дэлхийгээ илүү сайн сайхнаар олж харж, гол нь сэтгэлд хуралдсан болгоноо нулимсаараа, дуугаараа гаргаж хаяцгаасан юм.

Өнөөдөр ч Монголд олон асуудлууд байна. Өөрчлөгдсөн гэж бодож байгаа зүйлс огт өөрчлөгдөөгүй зүгээр л би өсөж том болоод тэр бүгдийг олж харахаа больсон байж ч магадгүй юм.

Амьдралыг минь өөрчилсөн эдгээр зүйлс байгаагүй бол өнөөдөр би хаана байх байснаа мэдэхгүй юм.

Учир нь хүүхэд нас маань эцэг хүний нөмөр мэдрээгүй, архичин ах нарын асар их дарамт, айдас, үеийн хүүхдүүдийн хаягдсан нийгэм гээд намайг үгүй хийж болох асар их хүчин зүйлс байсан гэдгийг л мэдэж байна. Азаар ээж, эгчээс минь эхлээд сайн хүмүүс дутууг минь дүүргэж, хүн чанартай, хийж бүтээдэг, нэр төр, үнэ цэнээ эрхэмлэдэг болгож төлөвшүүлсэн.

Өнөөдөр ч нийгэмд маань асар их асуудлууд байсаар байгаа ч, ханахаа мэдэхгүй дутуугаар дүүрэн, нэр төр үнэ цэн, айх айдас, итгэл үнэмшилгүй хүмүүс засаг барьснаар улам бүр уруудуулах эрсдэл бий болж байна. Өмнө нь ил байсан зүйлс өнөөдөр далд болж, хогоо шүүрдээд буйдан доороо овоолсон айл шиг улс болж. Хамтдаа оролцоотой байж, илүү сайн сайхан нийгмийг бүтээлцэж өр одоо та бидний өмнө ирсэн байна.
Батжа нь ингэж бодов
Намайг дагаарай:

Бүртгүүлээд бүх нийтлэлийг уншаарай.

Таны бизнест хэрэг болох үнэтэй нийтлэлүүдийг өөрийн туршлагаасаа нээлттэй хуваалцсан тул танд тус болно гэдэгт итгэлтэй байна. Манай коммунитид нэгдсэнээр үнэ цэнтэй нийтлэлүүдийг маань үнэгүй уншаарай.

Коммунитид нэгдэх
Коммунитид нэгдэх
Коммунитид нэгдэх