2010 оны зун их сургуулиа программ хангамжийн инженер мэргэжлээр төгсөөд их л бадрангуй ажлын байрны эрэлд гарснаа санаж байна. Тэгсэн дараах үнэнтэй нүүр тулсан юм.
Ихэнх аж ахуй нэгжүүд программ хангамжийн инженер, сүлжээний инженер, компьютерын инженер гээд төрөлжсөн мэргэжлүүдийг бүгдийг базаад Ай Ти инженер гэх ойлголт руу чихчихсэн байсан. Өөрөөр хэлбэл код бичих, дизайн бэлтгэх, сүлжээний тохиргоо хийх, компьютерийн засвар тохиргоо хийх гээд бүгд нэг мэргэжил гэх ойлголттой байсан гэх үү дээ.
Энэ үед Программ хангамжаар мэргэшиж төгссөн бидэнд 2-хон сонголт байсан нь томоохон компанид Ай Ти инженерээр орж, компьютер засаж, сүлжээ холбож, ажилтнуудын ажиллах технологийн нөхцөлийг хангаж ажиллах, үгүй бол 5-10 хүнтэй IT park гэх мэт хуучны барилга эсвэл орон сууцуудын 1 давхараар байрлах ЖДҮ-д ажиллах сонголт л байлаа.
Гэтэл өнөөдөр 13 жилийн дараа эргээд харахад Мэдээлэл технологийн салбар асар хурдацтай өөрчлөгдөж, энэ салбарын бүх түвшний мэргэжилтнүүдийн үнэлгээ уул уурхайн салбараас ч илүүтэй болж. Шалтгаан нь зах зээлийн эрэлт, мэргэжилтнүүдийн хомсдолтой шууд холбоотой юм.
Яагаад дээрх түүхийг дурдсан бэ? гэхээр яг энэ хувьслын түүх ирэх 5 жилд Сэтгэл судлалын салбарт бий болох нь ээ.
/Мэдээж өөр олон салбарт технологийн нөлөөллөөр эрэлт бий болж, реформууд хийгдэж байгаа байх. Гэхдээ миний мэдэх, ажиллаж буй салбар биш тул зөвхөн сэтгэл судлалын салбарын талаар бичлээ./
Тэгвэл яг ямар хувьсал нь хэрхэн бий болж байгааг шинээр төрж буй технологийн компаниудын шийдлүүд дээр тулгуурлан тайлбарлая.
Хэдхэн жилийн өмнө сэтгэл судлаач мэргэжлээр дипломын зэрэг аваад төгссөн төгсөгчдөд мэргэжлээрээ ажиллах, туршлага хуримтлуулах нь яг л 10 жилийн өмнөх технологийн салбарынхантай ижил сонголтгүй сонголттой нүүр тулж байсан.
Сэтгэл судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэдхэн тооны байгууллагад гуйх шахуу ажилладаг. Ажлын байрны нөхцөл, цалин хангамж хангалтгүй, цаг наргүй ажиллаж ард нь илүү сайн мэргэжилтэн болох туршлагыг олж авна тэгээд цаашаа гадаадын их дээд сургуульд суралцана гэх тун ойлгомжтой замыг туулдаг. Гэхдээ энэ зам дийлэнх үед урам зориг руугаа ус цацуулаад л дуусдаг нь үнэн. Үгүй бол мэргэжлээрээ бус хүний нөөц эсвэл бусад ажлуудад ажиллах болдог.
За үгүй юм аа гэхэд өөрөө сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх төв эсвэл компани байгуулаад явъя гэхээр үйл ажиллагаагаа авч явах, маркетинг, технологи, санхүүгээ авч явах, түрээсийн зардлаас эхлээд олон хүндрэлийг туулах болдог.
Харин технологийн тусламжтай энэ салбарт дараах өөрчлөлтүүд бий болж байна.
1. Цахим ажлын байр
Текст зөвлөгөө, видео зөвлөгөө, цахим сургалт, тест сорилоо борлуулах гэх зэрэг шаардлагатай бүх ажлуудаа гэрээсээ, аялангаа эсвэл гадаадад суралцангаа явуулах боломжтой болж байна.
Мөн маркетинг танигдалтаа ч хэрэгцээтэй хэрэглэгчдийнх нь хүрээлэл дунд пост, нийтлэл бичсэнээрээ бий болгох нь.
Салбарын мэргэжилтнүүдийн шударга өрсөлдөөн буюу үнэхээр чадварлаг мэргэжилтнүүд нь хэрэглэгчдийн үнэлгээгээр эрэмбэ үүсэж, цаашлаад дагагчдын тоогоороо илүү үнэлэгдэх орон зай бий болж байна.
Онцлох нэг боломж нь мэргэжил нэгтнүүдийнхээ цахим хүрээлэлд нэгдэх боломжтой болж, мэргэжилтэн хоорондын супервижн явуулахаас эхлээд, файл солилцох, сургалт арга хэмжээ зарлах боломжтой болох нь.
Мөн мэргэжил ахиулах шат дараалсан төлөвлөгөөт сургалтуудад дараа төлбөрт нөхцөлүүдээр хамрагдах нь ээ.
Энэ боломжийг бий болгохоор ажиллаж буй төлөөлөл бол blindcare платформ юм.
Мөн олон телемедицен шийдлүүд Монголд бий болсон нь цахим ажлын байрыг сэтгэл судлаач нарт илүү сонголттой болгож өгч байгаа юм.
Сэтгэл судлаач мэргэжилтнүүдэд зөвхөн судалгаа болон судалгаа боловсруулалтаар ажиллах олон зай нээгдэж байна. Судалгаа нь маш өргөн цар хүрээний ойлголт хэдий ч энэ дундаа илүүтэй нэг чиглэлийг барьж, хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм. Энэ боломжуудыг олгож буй компаниудаас дурдвал
Optimal NMAX
Цахим зээл олгоход хэрэглэгчээс тест авч хариуцлага болон бусад чадваруудыг нь мэдсэнээр дамжуулан амжилттай зээл олгох шийдэл гаргаснаас эхлээд дадал хэвшүүлэх, түүнийгээ хэмжих апп бүтээж буй зэрэг судалгаан дээр суурилсан боломжуудыг олгож буй компанид дээрх чиглэлүүдээс гадна олон сонирхолтой судалгаа хөгжүүлэх, дата боловсруулах боломжтой болжээ.
Metacog metrics
Хэдхэн жилийн өмнө NPC&MANDAL гэх компани гарч ирж, шинэ ажилтний сэтгэл зүйг хэмжиж, тохирох ажлын байранд нь санал болгодог шийдлийг нэвтрүүлж байсан бол Metacog metrics гэх стартап ажилтан сонгон шалгаруулалтыг сэтгэл зүй суурьтай тоглоомоор дамжуулан явуулах боломжийг бий болгож байна. Gen Z үеийн боловсон хүчинг хэрхэн зөв ажлын байранд нь сэтгэл ханамжтай удаан ажиллуулах вэ? гэж толгой гашилгаж байгаа хүний нөөцүүдийн хувьд энэхүү шийдэл нь ус агаар мэт хэрэгтэй байгаа нь ойлгомжтой юм. Мэргэжил сонголт, ажлын байрны сонгон шалгаруулалт зэрэг судалгаагаар дагнан ажиллах бол тэд сонирхолтой сонголт шүү.
ДЭЭРХ ШИЙДЛҮҮД БҮГД БИЗНЕС ЗАГВАР БҮТЭЭЖ, КОМПАНИЙН ЗАСАГЛАЛТАЙГААР ХӨГЖИЖ БУЙ НЬ САЙШААЛТАЙ БӨГӨӨД ЦААШДАА ӨШӨӨ ОЛОН БОЛОМЖУУДЫГ БИЙ БОЛГОСООР БАЙХ НЬ ГАРЦААГҮЙ ЮМ.
Монголд сэтгэл судлаачийн мэргэжлийн боловсролын цөөн их дээд сургуулиуд олгодог. Уламжлалт хэв маягаар сургалтын хөтөлбөрөө явуулж буй дээрх сургуулиуд сургалтын хөтөлбөртөө өөрчлөлт оруулах хэрэгтэй болох нь ээ.
Учир нь уламжлалт ажлын байрууд цахим ажлын талбараар солигдож байна. Цаашлаад технологийн салбарт ажиллах сэтгэл судлаачдыг бэлтгэх шаардлага ч бий болох нь ээ.
Жишээ нь:
Мөн дипломын боловсролоос гадна мэргэшүүлэх сургалтуудыг танхимаар гэхээсээ цахимаар үр дүнтэй зохион байгуулах, гадны чадварлаг мэргэжилтнүүдийн сургалтын явуулах зэрэг боломжууд шинээр бий болж буй нь сэтгэл судлаачдын дунд сургалт явуулдаг төвүүд болон сургалтын байгууллагууд бизнес загвараа дахин харах шаардлагыг бий болгож байгаа нь дамжиггүй.
Саяхныг хүртэл сэтгэл судлаачаас дэмжлэг зөвлөгөө авна гэдэг эрүүл бус, сэтгэцийн өвчтэй, шархаданд хэвтэх ёстой гэх мэт нийгэмд буруугаар ойлгогддог байсан бол энэхүү ойлголт хэдийнээ 180 градус эргэжээ.
Тэр дундаа залуу үеийнхэн, өсвөр үеийнхэнд сэтгэл зүйн боловсролд хандах хандлага нь эерэг бөгөөд өөртөө анхаардаг хүний зайлшгүй байх зүйл болж эхлээд байна.
Мөн ажил олгогч нарт ажилтны Well-being гэх ойлголт сүүлийн жилүүдэд асар хурдацтай тархсан нь эргээд энэ салбарт асар их өөрчлөлтийг авч иржээ. Цаашдаа нийгэм хөгжихийн хэрээр энэ хандлага улам нэмэгдэх нь гарцаагүй юм. Түүнийг дагаад сэтгэл судлаач мэргэжилтнүүдийн ч эрэлт хэрэгцээ нэмэгдэх биз ээ.
Ганц жишээ дурдахад Ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл судлаач гэх албан тушаал ямар хурдтайгаар мөн чухлаар хүлээн зөвшөөрөгдөж, олон зуун сэтгэл судлаачдийг ажлын байраар хангаж байгаагаас нийгмийн эрэлтийг харчихаж болно.
За мэдээж ганцхан зөвлөгөө тусламжийг ярихгүй л дээ.
НОЙР, ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ, ИОГА, ДАДАЛ гэх мэт асар өргөн ойлголт энэ бүхэнд хамаарна. Мэдээж энэ бол энэхүү салбарын хөгжил ойртсон сайны дохио юм.
За тэгээд төгсгөлд нь энэхүү салбар хөгжихийн хэрээр нэн шаардлагатай зүйл бол дүрэм болон бодлогын нэгдсэн шийдэл бий болох цаг нь хэдийнээ болжээ.
Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөөс эхлээд, мэргэжлийн зөвлөгөө тусламж үзүүлэх стандарт бий болохгүй бол хэн дуртай нь энэ салбарт хүссэнээрээ аашилахад хэн ч үгүйсгэж чадахгүй гэдгийг дурдах нь зүйтэй байх.
Харин сэтгэл судлалын салбарынхан нэгдэж чадах болов уу?
Төгсгөлд нь хэлэхэд энэхүү тэсрэлтийн боломжуудыг ТЕХНОЛОГИ бий болгож байгаа бөгөөд хэзээ нэг цагт ирэх нь тодорхой байсан зүйл. Харин үүнд дасан зохицож, эртнээс нийцэхэд бэлтгэж чадаагүй нь арчигдах өдөр төд удахгүй болов уу?
Ямартай ч сэтгэл судлаач мэргэжилтнүүдийн хувьд гэрэл гэгээтэй ирээдүй айсуй. Үүнийг бий болгож буй тоглоомын дүрмийг өөрчлөгч нарт талархах нь зүйтэй биз ээ.