17 зууны эхэн үед нэгэн хүүгийн төрсөн өдөр болж л дээ. Аав нь түүнд 15 зоос бэлэг болгож өгөөд хүүдээ “Чи үүгээр юу хүссэнээ аваарай” гэж захижээ.
Хүү ч мөнгөөрөө дуртай зүйлээ авахаар гэрээсээ баяртай гэгч нь гараад, гудамж дөнгөж эргээд нэгэн содон чимээ сонслоо. Түүнийг тэрхүү чимээ татсаар хэсэг жаалууд дээр дагуулаад ирж л дээ. Хүү энэхүү чимээ хаанаас гараад байгааг асуухад нэг жаал амандаа зуусан жижиг төмрийг үзүүлээд, энэнээс гарч байгаа юм гэж. Хүү ч тэрхүү чимээ гаргах жижиг төмрийг амандаа зууж үзэхийг маш ихээр хүсэж л дээ. Тэгээд жаалаас гуйхад үгүй ээ. Би үүнийг бусадтай хуваалцмааргүй байна гэж. Үүнийг сонссон жаал улам ихээр тэр шүглийг үлээхийг хүсэж, тэгвэл би худалдаж авъя гэсэн санал тавьж. Ийнхүү аавынхаа өгсөн 15 зоосоо түүнд санал болгосноор эцэст нь шүглийг өөрийн болгожээ.
Гэртээ хариад их л баяртайгаар шүглээ үлээсээр… Хэдэн цагийн дараа түүний сонирхол буурчээ. Тэр үед аав нь хүүгээс мөнгөөрөө юу авсныг асуухад шүглээ үзүүлээд, үүнийг би таны өгсөн 15 зоосонд авлаа гэхэд аав нь 1 бээрийн цаатах дэлгүүрт яг ийм шүгэл шинээрээ 1 зоос гэдгийг хэлж өгчээ.
Энэ явдлаас хүү том сургамж авч, насан туршдаа худалдаа бүртээ өөрөөсөө “Шүглээ дэндүү үнэтэй аваагүй биз” гэж асуух болж. Энэхүү түүхийн эзэн бол бидний мэдэх Америкийн нэгдсэн улсын үндэслэгчдийн нэг Бенжамин Франклин бөгөөд хожим нь түүний зургийг 100 долларын дэвсгэрт дээр мөнхөлжээ.
Алдаа бол амьдралын нэг хэсэг. Хэрэв алдахгүй бол сурахгүй. Сурахгүй бол юу ч өөрчлөгдөхгүй.Хэн хэлснийг олсонгүй…
Сошиал медиа хөгжихийн хэрээр бидний өмнө төгс амжилтын эзэд ихээр бий болжээ. Үүнийг дагаад бүгд л төгс төгөлдөрийн төлөө улайран зүтгэж, түүнд хүрч чадаагүй нь өөрийн үнэлэмжээ алдаж, амьдралдаа урам зориггүй байдаг болж.
Гэтэл үнэндээ алдаа гэдэг нь амжилтын салшгүй нэг хэсэг юм. Бидний харж, даган дуурайдаг, хүндлэн биширдэг бүхэн алддаг. Алдаанаас алдааны хооронд бууж өгөлгүй явсаар амжилтанд хүрсэн гэдгийг мартаж болохгүй.
Алдахаас битгий ай, харин оролдлого хийхгүй байхаас л айх хэрэгтэй.
Тэгэхээр найз минь, алдсан уу? Тэгвэл зүгээр дээ. Босоод нэг сайхан тоосоо гөвөөд, уртаар амьсгаа аваад дахин алдаагаа давтахгүй байхад л болно. Энэ нь дахиад алдаа битгий гарга гэсэн үг биш шүү. Харин яг ижил алдааг л битгий давт гэсэн үг.
Дахиад алдаа гарга, оролдоод л бай, алдаад л бай. Гэхдээ өмнөх алдаагаа битгий давт. Түүнээс сургамж аваад онох магадлалтай цэг рүү тэмүүлсээр бай…Батжа нь ингэж зөвлөе
Харин алдаж үзсэн хүнтэй хамтрахдаа, түншлэхдээ алдаж үзээгүй, төгс карьертай, төгс замаар туулж буй нэгнээс илүүтэй итгэлтэй байгаарай. Учир нь тэр алдаж болох нөхцлүүдийг аль эрт туулсан туршлагаараа мэдэх тул тойроод гарах нь л дээ.
2021 оны 11 сард манай багийнхан Мстарс хурдасгуур хөтөлбөрт оролцож байлаа. 7 хоногийн онцлох зочин илтгэгчээр ICT group хамтран үүсгэн байгуулагч, ТУЗ дарга Лхамаа захирал ирсэн юм.
Илтгэл маш сонирхолтой байсан. Гэхдээ тэр дундаас нэг өгүүлбэр одоо ч толгойноос гардаггүй.
“Би бусдад хөрөнгө оруулахдаа алдаанд нь хөрөнгө оруулдаг. Учир нь мөнгө хязгааргүй, харин цаг хугацаа хязгаарлагдмал. Би өөрөө туулж алдах замыг, алдаад үзчихсэн хүнд хөрөнгө оруулснаараа алдалгүй туулж, хэзээ ч үнэлэгдэшгүй цаг хугацаагаа хэмнэх болно.”
Өнөөдөр Заза захирлын тэр үгийг дотроо хүндэтгэж суухдаа бардамаар өөртөө хэлсүү…
Томас Эдисон 1000 алдаж, эцэст нь оносон. Стив Жобс олон алдсан ч эцэст нь дэлхийн топ компанийг бүтээж чадсан. Элон Маскын пуужин олон удаа дэлбэрсэн ч эцэст нь газардаж чадсан.
Тийм ээ, би алдсан, алдаа гаргаж байгаа, алдсаар ч байх юм байна. Энэ бол үнэлэгдэшгүй үнэ цэн юм байна. Яагаад гэвэл оноход илүү ойртож байгаа учраас…
Харин алдааг чинь гоочилж, дөрөөлөх нэгэн бол өөрөө алдаагүй мэт жүжиглэх жүжигчин төдий, тэдгээр хүмүүсээс хол яв, үгээр нь үг бүү хий. Бас өөрийн замаар тууштай л яв. Цаг хугацаа бүхнийг харуулах болно. Гол нь оролдлогоо хэзээ ч зогсоож болохгүй шүү 🙂