2000 оны эхээр спортын түүхэнд тодоор бичигдэх өөрчлөлт шинэчлэлтийн эхлэл тавигджээ. Энэ талаар 2011 онд Холливуд кино бүтээсэн бөгөөд “Moneyball” нэртэйгээр гарсан юм.
Киног үзэж амжаагүй хүмүүс байгаа бол товч агуулгыг нь дурдвал 2000 оны эхэн үеийн Америкийн бэйсболын лигийн багуудын өрсөлдөөний тухай гарах бөгөөд Брэд Питт “Oakland Athletics” багийн ерөнхий менежерээр ажиллаж байгаа тухай гарна.
Санхүүжилт сайтай багын эсрэг хэдэн арав дахин бага санхүүжилттэй баг амжилт гаргана гэдэг тухайн үед боломжгүй зүйл байж. Санхүүжилт өндөртэй томоохон багууд нь жижиг багуудын гол тоглогчдыг их цалингаар зодож өөрсдийн болгодог бөгөөд жижиг багууд бол зүгээр л том багуудын тамирчдыг бэлтгэгч аятай. Харин багт шинэ тоглогчдын сонгох үүрэгтэй скаутууд гэх хөгшчүүл улиг болсон арга барилаар ажиллаж, багт үр дүнтэй өөрчлөлт бий болгохоосоо нэгэнт өнгөрсөн гэдгийг харуулдаг.
Брэд Питт дүрийг нь бүтээсэн Билли Бин гэх эрхэм энэ бүх тогтсон хандлага, мөнгөний тоглолтыг сөрөх бөгөөд түүний нүдийг Петр Брэнд гэх математикч залуу нээж өгч буй талаар гарах бөгөөд тэд хамтдаа мөнгөөр бус тоон өгөгдөлд тулгуурлан шийдвэр гаргахаар шийдэцгээдэг.
Энэ зам амаргүй бөгөөд гадаад, дотоод олон зөрчлүүд, үл хүлээн зөвшөөрөлт, үгүйсгэл дунд тэд тэмцсээр эцэст нь бэйсболын түүхэнд тодоор бичигдэх 20 цуврал ялалтыг байгуулсан талаар гардаг. Өнөөдөр тэдний гаргасан замаар спортын бүх л бага дагасан бөгөөд спортын түүхэнд томоохон эргэлт өөрчлөлтийн цэг болсон юм.
Тэд урсгал хэдий хүчтэй байсан ч, сөрж сэлэхийг сонгоцгоосон юм. Тэдэн шиг олон зуун урсгал сөрөгчдийн түүхийг бид мэдэх билээ. Нэгэнт голдиролдоо орсон урсгалыг сөрөх гэдэг амаргүй ч тэнд л шинэчлэлт, хувьсгал оршдог аж.
Залуу хөгшин, мэдлэгтэй мэдлэггүй, мөнгөтэй мөнгөгүй үл хамааран бидэнд аливааг хийхэд дээрх 2 сонголт бий болдог. Нийгэм бүхэлдээ нэг хэвд цуцгагдаж, түүнийгээ дагаж, тогтсон байдаг. Жишээ нь, өнөөгийн боловсролын тогтолцоо. Хүүхдийг ухаан орохтой зэрэгцэн цэцэрлэг гэх төвөөр дамжуулна. Багш байх бөгөөд бүгдийг заана, зааварлана. Цэцэрлэг яг л тогтсон цагаар ажиллана. Өглөө 9 цагаас орой 17 цаг. Үүний дараа хүүхэд хүссэн хүсээгүй 5 өдөр дээрх цагаар явж хэвшинэ.
Арай томроод ирэхийн цагт ерөнхий боловсролын сургууль руу шилжүүлэх бөгөөд бүгд нэг ижил хувцаслаж, мөн л цагийн хуваарийн дагуу хэн нэгний заавар удирдлага дор суралцацгаана. Дүн гэх үнэлгээний механизм үйлчлэх бөгөөд багшийн үгэнд орж, хэлснийг нь сайтар тогтоосон нь илүүтэй үнэлэгдэнэ.
Цаашлаад их сургуульд дээрх л хэв загвараар явсаар хэзээ ч үл эвдэгдэх хэвшил бий болсон байна. Ингээд ажлын байранд гарч ирэхэд хэдийнээ цагийн ажил болон даргын үнэлгээнд дассан байх бөгөөд үүнийг эвдэхийг ч үл хүснэ. Учир нь бидэнд энэ хэв загвар нэгэнт хэтэрхий бат бөх суучихсан болохоор тэр.
Хүний тархи ч мөн үүнтэй адил аливааг дахин дахин давтахад дасан зохицож, тод зам бий болох бөгөөд үүнийг удаан хугацаандаа хийх тусам улам л эвдэхэд амаргүй болгодог аж.
Бизнес эрхлэхэд ч мөн хүчтэй урсгалтай таарах бөгөөд өнөөгийн Монголд бол энэхүү урсгал:
Мэдээж дүрмийн дагуу буюу урсгал дагаад явахад амжилт илүү ойр бөгөөд хялбар.
Еврейчүүдэд нэг соёл байдаг гэнэ л дээ. Томоохон шийдвэр гаргахад 10 хүнээр баг бүрдүүлдэг. Тэгэхдээ үргэлж нэг хүн нь сөрөг талаас нь буюу шүүмжлэлт сэтгэлгээгээр харах ёстой байдаг гэнэ. Тэгж байж ямар ч гэгээлэг зүйлсийн сул талыг харж, зөв шийдвэрт хүрдэг юм байна.
Бидэнд ч энэхүү шинэчлэл дутаад байх шиг санагддаг. Тиймээс урсгалыг сөрөгч нар олон болох нь бидний нийгэмд шинэчлэлт авч ирэхэд илүүтэй хэрэгтэй болоод байна.
Бид яагаад
Бид дор бүрнээ хийж буй ажилдаа шинийг сэтгэж, тогтсон загварчлалыг өөрчилж, үнэний талд зогсож, шүүмжлэлт сэтгэлгээгээр хандаж, тогтсон хандлагуудыг эвдэж, илүү сайныг бүтээхэд анхаарахын тулд урсгал сөрөх цаг нь болжээ. Та салбартаа дараагийн Билли Бин байж чадна.