Тэр заасан газарт шөнөжингөө элс малтаад юу ч олсонгүй. Цац суваргуудын оргилоос мянган нүд түүнийг чимээгүй ширтэнэ. Гэхдээ тэр бууж өгөөгүй. Ухсаар, ухсаар л байлаа. Байсхийгээд нүхийг нь элсээр дүүргэх салхитай тэмцэнэ. Сантьяго хүчээ барж, гараа шалбалавч, нулимс дусах газарт эрж хайхыг тушаасан зүрхэндээ итгэнэ.
…
Гэвч эрдэнэс олдсонгүй. Дээрэмчид түүнийг зодож гарлаа. Тэнгэрт үүрийн гэгээ татах хүртэл балбав. Сантьягогийн хувцас салбархай болжээ. Үхэл ойрхон байгааг тэр мэдэрнэ.
…
Ийм тэнэг байж болохгүй гэдгийг ойлгуулахын тулд би чамайг амьд үлдээе. Ингэж хэлчээд дээрэмчид яваад өгчээ.
…
Дахиад нэг цагийн дараа Сантьягогийн өмнө хуучны алтан зоосоор дүүрсэн авдар хэвтэж байв. Тэр эрдэнэсээ олж авчээ.
Алхимич номын хэсгээс
Саяхан нэг номын подкаст сонслоо. Гол санаа нь оролдлогын талаар бөгөөд түүнийг хувьд шилжүүлэн хэрхэн нөлөөлөл үзүүлж буй талаарх туршилтуудын үр дүнг сонирхолтойгоор тайлбарлажээ.
За тэгэхээр юун түрүүнд оролдлого гэж юу вэ? гэдэг ойлголтоо нэгтгэе. Ямарваа нэг зорилгод хүрэхийн төлөөх үйлдэл. Жишээ авч тайлбарлавал:
Гэтэл энэхүү оролдлогуудад нэгэн сонирхолтой өнцгийг номын зохиолч гаргаж ирж л дээ. Тэр нь оролдлогын давтамжийг тоолсон бөгөөд амжилтын үр дүнг нь хэмжиж.
1 оролдлого x 5% амжилт = Ихэнх хүн 1 оролдого хийгээд болохгүй болохоор бууж өгөөд орхих хандлагатай байж. Энэ үед амжилтын хувь 1-5 хувь байж. 100 хүний оролдлого бүрээс 1-5 хүн нь л амжилттай үр дүнд хүрсэн гэж дүгнэж болохоор. Амьдрал дээр ганцхан оролдлогоор амжилт олно гэдэг бараг л боломжгүй байх нь. Жишээ нь:
– Танд нэгэн залуу/бүсгүй таалагддаг. Энэ үед явж очоод чи надад таалагддаг. Хоёулаа үерхэж, болзоё гэж хэлэх үед “За тэгье сайхан санал байна” гэж хэлэх нь чи үнэхээр нь хөөрхөн сайхан төгс төгөлдөр нэгэн биш л бол маш бага боломжтой байх нь.
2 оролдлого x 20% амжилт = Нийт судалж үзсэн хүмүүсийн 40 орчим хувь нь 2-дох оролдлогоо хийдэг аж. Бас ч гэж муугүй тоо байгаа биз. Энэ үед амжилтын магадлал 20% байдаг гэнэ. Жишээ нь:
– Та өөрийн бүтээгдэхүүнийг Оюу толгойн нийт ажилтуудад зарах гэж байгаа гэж бодьё. Энэ үед худалдан авалт хариуцсан мэргэлжилтэнтэй нь уулзалтын цаг товлоод бүтээгдэхүүнээ танилцуулахад танд одоогоор худалдан авалт хийх боломжгүй байгаагаа хэлж. Гэхдээ танд татгалзаж байгаа тэр мэргэжилтэн хүн гэдгийг санах хэрэгтэй гэнэ. Хүн л болохоор танд татгалзсандаа харамсах, буруутгах багахан ч болов мэдрэмж үлддэг аж. Энэ мэдрэмж үлдсэн үед та дахин санал тавихад өмнөх удаа татгалзсан тул хоёрдохоо татгалзах хүнд болж эхлэх нь. Үгүй юмаа гэхэд дотроо арай нухацтайгаар таны бүтээгдэхүүнийг судалж үздэг гэжээ.
За ийнхүү явсаар 4 оролдого x 80% амжилт дагуулдаг ажээ.
Номын зохиолч хэлснээр тууштай байдал гэдэг бүгдийг боломжтой болгодог шидтэй гэнэ дээ. Одоо тэгээд хэрэгжүүлээд үзэж байж л мэдэх байхдаа.
Дээрх номын санаа тоо давтамж дээр ихээхэн анхаарснаас бусдаар хэлэх гэсэн агуулга нь өөрөө үнэн санагдлаа. Ямар ч мэргэжил эзэмшсэн, ямар ч ажил хийсэн, ямар ч бизнес эхлүүлсэн, ямар ч хайр дурлалтай учирсан гол нь тууштай байж, оролдлогоо үргэлжлүүлсээр байх нь амжилтын нэг суурь болдог.
Алибаба үүсгэн байгуулагч Жак Ма ах маань дээрх ойлголтыг тун гоёор хэлсэн байдаг.
Хэзээ ч битгий бууж өг. Өнөөдөр хэцүү байна. Маргааш бүр хэцүү болно. Гэхдээ маргааш дуусахад нар гардаг.Жак Ма
Энэ алдартай ишлэлийн ардаас залгаад хамгийн чухал ойлголтоо хэлдэг нь ГЭХДЭЭ ИХЭНХ ХҮМҮҮС МАРГААШ БУУГААД ӨГЧИХДӨГ гэдэг.
Тэгэхээр та өөрт таалагдсан залуу/бүсгүйгээ болзоонд 10 урьж, бизнестээ хөрөнгө оруулалт татахаар 20 уулзалт хийж, их сургуулийн тэтгэлэгт тэнцэхээр 30 удаа шалгалт өгч, бүтээгдэхүүнээ зарахаар 40 удаа утсаар ярьсан байж болно. Маш их хичээл зүтгэл, маш их цаг хугацаа, маш их нэр төрийн үнэгүйдэл.
Гэхдээ нэг зүйлийг хэдүүлээ дахин санацгаая. 11-дэх урилга дээр тэр зөвшөөрч, 21-дэх уулзалт дээр хөрөнгө оруулалт татаж, 31-дэх шалгалт дээр тэтгэлэгт тэнцэж, 41-дэх залгалт дээр бүтээгдэхүүн тань борлогдох байсан ч юм билүү. Энэ хүртэл явсных дахин нэг оролдоод үзвэл ямар уу? Хэдий худал байх магадлалтай ч Томас Эдисон 1000 оролдлого хийж 1001-дэх дээрээ амжилтанд хүрсэн гэдэг дээ.Батжа нь ингэж бодлоо
За тэгээд төгсгөлд нь ХАМГИЙН ЧУХАЛ нь АЛХИМИЧ ном дээр чи ямарваа нэг зүйлийг чин сэтгэлээсээ хүсэж, түүнийхээ төлөө шийдвэр гаргаж, үйлдэл хийж эхлэх мөчид чиний хүслийг биелүүлэхээр ОРЧЛОН ЕРТӨНЦ ТЭР ЧИГТЭЭ ҮГСЭН ХУЙВАЛДДАГ гэдгийг санаж, мянга бодохоор ядаж анхны алхамаа хийж, ганцхан ч болов оролдоод үзээрэй.
ЗАМДАА ГАРАХАД ЗАМ ТОДОРДОГ…