Б.Батжаргал: Хөөх энэ чинь юу болж байна аа, хүнд гадуурхагдана гэдэг ямар муухай мэдрэмж вэ гээд их зүйл бодогдсон…

Батжа
Батжа
2023-11-26

Гарааны бизнес, энтрепренер гэх үг моод болсон өнөө үед энэ чиглэлд ажиллах залуус ихэссэн ч тухайн бизнесийнхээ арга барил, орон зайг мэдэрч, зөв тооцох чадвартай нь тийм ч олон биш болов уу.

Эдгээр залуусын дундаас амжилттай яваа энтерпренерийн жишээ нь хоёр долоо хоногийн өмнө “Шарк танк” нэвтрүүлэгт хүргэлтийн үйлчилгээний зах зээл дэх шийдлийг олж, дэд бүтцийг хөгжүүлэх оноч шийдлээрээ шаркуудаас хөрөнгө оруулалт татаж, бизнесээ үндэслэлтэй тайлбарлаж буй илтгэх чадвараараа үзэгчдээс магтаал хүртсэн Б.Батжаргал хэмээх залуу.

Иймд аливааг хийхийг хүссэн хүмүүст урам зориг өгч, туршлага болгох зорилгыг өвөртлөн “Delko solution” болон “Blindcare” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Батжаргалтай технологи ашиглан нийгэмд тулгамдаж асуудлуудыг шийдэх арга болон түүний туулж өнгөрүүлсэн адал явдалт амьдралын тухай яриа өрнүүлснээ уншигч танд хүргэж байна.

– Нэвтрүүлэгт орсон залуу байна гээд таныг таних хүмүүсийн тоо ихэссэн байх тийм үү? Таны ажлаа танилцуулах илтгэл их сайн байсан гэдгийг хэлмээр байна.

– Маш их баярлалаа. Юуны өмнө ингэж ярилцах боломж олгосон та бүхэнд мөн баярлалаа. Нэвтрүүлэгт орсны дараагаар хүмүүст танил болж байгаа.

– Та “Delko solution” хүргэлтийн компанийнхаа бизнес санааг хэрхэн олж байсан бэ?

– Би интернэт худалдааны бизнесийг гурван жил хийхдээ инновац шингэсэн хүргэлтийн үйлчилгээний хэрэгцээ шаардлага Монголын нийгэмд маш их байгааг олж харсан юм. Интернэт худалдааг хөгжүүлэхийн тулд заавал гараас гарт хүргэлтийн асуудлыг шийдэх технологид суурилсан инновацлаг бүтээгдэхүүн бий болж байж энэ салбар хөгжинө гэж харсан. Хүргэлтийн үйлчилгээний суурь асуудал шийдэгдсэнээр бараа бүтээгдэхүүн бага зардлаар, товлосон хугацаандаа очдог болж, интернэт худалдаанд итгэх хүмүүсийн итгэл нэмэгдэнэ гээд бизнесээ эхлүүлж байв. “Delko” компанийн үйл ажиллагаа эхлээд хэдийн нэг жил болжээ.

Хүргэлтийн үйлчилгээний зах зээл нь өөрөө их өрсөлдөөнтэй зах зээл хэдий ч биднийг үйл ажиллагаагаа явуулж эхлэхээс өмнө бүгд уламжлалт загвараар үйл ажиллагаагаа явуулж байсан. Хүргэлтийн ажилтнууд нь бараа хүлээн авах, бүртгэлжүүлэх аппликэйшнгүй, барааг аваад л ямар ч гэсэн хүргэж өгөх ёстой гэсэн тодорхой бус, системгүй нөхцөлд ажилладаг байсан. Энэ байдлыг технологийн шийдлийг ашиглан өөрчлөн хүргэлт нэг бүрийг хянах боломжийг бараа захиалсан хэрэгчид бий болгож, мерчантуудад онлайн худалдааны сайттайгаа интеграц холболт хийн автоматжуулах боломжийг бүрдүүлэн, хүргэлтийн ажилтнуудад ажлыг нь хөнгөвчилж чиглүүлэх аппликэйшн бүтээж, тайлан датаг оролцогч бүх талууд бодит цагийн горимд авах боломжтой болгосон гээд олон шийдлийг анхлан нэвтрүүлжээ.

Харин өнөөдөр энэхүү инновацлаг санаанд тулгуурлан дараа дараагийн томоохон хүргэлт ложистикийн компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлж байна. Ингэснээр анх хүсэж байсанчлан хүргэлтийн өртөг буурах, хугацаандаа хүргэгдэх, хяналт мэдээлэлжүүлэлт сайжрах зэрэг үр дүнг хэрэглэгч бодитоор мэдрэх боломж бүрдэж, энэхүү салбарт анхдагч болж өөрчлөлтийг харуулж чадсандаа энтерпренер хүний хувьд баяртай байна.

– Танай хүргэлтийн үйлчилгээ хямд төдийгүй толгойн өвчин болсон түгжрэлийн асуудал нөлөөлөхгүй гэдэг нь таатай сонсогдсон?

– Улаанбаатар хотын түгжрэлийг даван туулахын тулд олон дэд цэгийг байгуулах шаардлагатай болсон. Дэд цэг олон байх тусмаа түгжрэлээс үл хамааран хүргэлтийг хугацаанд нь хүргэж өгч чадна. Харин дэд цэг байгуулахын тулд хамгийн бага зардалтай ухаалаг шийдэл нь хүртэлтийн smartbox байсан.

Өөрөөр хэлбэл, smartbox-уудыг хотын хаа сайгүй байрлуулснаар онлайн дэлгүүрээс захиалсан барааг захиалагчид хамгийн ойрхон дэд цэгт хүргэж өгөөд, тухайн цэгээс захиалагчийн байгаа газар хүргэж өгөх өртөөчилсөн хүргэлт хийх боломж нээгдэж байгаа юм.

Эсвэл хэрэглэгч өөрөө очоод авсан ч болно. Тэгэхдээ бүх нийтэд хүртээмжтэй болгохын тулд багадаа л 200-400 smartbox хэрэгтэй. Одоогийн байдлаар бидэнд 43 smartbox бий. Шаркуудын хөрөнгө оруулалт болон хамтын ажиллагааны хүрээнд энэ тоог 5-10 дахин нэмэгдүүлэх боломжтой болно гэж харж байна.

– Одоо тэгвэл хоёулаа Батжаргал гэх хүний талаар боломжтой хэмжээнд ярилцвал ямар вэ. Өмнө нь хэлсэнчлэн таны ярих ур чадварыг магтсан хүмүүс их байсан?

– Тийм ээ, бололгүй яах вэ. Миний хувьд программын мэргэжлээр 2010 онд их сургуулиа төгсөж, MCS группийн компаниудад зургаан жилийн хугацаанд ажилласан. Үргэлжлүүлээд Сэтгэл судлалын үндэсний төв болон ЭнПиСи энд Мандал зэрэг компанид сэтгэл зүйн үйлчилгээг олон нийтэд хүргэх чиглэлээр бүтээгдэхүүн хөгжүүлж ажилласан. 2018 оноос эхлэн Монголын нийгэмд шийдвэрлэх нэн шаардлагатай байгаа асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор старт-ап компаниудаа байгуулаад явж байна. Бас залуу аав. (Инээв) Надад бусдаас онцгойроод байх зүйл байхгүй ээ. Бусад залуусын адилаар нийгэмд ямар нэгэн зүйлийг хийж, бүтээхийг зорьж яваа залуу хүн.

Өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг хэн нэгэн шийдээсэй гэж хүлээхээс илүүтэйгээр би эхлээд юу хийж чадах вэ, юу хийх хэрэгтэй вэ гэдэг асуултыг өөрөөсөө дандаа асуудаг.

Хүргэлтийн асуудал нь Монголд шийдэгдээгүй, инновац шингээгүй байгаа олон асуудлын ердөө нэг нь.

– Хувь хүнийхээ хувьд та гарааны бизнесийг амжилттай болгоход юу хамгийн чухал гэж боддог вэ?

– Монголд технологид суурилсан старт-ап компаниуд олон тоогоор бий болж, өсөлтийн замдаа орж байгаа онцгой үе таарч байна. Олон гоё санаанууд төрөн гарч байна. Гэхдээ амьдрал дээр бодитой хэрэгжиж байгаа нь цөөхөн байна. Яагаад гэвэл ганц программ бичиж чаддаг гээд эсвэл би мэргэжилдээ үнэхээр дуртай гээд амжилттай компанийг бий болгочихдог биш болохоор тэр. Томоохон хурдасгуур хөтөлбөрүүдийн дэмжлэг, хууль эрх зүйн зохицуулалт, татварын хөнгөлөлт, баг болон хувь хүний өөрийн хүсэлт тэмүүлэл гээд олон хүчин зүйл гарааны бизнесийг амжилттай болгоход хамаатай.

Монголд одоо л нэг хөрөнгө оруулалтын эко систем бий болж эхэлж байна. Тэгэхээр энэ үеийг ашиглаад нийгэмд байгаа хүнд хэцүү, хэн ч орж зүрхлэхгүй байгаа асуудлыг олж хараад шийдэхийг хувьдаа зорьж яваа.

– Шийдлийг нь хүлээж байгаа, хүмүүсийн олж хараагүй асуудлыг шийдэх ажил руу орох талаар Та ярилаа. Магадгүй Delko хүргэлтийн үйлчилгээнээс өөр ажил хийж байгаа юу?

– Тийм ээ, хийж байгаа. Одоо илүү төвлөрч байгаа энэ ажил маань хувь хүний маань туулж өнгөрүүлсэн түүхтэй холбоотой бөгөөд эртнээс төлөвлөж бодож явсан тул дараагийнх гэхээс илүү өмнөх нь гэж хэлбэл зохих байх.

– Та зүгээр гэвэл тэр түүхээсээ товчхон хуваалцаж болох уу?

Бололгүй яахав. Та бүхний нэвтрүүлгээр харсан Батжаргал гэдэг залуу хүүхэд наснаасаа эхлээд өнөөдрийн “би” болохын тулд 30 гаруй жилийг өнгөрөөсөн. Энэ хугацаанд бие хүнийхээ хувьд олон хүндрэлүүдийг даван туулсан гэж боддог. Тухайн хүндрэлүүдийг туулахдаа би өөрийгөө үнэлэх үнэлэмж, бусдын өмнө эзлэх байр суурь, нийгмийн статус гэх мэт бүхий л зүйл дээр өөрийгөө их дутуу үнэлж явсан. Энэ ажилд хэзээ ч тэнцэхгүй байхдаа, энэ шийдлийг нэвтрүүлж чадахгүй байхдаа, энэ хүнд таалагдахгүй байхдаа гээд өөртөө итгэх итгэл, хувь хүний үнэлэмж маань бага байсан.

Үүнийг дагаад амьдралын чанар, сэтгэл ханамж маань сул байсаар олон жилийг алдсан. Энэ бүх асуудлын уг суурь нь хүүхэд насанд тохиолдсон, өсвөр насанд бүрдсэн олон хүчин зүйлсээс бий болдог гэдгийг сэтгэл судлаачидтай уулзаад анх ойлгож авч байлаа. Надаас чаргууцалдаад байгаа асуудлыг олж, шийдэж байж л би гэдэг хүн урагшаа алхана гэдгийг тухайн үед л мэргэжлийн хүмүүсээс сонсож, ярилцаж мэдэж авсан.

Намайг бага байхад өндөр эмээ маань нас барсан юм. Тэр үед үхэл гэдэг зүйлийг хараад тав, зургаахан настай байсан би “Хүн үхээд яадаг юм бол”, “Үхэл гэж ямар аймар юм бэ?”, “Үхээд л юу ч байхгүй болчихвол яах вэ?” гэх мэт айдастай нүүр тулсан. Энэ айдсаасаа салж чадахгүй олон хоног унтаж ч чадахгүй байснаа санаж байна. Жоохон хүүхэд учраас аав, ээждээ энэ талаараа хэлж, тусламж хүсэж чадахгүй шүү дээ. Дотроо л шаналаад байсан хэрэг. Энэ айдсаас үүдэлтэй олон үр дагавар өчигдрийн өөртөө итгэлгүй би бий болоход нөлөөлсөн хүчин зүйлсийг нэг юм.

Магадгүй би асуудлынхаа үндсийг сэтгэл судлаач болон мэргэжилтнүүдийн тусламжтайгаар эртхэн мэдсэн байсан бол амьдралдаа тэр цаг үеүдийг алдахгүй байх байсан. Тиймээс мэргэжлийн хүмүүсийг сэтгэл зүйн тулгамдсан асуудалд өртсөн хүмүүст ойртуулах шийдэл нэвтрүүлэхийг хүссэн.

Өөрийнхөө биеийг, гэр бүлийг сонгож төрөөгүй байхад үүнээсээ болж гадуурхагдаж, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг алдана гэдэг утгагүй бөгөөд буруу зүйл

Мөн, КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор нийгэм их хүнд боллоо. Хүмүүс бие биеэсээ шижиглэж, аль болох хол байхыг хичээж байгаа. Саяхан миний харшил хөдлөөд, нус гоожчихсон байдалтай нэг жижиг эмийн сан руу тусламж авахаар ороод гадуурхалд өртсөн. Тэнд байсан ажилчин “Ковидтой хүн ороод ирлээ, бид нар айж байна, чамд үйлчилмээргүй байна” гээд эмийн сангаар үйлчлүүлж байсан хүмүүс нь “Наад хүнээ гаргаач, бид өөрсдийгөө хамгаалмаар байна” гээд бөөн асуудал үүссэн. Уг нь би яаралтай харшлын эм л авах хэрэгтэй байгаагаа тайлбарласан боловч хэн ч хүлээж авалгүй хөөгдөөд гарсан. Тэр гадуурхлыг мэдрэхэд надад аймар санагдсан. Хөөх энэ чинь юу болж байна аа, хүнд гадуурхагдана гэдэг ямар муухай мэдрэмж вэ гээд их зүйл бодогдсон доо.

Гэтэл гадуурхалтад өртөж миний мэдэрсэнтэй ижилхэн мэдрэмжийг өнөөдөр Монголд маш олон хүн амсаж байгаа. Жишээлбэл, арван жилийн сурагчид хичээл дээрээ очоод ангийнхан, багш нарынхаа өмнө өмссөн зүүсэн, ар гэрийн нөхцөл байдал, сурлагын үзүүлэлт, авьяас чадварын ялгаа гэх мэт олон зүйл дээр гадуурхагдаж байгаа. Үүнийг нь эцэг эх нь ойлгохгүй, зарим нь бүр ойлгохыг хүсэх ч хандлагагүй тул хичээлдээ явсангүй гэж загнана. Интернэт болон сошиал сүлжээ өндөр хөгжсөн өнөө үед энэхүү асуудал ганцхан ангидаа суух хугацаагаар хэмжигдэхгүй. Тэгээд л өдөр болгон гадуурхалт өртөж байгаа гэхээр миний багахан хугацаанд мэдэрсэн мэдрэмжийг үүнтэй харьцуулах боломжгүй юм.

Тэгвэл энэ асуудлыг хэн ойлгож, хэн туслах вэ?

Энэ бол ганцхан л жишээ.

Бүх л насны хүмүүст дээрхтэй адил бусдад хэлэхээс санаа зовдог, эсвэл хэлэхийг хүссэн ч хэнд хандахаа мэдэхгүй, хуваалцах орон зай байхгүй асуудлууд үүссэн байдаг. Түүнийгээ гадагшлуулж чадахгүй удсанаас хүндэрдэг. Тэр хоосон орон зайг нөхөхөөр буюу өөрийгөө нууцлаад асуудлаа хуваалцаж, бусдаас дэмжлэг авах, мэргэжилтнүүдээс нь анхан шатны зөвлөгөө авах боломжтой шийдлийг бий болгохоор ажиллаж байна.

“BLINDCARE” АППЛИКЭЙШН НЬ АСУУДАЛД ОРСОН ХҮН БҮР МЭРГЭЖЛИЙН ХҮНИЙ ТУСЛАМЖТАЙГААР ШИЙДЛЭЭ ОЛЖ АВДАГ ТАЛБАР БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА

– Шийдлийнхээ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

– Тухайн хүн царай зүс, нэр гээд өөрийн мэдээллээ нууцлаад тулгарсан асуудлаа бусадтай хуваалцаж, мөн өөртэйгөө ижил асуудалтай хүмүүсийн хүрээлэлд орж, тухайн асуудлаар мэргэшсэн мэргэжлийн хүнээс хэзээ ч хамаагүй, хамгийн бага төлбөрөөр анхан шатны тусламж зөвлөгөөг авах боломжийг олгосон, мөн өөрийгөө бүрэн тодорхойлох олон төрлийн мэргэжлийн тестүүдээс бүрдсэн “Blindcare” нэртэй аппликэйшн гаргаж байна.

Энэхүү аппликэйшний тусламжтайгаар асуудалд орсон хүн бүрийн мэдрэмжээ чөлөөтэй хуваалцаж, мэргэжлийн хүний тусламжтайгаар шийдлээ олж авдаг талбар байгаасай гэж хүсэж байна.

Жишээлбэл, гэр бүлийн харилцаандаа асуудалд орсон хүн бүр тухайн асуудлаа өөрийн сошиал суваг дээр хуваалцаад байж чадахгүй шүү дээ. Харин манай аппликэйшн дээр өөрийгөө нууцалж байгаад хуваалцсанаар тэр хүн нэгдүгээрт, тайвширна, хоёрдугаарт тусламж авч чадна.

Хүн болгонд хүний өмнө гаргаж ирж ярихаас ичмээр асуудал байдаг. Асуудлаа хүн ямар нэгэн байдлаар шийдвэрлэх шаардлагатай нүүр тулдаг болохоор өөр хэн нэгэнд гадагшлуулах шаардлага тулгардаг. Манайхан ихэнх нь найз нөхөд, ах, эгч, ажлын хамтрагчдаа сэтгэл дотроо хадгалсан асуудлаа хуваалцчихдаг. Эсвэл өөрийгөө сатааруулах замаар /согтууруулах ундаа тогтмол хэрэглэх, зурагт хэт их үзэх, сошиал сүлжээнд хэт их автах гэх мэт/ асуудлаасаа зугтах гэдэг. Мөн зарим хүн нь шашин шүтлэгээрээ дамжуулан асуудлаа шийдэхийг хүсдэг байх жишээтэй.

Гэхдээ энэ нь асуудал шийдэгдсэн гэсэн үг биш.  Монгол Улсын нийт хүн амын 65% нь сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай. Өсвөр насны таван хүүхэд тутмын нэг нь эрсдэлт зан үйл хийдэг. 13-17 насны хүүхдүүдийн 23.7% нь амиа хорлох талаар боддог бол 9.6% нь ямар нэгэн үйлдэл хийж байсан гэх судалгаа бий.

Эдгээр тоо баримт нь нийгэмд сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотойгоор ямар нэгэн өөрчлөлт хийхгүй бол болохгүй болсны дохио

– Мэргэжилтнүүд нь бүгд мэргэжлийн сэтгэл зүйчид гэж ойлгож байна, зөв үү?

– Манай аппликэйшнд зөвлөгөө өгөх дийлэнх мэргэжилтнүүд нь сэтгэл зүйн салбараар төгссөн, энэ салбарт ажилладаг сэтгэл судлаачид байгаа. Мөн цаашид гоо сайхны зөвлөх, секслогоч, эрүүл мэндийн зөвлөх, эрүүл хооллолтын зөвлөх гээд төрөл бүрийн мэргэжилтнүүдээр цар хүрээгээ тэлнэ.

– Төлбөрийн хувьд бага гэдгийг түрүүн Та яриандаа онцолж байсан. Энэ нь их анхаарал татлаа. Сэтгэл зүйн зөвлөгөө болон бусад мэргэжлийн зөвлөгөө авах үнэ өртгийн хувьд хүн бүр аваад байх хэмжээний биш гэж боддог?

– Ер нь ихэнх үйлчилгээ мөнгөтэй сегмент рүү чиглэсэн байгаа нь анзаарагддаг. Та ч анзаарсан байх. Таны хэлснээр сэтгэл зүйн үйлчилгээний цагийн төлбөр өндөр бөгөөд нэг удаагийн зөвлөгөө авахад 50-200 мянган төгрөг болдог. Гэтэл Баянхошууны эцэст амьдардаг 10 гаруй настай Бат гэдэг хүүхэд байлаа гэж бодъё. Тэр хүүхэд хичээл дээрээ гадуурхалд өртдөгийг аав, ээж нь ойлгож хүлээж авдаггүй, сонсдоггүй эсвэл тоодоггүй. Сургууль дээрээ очоод сэтгэл зүйчдээ хандаж ярихаас айж, ичдэг. Магадгүй дотно найздаа хэлээд буруу зөвлөгөө авна. Яг энэ хүүхдүүдэд туслахын тулд аппликэйшн хийгдсэн.

Мөн хөдөө алслагдсан аймаг сумдад амьдардаг хүүхдүүд, харь оронд ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс, олон асуудлыг даван туулж яваа өрх толгойлсон эцэг эх гэх зэрэг нийтэд зориулагдаж энэ аппликэйшн хийгдсэн учраас төлбөргүйгээр ашиглах боломжтойгоор хийгдсэн.

Монголд болохгүй байгаа олон зүйл бий. Үүнийг шийдэх хүмүүс нь энтерпренерүүд

– Зөвлөгөө, мэдээллийг иргэд ямар байдлаар авах уу?

– Эхний хувилбар дээр мэргэжилтнүүд маань зөвлөгөөгөө текст хэлбэрээр өгч явна. Дараа дараагийн хувилбаруудаар зөвлөгөөг чат болон видео, аудио дуудлагаар оруулахаар төлөвлөсөн. Олон улсад сэтгэлзүйн үйлчилгээг цахимжуулж амжилттай яваа олон үйлчилгээ бий. Сая цар тахлын үед хамгийн өсөлттэй байсан зөвлөгөөний технологи нь текст зөвлөгөө байна лээ. Шалтгаан нь хөл хорио тогтож, гэрээсээ гарах боломжгүй үед гэрийнхнийхээ хажууд залгаж ярих, дүрсээ хараад ярих боломжгүй болохоор мессэж бичиж байгаа мэтээр зөвлөгөө авахыг хүмүүс илүүд үзсэн хэрэг. Тэр утгаараа бид текст хэлбэрээр зөвлөгөөнд бид илүү ач холбогдол өгч ажиллаж байна.

Түүнчлэн нэг талд сэтгэл зүйн тусламж хэрэгтэй олон хүн байхад нөгөө талд цөөн мэргэжилтэн байгаа. Энэ хоёрыг уулзуулж, хүртээмжийг нь нэмэгдүүлэхийн тулд текстэн зөвлөгөө илүү үр дүнтэй байх болов уу.

– Аппликэйшн хэзээ нэвтрүүлэх билээ?

– Blindcare аппликэйшн бэлэн болсон байгаа. Бид энэ ондоо багтаан нээлтээ хийх болно.  

– Ярилцлагын төгсгөлд хэлэх зүйл байна уу?

– Монголд болохгүй байгаа олон зүйл бий. Үүнийг шийдэх хүмүүс нь энтерпренер хүмүүс гэж хувьдаа боддог. Тиймээс Монгол энтерпренерууд улам олон болоосой гэж хүсэж байна.

Эх сурвалж: www.ikon.mn

Намайг дагаарай:

Бүртгүүлээд бүх нийтлэлийг уншаарай.

Таны бизнест хэрэг болох үнэтэй нийтлэлүүдийг өөрийн туршлагаасаа нээлттэй хуваалцсан тул танд тус болно гэдэгт итгэлтэй байна. Манай коммунитид нэгдсэнээр үнэ цэнтэй нийтлэлүүдийг маань үнэгүй уншаарай.

Коммунитид нэгдэх
Коммунитид нэгдэх
Коммунитид нэгдэх