Төгс тоо

Батжа
Батжа
2024-02-17

Та төгс тоог мэдэх үү?

28

Тэр нэг зун 8 ангийн төгсөлтийн шалгалтын дүн ээлж дараагаараа гарч байлаа. Математикийн шалгалтын дүн гарахад 92 А авсанаа мэдээд ихээхэн сэтгэлээр унаж билээ. Яг дүндээ ч сэтгэлээр унасан юм биш л дээ. Эсрэг вариантын хүүхдүүд ихэнх нь 98 А авсанд л… Гэтэл манай вариант хамгийн дээд үнэлгээ 92 А.

Гэтэл яагаад сэтгэлээр унасан гэхээр А, Б аль аль вариантын бодлогыг би бодсон юм л даа. Тэгээд дамжуулахад ангийнхан тэр чигтээ хуулчихгүй юу. Мэдээж бүгд хуулаагүй л дээ. Гэхдээ л ихэнх нь. За байх л хэрэг гэтэл надаас хуулсан зарим хүүхдүүд математикийн хаан болсон аятай их л онгирч байгааг харах дотроос нэг юм зураад хаячих шиг л… /Бас л муухай шартай байгаа юм шүү/

10 жилд математик, геометр, физик, хими, мэдээлэл зүй гээд логик сэтгэлгээний мөн хөдөлмөр, гар зураг зэрэг гарын ур шаардах хичээлүүдэд ихээхэн дурладаг. Тэр хичээлүүддээ ч сайн. Харин эсрэгээрээ Монгол хэл, уран зохиол, орос хэл гэх мэт хичээлүүдийг яснаасаа үзэн ядна. Ямар сайндаа орос хэлний хичээлийг оруулахгүйн тулд тэнхимийн түлхүүрний нүхэнд шүдэнзний мод чихэж бүтэн цаг багш, жижүүрийн үйлийг үзэхэв…

Хавар нэг ном уншсан маань дээрх дурсамжуудыг маань нэвт сэргээчихсэн. Ажлын маань хамтрагч та үүнийг уншаарай гээд өгсөн юм. Би ч уншиж эхлүүлэлгүй цүнхэндээ дэмий хийж, бараг бүтэн 3 сар явсны эцэст нэг юм эхлүүлсэн биш газар дээр нь суусаар 2 өдөрт дуусгачихдаг байгаа.

Номын нэр нь ТӨГС ТОО. Зохиолч нь Япон хүн, ЁКО ОГАВА.

Товч дурдвал хөгшин математикийн профессор, түүнийг асрахаар гэрт нь үйлчлэх өрх толгойлсон залуу ээж болон түүний сийрэг ухаантай хүү. Тэр 3-ын нэгнээ гэх сэтгэл, хэн хэндээ сэтгэлийн асар их дэм тусыг өөрсдөө ч мэдэлгүй өгч буй талаар гардаг.

Энэ адал явдал дунд тоо гэдэг ямар энгийн мөртлөө үзэсгэлэнтэй гэдгийг тодоос тод зураглажээ.

Өнөөдрийн боловсролын тогтолцоо ямар болсныг мэдэхгүй ч, миний суралцаж байх үед тоог маш уйтгартайгаар заадаг байлаа. 1-6 анги хүртэл ер нь ойлгомжтой тул нээх эргэлзэж тээнгэлзээд байх зүйл гарахгүй. Харин 7 ангиас эхлээд нөгөө тоон дотор чинь жинхнээсээ үсэг цохиж явна.

Багш самбар дээр томъёо бичнэ. Тэгээд түүнийгээ сурах бичгийн дагуу жишээ бодлого дээр тайлбарлана. Дараа нь үг дуугүй цээжил гэнэ. Гэтэл энэхүү томъёо яг хаанаас яагаад үүссэн, юунд ашиглагддаг. Яагаад сурах ёстой зэргийг огтоосоо дурдахгүй нь туйлын харамсалтай.

Нийтлэлийн эхэнд ТӨГС ТОО бол 28 гээд орхисон. Тэгэхээр 28 яагаад ТӨГС ТОО болчихов? Ганцхан 28 төгс тоо юу? Эсвэл өөр төгс тоо байгаа юу?

Бүгдээрээ 28 гэдэг тоог задлаад үзье.

28 = 1 + 2 + 4 + 7 + 14

28-ын өөрөөс нь өөр бусад хуваагчийн нийлбэр 28 өөрөө гарчихаж байгаа юм. Үүнийг математикт төгс тоо гэж нэрлэнэ. Хамгийн бага төгс тоо бол 6.

6 = 1 + 2 + 3

Гэхдээ эдгээр тоог онцгой болгож байгаа зүйл бол маш ховор байдаг оршино.

6, 28, 496, 8128, 33550336, 8589869056…

Дараагийн төгс тоо хэд бол? Үүнийг олохын төлөө математикийн үе үеийн алдартай эрдэмтэд элсэн цөлөөс зүү олохтой адил эцэс төгсгөлгүй хайсаар байгаа аж.

Номыг чимэж буй бас нэг чухал хэсэг бол өвгөн профессор 80 минутын ой санамжтай. Авто ослоос болж 80 минут болоод л осолд орохын өмнөх дурсамж руугаа буцчихна. Бусад нь арчигдана. Гэлээ ч түүнийг өдий хүртэл амьдруулж, утга учир бэлэглэж ирсэн зүйл нь математик. Энэхүү нөлөө ч ээж хүү 2-ын амьдралд асар их өөрчлөлтийг авч ирэх бөгөөд бяцхан хүүг математикийг цоо шинээр харж, түүнд дурлаж, цаашдын амьдрал карьераа бий болгоход нөлөөлж буй зэргийг тоочоод байвал дуусахгүй…

Ер нь Япон зохиолчид өөр ертөнцийг бидэнд өгүүлж чаддаг санагддаг. Энэхүү зохиол ч гэсэн чинхүү утга санаа, илэрхийлэмж, үйл явдал гээд дурлуулж орхино.

Бага ангид байхад гурвалжингийн А болон Б талын урт өгөгдсөн байхад В буюу урт талын хэмжээг олох томъёог багш заасны орой миний нойр хулжиж орондоо бүтэн 2 цаг гурвалжингийн 3-дах талын уртыг огт өөр аргаар олох гэж ухаан уралдуулсаар олж байснаа санаж байна. Түүнийгээ маргааш нь багшдаа үзүүлтэл энэ аргыг аль эрт олсон. Түүнээс хялбар томъёо заагаад өгсөн байхад яах гэж ийм зүйл хийгээд байгаа юм гэж загнуулж билээ.

Тэр өдөр магадгүй миний урам багшийн үгэнд нам дарагдсан байх. Дахиж математикийг гүнд нь орж ойлгохыг хүсээгүй зүгээр л цээжилчихдэг болсон. Харин энэ номыг уншсаны дараагаас үгүй ээ би зөв л замаар явж байсан юм байна. Харин багшийн буруу байж. Багш заах аргаа багахан өөрчлөөд математик болон түүнд агуулагдах тоог ямар үзэсгэлэнтэй гэдгийг надад болон манай ангийнханд заасан бол ямар их өөрчлөлт залуу хүүхдүүдийн амьдралд бий болох байсан бол гэх бодол хожимдсон харамслыг дагуулах.

Эсрэгээрээ үр хүүхдүүддээ тоо болон түүнд агуулагдах гоо үзэсгэлэн зааж өгөх хүслээр дүүргэнэ…

Намайг дагаарай:

Бүртгүүлээд бүх нийтлэлийг уншаарай.

Таны бизнест хэрэг болох үнэтэй нийтлэлүүдийг өөрийн туршлагаасаа нээлттэй хуваалцсан тул танд тус болно гэдэгт итгэлтэй байна. Манай коммунитид нэгдсэнээр үнэ цэнтэй нийтлэлүүдийг маань үнэгүй уншаарай.

Коммунитид нэгдэх
Коммунитид нэгдэх
Коммунитид нэгдэх