Өнгөрсөн пүрэв гараг буюу 11 сарын 23, Crocus Event Hall-д DPC23 амжилттай болж өндөрлөлөө. Procraft Agency буюу шууд хэлвэл Э.Цогтын санаачилсан энэхүү арга хэмжээ дөрөв дэх жилдээ зохион байгуулагдлаа. Энэ жилийн онцлог нь өмнөх жилүүдийг бодвол UX/UI дизайн дээр төвлөрдөг байсан агуулгыг тэлж, дижитал бүтээгдэхүүн бүтээхэд оролцдог бүх л оролцогч талуудыг хамруулсан нь байлаа.
Үүнийгээ дагаад "Idea to Product" сэдвийн хүрээнд өртөөчилсөн байдлаар 9 илтгэл, 2 хэлэлцүүлгийг танилцуулсан юм. Өнөөдрийн нийтлэлээрээ энэхүү арга хэмжээнд дурдагдсан гол санааг оролцож амжаагүй хэн бүхэнд зориулан сийрүүллээ.
За тэгэхээр 9 өртөөлчилсөн илтгэлд ямар санааг өгүүлэв.
Дижитал бүтээгдэхүүн бүтэхэд (заавал дижитал бүтээгдэхүүн биш л дээ) нэн тэргүүнд мэдээж шинэ санаагаа олох байдаг. Энэхүү сэдвийн хүрээнд миний бие нээлтийн илтгэлийг танилцуулсан. Агуулгын хувьд аж үйлдвэржилтийн хувьсгалын эхлэл бүрд шинэ санаа ихээр төрдөг бөгөөд томоохон амжилт энэ засварын үед бий болоод байна. Аж үйлдвэржилтийн 4 хувьсгалд олон нээлтүүд шинэ санаанууд бий болсоор байгаа хэдий ч цаг хугацаа өнгөрөх хэрээр цоо шинэ санаа дэлхийд бий болох нь багассаар байгаа аж. Харин эсрэгээрээ цоо шинэ санаа биш нэгэнт бий болсон байгаа санааг шинэчлэх замаар ШИНЭЧИЛСЭН САНАА бий болох нь ихэссэн байна. Энэхүү ШИНЭЧИЛСЭН санаа гэж чухам юуг хэлээд байгаа болон түүнийг хэрхэн бий болгож буй талаар илтгэлийнхээ эхний хэсэгт өгүүллээ.
Хоёрдох хэсэгт санаагаа нэгэнт олсон бол заавал өрсөлдөх бус ӨРСӨЛДӨӨНИЙ БУС СТРАТЕГИ боловсруулах нь зах зээлд байр сууриа олоход амар зам болдог талаар дурдсан.
Мэдээж сайн санаа, төгс стратеги байлаа ч сайн гүйцэтгэл хийж чадахгүй бол ҮР ДҮНД хүрдэггүй тул дараагийн илтгэгчдийн хэрхэн САЙН ГҮЙЦЭТГЭЛ хийх талаарх илтгэлүүдийг сонсоход чиглүүлснээр тайзнаас буусан.
Дижитал бүтээгдэхүүн бүтээхэд хамгийн чухал бөгөөд заавал дамжих шат бол UXUI дизайн хөгжүүлэлтийн шат билээ. Э.Цогт энэхүү илтгэлээрээ UXUI дизайн гэж чухам юу вэ? Яагаад хэрэгтэй вэ? гэдэг суурь ойлголтыг өгч, мөн энэхүү шатанд гардаг ойлголтын зөрүүтэй байдлыг нэг чигт чиглүүлсэн юм. Мөн дизайны шийдэлдээ хэрэглэгчийн шаардлага, туршлагыг хэрхэн зөв ашиглах, цаашлаад UXUI дизайны шийдэлдээ хэрхэн зөв гаргаснаа баталгаажуулах зэрэг чухал мэдлэгийг өгснөөр илтгэлийн эхний хэсэг өндөрлөсөн юм.
Дараагийн чухал өгсөн санаа бол бүх зүйл баг хамт олны тоглолт байдаг тул багаараа хэрхэн ойлголцох вэ? гэдэг асуултад хариулт болохуйц шийдлийг тайзнаас өглөө. Энэхүү илтгэлийн хэсгээс товч дурдвал "Бид алба, хэлтсээрээ уламжлал болсон хурал уулзалтыг долоо хоног тутамдаа хийдэг. Гэхдээ ардаас нь хурлаар юу яригдсан бэ? гэдгийг ойлгохын тулд дахин хурал хийдэг буюу багаараа нэгдсэн ойлголтод хүрэх гэдэг амаргүй гэдгийг илэрхийлсэн юм". Мэдээж үүнээс сэргийлэх аргыг DPC23 оролцогчид л мэдэж авсан :)
Дижитал бүтээгдэхүүнийхээ санааг оллоо, дизайнаа гаргалаа. Одоо яах вэ? Мэдээж бүтээгдэхүүнээ хөгжүүлэх буюу код бичих хэрэгтэй болно. Энэ үе дээр гол алдаа бол зах зээл дээр анхны хувилбараа гаргахад ихээхэн зардал, хүн хүч, цаг хугацааг үрдэг явдал байдаг. Гэтэл тухайн бүтээгдэхүүн маань зах зээл дээр гараад хэрэглэгчид ашиглах баталгаа танд байгаа юу?
Энэхүү асуудалд дэлхий нийтээрээ "Low code solution" ашигласнаар даван туулдаг болж өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл код бичилгүйгээр Дижитал бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой шийдлүүд бий болсоор байгаа бөгөөд энэ шийдэл нь тун ухаалаг сонголт аж.
Э.Тулга тайзнаа Монгол инженерүүдийн бүтээсэн код бичилгүй дижитал бүтээгдэхүүн гаргадаг шийдлээ танилцуулсан бөгөөд энэхүү шийдлийн цаашдын боломжуудын талаар танилцууллаа.
Аж үйлдвэржилтийн 4 дүгээр хувьсгал хаана очиж дуусаж байгаа вэ? 5 дугаар хувьсгал нь AI буюу Хиймэл Оюун Ухаан мөн үү?
Дэлхий даяар шинээр төрж буй Дижитал бүтээгдэхүүний 70-с дээш хувь нь Хиймэл Оюун Ухаан дээр суурилсан шийдлүүд болсон байна. Мэдээж энэхүү тоо нэмэгдэнэ. Харин бид энэхүү өөрчлөлтөд бэлэн үү? Хиймэл оюун ухаан бидэнд юуг санал болгож байгаа вэ? Монгол инженерүүд ХОУ хөгжүүлж чадаж байгаа юу? гэсэн сэдвүүдийг С.Бадрал захирал энэ хэсэгт хөндлөө.
Мөн Хиймэл Оюун Ухааныг хэрхэн Дижитал бүтээгдэхүүндээ шингээн ашиглах вэ? гэдэг асуултад илтгэлээрээ дамжуулан оролцогчдод хариулт өгсөн юм.
Дижитал бүтээгдэхүүн хөгжүүлж буй старт-апууд эсвэл ЖД аж ахуйн нэгжүүд маань цаашлаад томоохон компаниудаас ч гэсэн бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахдаа шууд маркетинг шат руу шилжүүлдэг. Гэтэл үүний өмнө нэгэн маш чухал сэдэв орхигддог нь COPYWRITING юм.
COPYWRITING гэдэг нь таны бүтээгдэхүүнийг хүнд хүргэх, ойлгуулахад хамгийн чухал түлхүүр мөнөөсөө мөн юм. Энэхүү ойлголт өөрөө Монголд орж ирээд, ойлгодог болоод төд удаагүй байгаа юм. Д.Гэрэлт-од бол энэхүү ойлголтоор дагнан мэргэшиж буй цөөн тооны мэргэжилтнүүдийн нэг бөгөөд ВЭБСАЙТ-ын COPYWRITING хэрхэн хийх жишээ дээр тулгуурлан оролцогчдод илтгэлээ хүргэлээ.
Мөн COPYWRITING сайн хийгдсэн Монголын вэбсайтууд болон тааруу гүйцэтгэлийг жишээ болгон дурдсан нь онцлог байлаа.
Дижитал бүтээгдэхүүний МАРКЕТИНГ хэрхэн хийх вэ? Эсвэл хийдэг вэ?
Энэ асуултад хариулах олон мэргэжилтэн байгаа гэдэг нь эргэлзээгүй. Гэхдээ Дэлхийн хэмжээний компаниуд хэрхэн маркетингаа төлөвлөж, гүйцэтгэдэг юм бэ? Энэхүү асуултад хариулт өгч чадах Монголд үйл ажиллагаа явуулж буй цөөн хэдэн компанийн төлөөл бол what3words юм. Тэд дэлхийн 192 оронд 60 хэл дээр дижитал бүтээгдэхүүнээ нэвтрүүлэн ажилладаг.
Б.Хулан тайзнаа энэхүү асар үнэтэй туршлагаас оролцогчдод нээлттэй бөгөөд дэлгэрэнгүй хуваалцсан юм. Дашрамд дурдахад what3words Монгол дах оффисоос монгол залуучууд азийн хэмжээнд зайны удирдлага, нэвтрүүлэлт, харилцаа, гүйцэтгэлийг хариуцан ажилладаг билээ.
Дижитал бүтээгдэхүүнээ зах зээл дээр амжилттай нэвтрүүллээ. Одоо цаашаа хэрхэн хөгжүүлэх вэ? Хэрхэн хэмжих вэ? Хэрхэн төлөвлөх вэ? зэрэг олон асуулт гарч ирдэг. Энэхүү асуултад Н.Болорхүү тайзнаас хариулт өгсөн.
Timely.мн-ыг өнөөдрийн байдлаар өдөр тутамдаа 35000 хэрэглэгч нээж ашигладаг. Энэ нь асар их дата мэдээллийг бий болгож байгаа юм. Энэхүү дата мэдээлэл болон хэрэглэгчдийнхээ зан төлөвт суурилсан хөгжүүлэлтийг тэд хэрхэн хийж байгааг сонсох нь оролцогчдод хэрэгцээт мэдээлэл болсон гэдэгт итгэлтэй байна. Мөн энэ хэсэгт заалны оролцогчид маань нэлээд сэргэж, идэвхжээд амжсан шүү.
CX гэж юу вэ? Яагаад чухал вэ?
Энэхүү ойлголтыг бид өнөөдөр ч бүрэн таньж ойлгож амжаагүй байгаа юм. М.Халиунбат захирал CX нь UX болон BX-с юугаараа өөр мөн хэр чухал ойлголт вэ? гэдгийг тун ойлгомжтойгоор, жишээнүүд дээр тайлбарлалаа. Хатуу хэдий ч түүний хэлсэн гол санаа бол Монголд одоогоор CX тултал амжилттай гүйцэтгэж буй компани ховор байна. Мөн хянаж чадахгүй л бол хэрэглэгчтэй харилцаж буй сувгуудаа хаа гэх мэт чухал бөгөөд шууд хэрэглэхүйц санаануудыг энд өгсөн юм.
Илтгэлийн хэсгийн сүүлийн шатанд А.Азбаяр "Олон улсын хөрөнгө оруулагчдаас хэрхэн хөрөнгө оруулалт татах вэ? Түүний тулд юуг бэлдсэн байх хэрэгтэй вэ?" гэдэг ойлголтыг өглөө. Дижитал бүтээгдэхүүн бүтээх нь ихээхэн санхүүгийн нөөцийг шаарддаг. Мөн бидний мэдэхээр ашигт ажиллагаа руу шилжих хүртэл багагүй хугацааг туулдаг юм.
Тиймээс хөрөнгө оруулалт татах нь энэхүү замыг амжилттай туулах, төслийн хурдаа алдахгүй байхад тун чухал билээ.
Нийт 9 илтгэлийн дараа зочид, оролцогчид маань Дижитал бүтээгдэхүүн бүтээхэд шаардлагатай чухал бүрдэл хэсгүүдийн ойлголт мэдлэгтэй болж авсан гэдэгт итгэлтэй байна.
DPC23 дараагийн чухал хэсэг бол хэлэлцүүлгийн хэсэг байлаа.
Хиймэл оюун ухаан хэдийнээ бидний өдөр тутмын амьдрал, ажлын нэг хэсэг болжээ. Мөн хиймэл оюун ухаан дээр суурилсан олон шийдлүүд бидний хийдэг ажлыг орлоод эхэллээ. Тэгэхээр бид цаашид энэхүү давалгаанд хэрхэн бэлтгэлтэй байх вэ? Мөн өөрсдийгөө хэрхэн хөгжүүлэх вэ?
Э.Цогтын чиглүүлэг дор Хиймэл оюун ухаанаар дагнан ажиллаж буй чадварлаг бөгөөд залуу мэргэжилтнүүд дэлгэрэнгүй бас нээлттэйгээр мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцсан юм.
DPC23 дээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хурдасгуур болон инкубатор хөтөлбөр хэрэгжүүлж буй төлөөллийн захирлууд цугларлаа. Миний удирдан явуулсан энэхүү хэлэлцүүлгээр тодорхойгүй байсан олон асуултуудад оролцогчид маань хариулт авсан юм. Дурдвал "Хурдасгуур, инкубатор юугаараа ялгаатай юм? Хурдасгуур болон инкубатор хөтөлбөрт хэн хамрагдах боломжтой байдаг? Мөн тус бүр ямар давуу талуудтай вэ? Мөн ямар асуудал байгаа вэ? Цаашлаад Монгол улсаас Юникорн компани төрөхөд хэр ойр байгаа вэ? Үүний төлөө юуг хийж байгаа вэ?" гэх зэрэг багтлаа...
...
DPC23 мөн чухал нэгэн хэсэг байсан нь 2023 онд 5 төрөл манлайлсан Дижитал бүтээгдэхүүнүүдийг тодруулан алдаршуулсан явдал байлаа. 5 төрөл тус бүрд 5 шилдэг гэж үзсэн төлөөллөө зохион байгуулагчдын зүгээс дэвшүүлсэн бөгөөд, хөндлөнгийн шүүгчид нээлттэй санал өгч тодруулсан. Санал асуулгын үр дүнг нээлттэй зарлаж байна.
DPC23 үеэрх кофе завсарлагууд мөн өдрийн хоол, оройн нэтворкинг дээр салбарын мэргэжилтнүүд маань хоорондоо мэдээлэл солилцон, танилцаж, цаашлаад ажлын саналуудаа солилцсоныг дуулгахад таатай байна.
Төгсгөлд нь нийт хүрэлцэн ирсэн хүндэт зочид, оролцогчид, илгэгчид, панелистууд, дэмжигч болон спонсор, медиа хамтрагч байгууллагууд, арын албаны зохион байгуулагчдадаа талархал илэрхийлье.
Санаачлагч Procraft agency
Дэмжигч Соёлын яам
Хамтран зохион байгуулагч Proseed agency IO Institute Контент Маркетинг
Ивээн тэтгэгч Timely.mn /Цаг бүртгэлийн ухаалаг платформ/ CallPro Mongol iD
Медиа хамтрагч Lemon Press Business.MN PEAK News gogo.mn
Тайзны засал Global Event Company
Digital Product Conference цаашид жил бүр зохион байгуулагдсаар байх бөгөөд улам чанаржиж, салбарынхан хоорондоо мэдлэгээ нээлттэй солилцож, ирээдүйгээ төлөвлөж, шилдэгүүдээ шалгаруулдаг нээлттэй талбар байсаар байхыг дуулгахад таатай байна.