Төрийн төлөө яг одооноос боож үхэцгээе

Батжа
Батжа
2024-01-29

"Төрийн төлөө оготно боож үхнэ" гэгчээр чи хэн юм...

Тархи угаалт гэдэг нэг ёсны эвээр дасган хороож буйтай ижил. Дээрх үгийг бид бага байхаасаа л сонсож өссөн. Хэзээ, хаанаас, хэн гэгч мэргэн ухаантан нь ингээд хэлчихсэн юм бүү мэд. Баттай мэдэж буй зүйл бол хаант засаг, дарангуйлал, боолчлолын нийгмүүдийн нэгээс л эхэлсэн гэдэг нь.

Гэхдээ л бид хэрэглэсээр, ам дамжин, ярьсаар. Нэг мэдэхэд бодит үнэн факт мэт бидний сэтгэхүйд гүнзгий суугджээ. Тиймдээ ч төрд тусгай бэлтгэгдсэн эсвэл намд олон арван жилээр зүтгэсэн, та бидний зурагтаар сүрхий үгс хэлж, ухаалаг харагдсаар ирсэн хэдхэн хүний л оролцох ёстой талбар л гэж сэтгэж, холоос ажиглаж, заримдаа сошиалд пост бичих, талбайд гарч жагсахаас өөрийг мэдэлгүй өнөөдөртэй золгочихжээ.

Гэтэл төр гэдэг нь өөрөө хол зүйл биш юм. Энгийн нэг жишээ авбал:

Шинэ хотхон ашиглалтанд оржээ. Хотхон дотроо 10 байртай. Байр болгон 20 айлтай. Та нэг орон сууц аваад энэхүү хотхоны оршин суугч болж. Гэтэл хотхон дотор хэрхэн цэвэрлэгээ хийх, эвдэрсэн гэмтсэнээ хэрхэн засах, цаашлаад хүүхдүүдээ тоглуулах талбай гаргах, түүнийгээ тохижуулахаас эхлээд зөндөө асуудал үүснэ. Энэхүү асуудлыг шийдэхийн тулд байр болгон дундаасаа нэг төлөөллийг сонгож, ингээд 10 хүнтэй зөвлөл/хурал байгуулагджээ. Байр бүрээс бүх хүн хуралдаж асуудал бүрийг шийдээд байх боломжгүй, ардаа ажилтай, гэр бүлдээ цаг гаргах хэрэгтэй тул төлөөллөө илгээж буй нь тэр л дээ. Мэдээж тухайн төлөөлөл өөрийн хүсэлтээр нэрээ дэвшүүлж, байраа хэрхэн төлөөлөх гэх зэрэг төлөвлөгөөгөө танилцуулж, санал асуулгаар шалгарна.

Нэг жил өнгөрлөө. Сайн ажилласан тул дахин 1 жилээр байрны төлөөлөгчөө дахин сонгоод илгээж. Ингэж явсаар нэг л мэдсэн таны сонгосон төлөөлөгчид үгсэн хуйвалдаж, хотхоны цэцэрлэгийн талбайг өөр барилгын компанид зарж, засварын мөнгийг завшиж, байрны татварыг нэмэгдүүлсээр...

Гэтэл хотхоны өнгө үзэмж улам доройтож, аюулгүй амьдрах нөхцөл ч багасаж. Энэ байдлыг хараад мэдээж та үгээ хэлж, төлөөлөлдөө шаардлага тавихад айл болгоноос авсан татвараараа эргээд айлуудаа хахуульдаж, гоё ганган өөрсдийгөө магтсан сурталчилгаа өлгөж, орой болгон хотхоны радиогоор төлөөлөгчдийн хийж буй ажлыг магтсаар, таныг хэд мянга саналаа хэлсэн ч авч хэлэлцэхээ байсаар...

Энэ тохиолдолд та яах вэ? Өөр төлөөлөгчийг сонгох, эсвэл өөрөө оронд нь ороод хийх, болж бүтэхгүй байгааг нь бусад оршин суугчиддаа хэлэх таниулах гэх зэрэг үйлдлүүд хийнэ дээ.

Ганц хотхон дотор үүсэж буй төрийн бүтэц энэ гэвэл 1000 хотхон дунд үүсэх бүтэц хэр төвөгтэй бол? Төр гэдэг өөрөө дээрхтэй нэг л ижил загварчлал. Тиймдээ ч та ганцаараа эсэргүүцлээ гээд нэгэнт эрх мэдэлд хүрсэн хүмүүсийн эсрэг юу ч хийж хүчирхээргүй болсон байна.

Тиймдээ ч үзэл баримтлалаараа ялгарсан бүлэг хүмүүсийн нэгдэлээрээ шийдвэр гаргалтанд нөлөөлж, эсрэг байр сууриа илэрхийлж, улс төрийн шийдвэрүүдээ гаргасаар ирсэн байдаг. Улс төрийн үзэл баримтлал гэхээр барууны, зүүний, төвийн гэх зэргээр ялгагдана. Энэхүү үзэл баримтлалаар нэгдсэн бүлэг хүмүүсийн нэгдлийг НАМ гэнэ.

Иргэний оролцоо

За тэгэхээр таны оролцоо гэж юуг хэлэх вэ? Дээрх жишээ дагуу бол та төлөөлөгчөө сайн ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих, буруу шийдвэрүүдэд нь хариуцлага тооцох, хийгдэх ажлуудад нь саналаа илгээх гэх мэт үйлдлүүдийг хийх хэрэгтэй болно. Тэгж байж гэмээнэ таны төлөөлөл шударга үнэнээр ажиллаж, таны амьдарч буй орчинг сайн сайхан, тав тухтай, таатай байлгана шүү дээ.

Гэтэл улс төрийн оролцоог бид ганцхан сонгуулиар хязгаарлах хандлага их хүчтэй ажиглагддаг.

Би төлөөлөгчөө сонгоход саналаа өгсөн шүү дээ. Өөр юу хүсээв? Энэ хариулт ихэнх хүмүүсийн дотор хадаастай. Гэтэл тэрхүү таныг төлөөлөх гэж буй хүмүүс хаанаас хэн нэр дэвшүүлэв? Мөн таныг бүрэн төлөөлөх чадвартай юу? Нэмээд таны төлж буй татварыг найдвартай захиран зарцуулж чадах уу?

Үүнээс гадна нэр дэвшихдээ санал болгож буй мөрийн хөтөлбөрийг нь хэн боловсруулав? Та саналаа тусгасан уу? гэх мэт өчнөөн асуулт ард нь үлдэж байгааг анзаараад нэг хараарай.

Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу мэдээж Монгол улсын иргэн л бол хэн ч байсан дээрх төлөөлөгчид нэр дэвших эрхтэй. Гэхдээ ганц мод гал болдоггүй гэгчээр олны дунд шийдвэр гаргалтанд оролцох гэдэг амаргүй. Тиймээс үүнийг хамгийн зөвөөр хийж, саналаа тусгах, хамгийн доод шатнаас зөв төлөөллөө томилох гэх мэт шийдвэрүүдэд гар бие оролцоход үзэл баримтлалтай тань нийцэх намд нэгдэх нь ИРГЭНИЙ ОРОЛЦОО-гоо бий болгох нэгэн зөв шийдвэр юм.

Ингэлээ гээд та ажлаасаа гарч, бүтэн амьдралаа улс төрд зориулаад байх шаардлагагүй. Өөрийн хичээж ирсэн замаар үргэлжлүүлэн хөдөлмөрлөсөөр, нэмээд улс төрд өөрийн санал санаачлагыг хүргэсээр байх боломжтой байдаг гэдгийг мэдэх ёстой.

Боож үхэх цаг

Биднийг төлөөлж, эрүүл аюулгүй орчинд амьдруулж, эдийн засаг, хууль эрх зүйн таатай зохицуулалтыг бий болгож, шударга хэв журмыг сахин хамгаалах хүмүүс маань ажлаа маш муу хийсээр ирлээ. Гэхдээ муу хийж буйгаа огт хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй, өөрсдийгөө хамгаалсан хууль боловсруулж, хээл хахууль, хулгай луйвраар олсон мөнгөөрөө саналуудыг маань худалдан авч, хотын даргаас эхлээд бүх л эрх мэдэлтнүүдийг өөрсдийн дураар томилж, эсэргүүцлээ илэрхийлснийг илэрхий доромжилж, шорон шүүхээр далайлгаж байна.

Мөн биднийг маргаашийн хоолоо яах билээ гэдэг бодлоос салгахгүйгээр цалингийн хэмжээ тогтоож, ядуу өлмөн зэлмүүн байлгаснаараа хүссэнээрээ удирдсаар байна. Хэвлэл мэдээллийн сувгуудыг хэт тархи угаалтанд турхирч, өөрсдийн хэргийг дарахын тулд нийгмийг аймшигт мэдээллээр цочроодог болж. Нэгэнт санхүүгийн хувьд хараат, өр зээл дамжсан хүмүүс толгой үл өндийх бөгөөд энэ бүхнийг харах, ухамсарлах сөхөө олдохгүйг тэд мэдэж байгаа.

Сонгууль болоход хороо байр бараадсан ухуулагч ажиймаа нараар тархи угаалтаа тултал хийлгэж, цаашлаад залуу үеийнхнийг сонгууль өгдөггүй гэх ухуулгыг хүртэл хүчтэй явуулснаар саналаа өгөхөөс нь хойш татаж байна. Учир нь тэд гадаад хэлтэй, мэдээлэл мэдлэг өргөнтэй, өнгө мөнгөнд хууртдаггүй болохоор тэр.

Маргааш гудамжинд гараад харахад утаа, уур бухимдал, стресс, үл хүндлэл, ядуурал, хүчирхийлэл, шударга бус байдал дээд цэгтээ хүрээд буйг ядах юмгүй харж болохоор хэдийн болчихож. Бизнес хийе ээ төрд гарсан танилын татаасгүй урагшлахгүй, татварын хүлээс дунд дарлуулаастай. Энэ байдлаас өндийх бизнес шударга замаар бий болохгүй нь. Ажил хийе ээ, цалин нь арай л гуйлга гуйлгачихгүй л амьд явуулж байна. Утаа, хөрсний бохирдол, чанаргүй хүнс өдөр өдрөөр биднийг чимээгүй алж байна. Сүүлдээ бүр улаан цагаан хулгайг төрийн нууцдаа авч байгаад хийдэг болж.

Тэгээд одоо хэдүүлээ яах вэ?

Тэд бидэнд 2 л сонголт үлдээж байна. Нэгт, гадаад орныг зорьж энэ бүхнийг мартаад амьдрах эсвэл тэдний бүлэгт нэгдэж, шударга бустай эвлэрэн амьдрах.

Энэ бүхнийг үл хүлцэх бол одоо хэдүүлээ БООЖ ҮХЭЦГЭЭХ цаг болжээ. Өөрсдөө оролцож, шийдвэрт нөлөөлж, гардан гүйцэтгэж, зөвийн төлөө чадвараа ашиглах цаг ирж. Тэгж байж бид энэ тамын дарангуйллаас хамтдаа гарцгааж чадна.

Дан ганц бодох биш үйлдэл хийцгээе. Тэр үйлдэл тань юу ч байсан одоо л эхлэхгүй бол дараа гэж байхгүй болсон байх ч юм билүү!!!

Намайг дагаарай:

Бүртгүүлээд бүх нийтлэлийг уншаарай.

Таны бизнест хэрэг болох үнэтэй нийтлэлүүдийг өөрийн туршлагаасаа нээлттэй хуваалцсан тул танд тус болно гэдэгт итгэлтэй байна. Манай коммунитид нэгдсэнээр үнэ цэнтэй нийтлэлүүдийг маань үнэгүй уншаарай.

Коммунитид нэгдэх
Коммунитид нэгдэх
Коммунитид нэгдэх