Сүүлд ямар кино үзэв?
Миний хувьд саяхан "Ford vs Ferrari" гээд түүхэн кино үзлээ. Ойрд ийм сонирхолтой кино үзээгүйг хэлэх үү, заавал нэг хуваалцаж байж санаа амрах бололтой. Түүхэн адал явдал, бизнесийн өрсөлдөөн, хүн хоорондын харилцаа, мэргэжлийн ур чадвар бүгдийг тултал гаргасан бүтээл болсон байна лээ. Үзээгүй бол зав гаргаад нэг үзээрэй. Үзээд төрсөн мэдрэмжээ эргээд хуваалцахаа мартав.
Кофе шоп хэсэж ажлаа амжуулж яваа би бээр ойрд олон хүнтэй таарч, үг сольж, мэнд мэдэж, сонин сайхан дуулсаар явна. Өнөөдөр удаан уулзаагүй эртний танилтайгаа таарлаа. Уг нь бүтэнсайн өдөр л дөө. Даанч дуусгах ажил хоолой тулсан тул амрах сөхөө бараг л гарахгүй өдрүүд өнгөрч байна. Олон жилийн сонин сайхнаа багахан хугацаанд багтаан яаруу дуусгаад танил маань гол яриа луугаа намайг чиглүүллээ. Тэр нь олон жил бодож явсан бизнес санаагаа хэрхэн эхлүүлэх вэ?
Удаан бөгөөд маш цэгцтэйгээр өөрийн санаагаа тайлбарлаж дууссаны эцэст түүнээс "Чи наад санаагаа эхлүүлэхэд ямар золиос гаргаж чадах вэ? Хэр хугацаа, хөрөнгө санхүү, залуу нас, эрч хүчээ зориулах вэ?" гэхэд "Одоогоор энэ бүхнийг зориулахад хараахан цаг нь болоогүй байна."
Өнгөрсөн хугацаанд "Маш гоё санаа", "Энэ яг ална", "Зах зээлийн хэмжээ нь маш том", "Чи итгэхгүй дээ", "Prius center-ийг бут цохино", "Үүнийг л хийх гэж төрсөн гэдэгтээ итгэлтэй байна", "Бусдаас давуу талтай", "Хэрэглэгчид л хараахан бэлэн биш байна" гэх мэтчилэн дэлхийг өөрчлөхөөр олон зуун санааг цаг зав гарган сонслоо. Бүгд л гайхалтай бөгөөд шинэлэг санаанууд. Хэрэгжүүлчих л юм бол алах нь тодорхой.
Гэхдээ хэрэгжүүлчих юм бол л...
Дээрх бүх санаа гол нь хэрэгжүүлэх буюу эхлүүлэх гэдэг дээрээ очоод л гацчихаад байгааг олж харж болно. Тэгэхээр яг юу болоод эхлүүлэхгүй байна вэ? Шалтгаан нь өөрийн санаандаа өөрөө ч бүрэн итгээгүй байгаад л учир нь байгаа юм. Тиймээс гаргах ёстой золиосоо гаргахгүйгээр хүлээж буй л хэрэг.
Уг нь чинхүү санаандаа өөрөө итгэж байгаа бол цаг хугацаа, эхлэлийн мөнгөө гаргаад анхны оролдлогоо хийх нь тодорхой л доо. Бодитой үнэн бол чи өөрийн санаандаа итгэж цалинтай таатай ажлаасаа гарч, үйлдэл хийгээгүй, хөрөнгө гаргаагүй байхад өөр нэгэн чиний санааг өмнөөс чинь эхлүүлж эсвэл хөрөнгө оруулахгүй гэдгийг л мартаж болохгүй.
Удаан бодож явсан санааагаа хэрхэн амжилттай эхлүүлэх вэ? Зүгээр л эхний нүүдлээ, эхний золиосоо, эхний хөгжүүлэлтээ, эхний санхүүжилтээ өөрөө эхлээд хийгээд эхэл. Тэгээд эхлүүлсэн бол хэцүү байсан ч эцсийг нь үз. Үүнээс өөр нууц байхгүй.
Энэ хүрээд бичих гэсэн санаа маань дуусчихлаа хаха. Гэхдээ ардаас нь дижитал бизнесээ эхлүүлэхийн өмнө бэлдэх ёстой хэдэн чухал зүйлсийг дурдахгүй бол болохгүй байх :)
Зорилтот хэрэглэгчид, өрсөлдөгчид, зах зээлийн чиг хандлагыг ойлгохын тулд зах зээлийн нарийвчилсан судалгаа хий. Таны бүтээгдэхүүнийг амжилттай болох эсэхийг шийдэх давуу болон сул талуудыг олж мэдэхэд зах зээлийн судалгаа хийх нь зайлшгүй шаардлагатай.
Дижитал бүтээгдэхүүнийхээ зорилго, зорилт, алсын хараа, үнэт зүйлээ тодорхойл. Энэ нь ямар асуудлыг шийдэж, хэрэглэгчдэд ямар үнэ цэнийг өгч, ямар үр дүнд хүрэхийг зорьж байгаагаа цаасан дээр буулгахыг хэлнэ шүү.
Зорилтот үзэгчдээ тодорхой тодорхойл. Тэдний хэрэгцээ, сонголт, эмзэг цэгүүдийг ойлго. Зорилтот хэрэглэгчдийнхээ тусгай шаардлагад нийцүүлэн бүтээгдэхүүнээ хөгжүүлээрэй.
Бүтээгдэхүүнийхээ хамтрагчид, мөнгө олох стратеги, маркетингийн төлөвлөгөө, санхүүгийн төсөөллийг тусгасан бизнес төлөвлөгөөг цогцоор нь боловсруулаарай.
Хэрэглэгчид таны бүтээгдэхүүнийг яагаад хэрэглэх гол шалтгаан нь та яагаад үүнийг эхлүүлсэн бэ гэдэг түүх тань болдог гэдгийг мартаж болохгүй. Тиймээс өөрийн үнэн түүхийг бага зэрэг хачирлаад хэзээд ярихад бэлэн болгоорой.
Хэрэглэгчийнхээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийхээ дизайныг гаргаарай. Демо хувилбар тань гараагүй байгаа ч энэ нь таны бүтээгдэхүүнийг хөрөнгө оруулагчдаас эхлээд хөгжүүлэгчид хүртэл ойлгоход туслах хамгийн чухал хэсэг шүү.
Оюуны өмчийг хамгаалах, мэдээллийн нууцлал, холбогдох дүрэм журмыг дагаж мөрдөх зэрэг хууль эрх зүйн асуудлуудыг яаралгүй судлаарай. Санхүүгийн боломж байвал энэ чиглэлийн хуульчтай уулзаж, зөвлөгөө тусламж аваарай.
Бүтээгдэхүүнээ хөгжүүлэхэд хөгжүүлэлтийн компаниар гүйцэтгүүлэх үү? Хөгжүүлэгчид ажилд авч, баг бүрдүүлээд хөгжүүлэлтээ явуулах уу? Эсвэл туршлагатай CTO олж, хамтдаа эхлүүлэх үү? сайтар бодож үзээд шийдээрэй.
Нэгэнт төсөл эхэлсэн бол төслийн менежмент хийж үзсэн туршлагатай төслийн менежертэй болоорой. Энэ нь таныг төслөө амжилттай эхлүүлсэн шигээ дуусгахад тань туслах болно. Эсвэл өөрөө энэ ур чадварыг эзэмшээрэй.
Дижитал бүтээгдэхүүнээ хөгжүүлж дуусмагч зах зээлд хэрхэн танилцуулах вэ? Хэрхэн сенсаци бий болгох вэ? Хэрхэн анхны хэрэглэгчдээ олж авах вэ? гэдэг дээр төлөвлөгөө гаргаарай.
Бүтээгдэхүүнээ зах зээлд гаргасны дараах үе үүнд орно. Үүнд хэрэглэгчийн санал хүсэлтийг шийдвэрлэх, алдааг засах, бүтээгдэхүүнийг тасралтгүй сайжруулах зэрэг орно.
Дижитал бүтээгдэхүүнээ сурталчлах маркетингийн төлөвлөгөө боловсруулаарай. Үүнд зорилтот хэрэглэгчдэдээ хүрэх цахим болон цахим бус стратеги багтана.
За зээрх алхмуудыг төлөвлөсөн бол таны бүтээгдэхүүн амжилттай эхлэл тавихад нэг алхам ойртлоо гэсэн үг.
Дээрх алхмуудыг хийхэд танд туршлага, чадвар дутаж байгаа эсвэл зөвлөгөө дэмжлэг хэрэгтэй бол бид PROSEED зөвлөх үйлчилгээг нээсэн байгааг дуулгахад таатай байна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://proseed.mn вэбсайтаас аваарай.
Төгсгөлд нь нэг зүйлийг давтан хэлэхэд ДИЖИТАЛ БҮТЭЭГДЭХҮҮН бол нэг хөгжүүлээд гаргачихад л болдог зүйл огтоосоо биш бөгөөд урт хугацаандаа тасралтгүй хөгжүүл, сайжруулж явдаг гэдгийг хэзээ ч битгий мартаарай.