Компанийнхаа 5 жилийн санхүүгийн төлөвлөгөөгөө хэрхэн гаргах вэ?

Батжа
Батжа
2024-09-16

Монголчууд бидний хувьд хөрөнгө оруулалтын тухай хуулиар амьсгалсан өдрүүд болж өнгөрлөө. Маш чухал хууль хэдий ч сонгуулийн жил давхцсан тул улс төржилт давхар хүчтэй явагдаж байгаа нь энэхүү хуулийг олны анхааралд авч ирэхэд чухал нөлөөтэй байсан гэж бодож байна. Энэ жил ч хэдүүлээ их улс төржих байхдаа.

“Чи улс төрийг сонирхохгүй байсан ч улс төр чамаар оролдоно.”Грекийн сэтгэгч Перикл

За дээрх алдартны хэлсэн үгнээс цаашаа улс төржилгүй нийтлэлдээ оръё. Нээрээ урам өгсөн коммент сэтгэгдэл үлдээж байгаад тун их баярлаж, урамшиж байгаа шүү.

Өнөөдөр хамтдаа компанийнхаа 5 жилийн санхүүгийн forecast-ыг гаргаж сурцгаая. Миний хувьд санхүүтэй холбоотой мэдлэг огт байхгүй байж байгаад хэцүү хүнд замыг туулж, санхүүгийн багахан мэдлэгтэй болж авсан. Тэр мэдлэгээсээ та бүхэндээ хэрэг болох бол чадах мэдэх бүхнээ бага багаар хуваалцсаар байх болно.

Юун түрүүнд орлого үр дүнгийн үзүүлэлтийн талаар авч үзье.

Энд дараах утгуудыг ойлгоно.

1. Борлуулалтын орлого

Та 2020 оноос хойш борлуулалт хийж эхэлсэн гэж үзье. Түүн дээрээ үндэслээд ирэх 5 жилийн төлөвлөлтөө гаргаж байгаа. Таны өнгөрсөн 2020, 2021 оны хооронд хийсэн борлуулалтын өсөлтийн хувь жилийн 30% орчим хувь байсан гэвэл цаашид мөн жил тутамдаа тэр хэмжээний өсөлт үзүүлнэ гэж өсөлтийн хувиа оноож өгч байгаа гэсэн үг. 2022 он бол санхүү төлөвлөлтийн нарийвчилсан төлөвлөлтөө хийж өгсөн тул таамаглал дэвшүүлэх шаардлагагүй юм.

2. Борлуулалтын хөнгөлөлт

Ямар ч бүтээгдэхүүн үйлчилгээ байсан борлуулалтаа дэмжих хөнгөлөлтийн хувийг урьдаас тооцоолж, нөөц үүсгэдэг. Ихэнх компанид энэ хэмжээ 5% байдаг.

3. Борлуулалтын буцаалт

Борлуулалт хэдий хийгдсэн ч гологдол бүтээгдэхүүн гарах, эсвэл хэрэглэгчийн сэтгэл ханамжаас хамаарсан буцаалт үүсдэг. Үүнийг төлөвлөлтөнд ихэнхдээ 5%-иар тооцдог.

Таны бизнест технологийн зөвлөгөө, сургалтаар туслах
 мэргэжилтнүүдийн нэгдэл

4. Борлуулалтын урамшуулал, борлуулалтын үнийн бууралт

Энэ хэсгийг шаардлагатай тохиолдолд нийт борлуулалтын хэдэн хувьд байхыг оруулж өгч болно. Энэ удаагийн жишээнд энэ хэмжээг шаардлагагүй гэж үзсэн тул 0% дээр тооцлоо.

5. Нийт ашгийн маржин

Нийт ашиг = Цэвэр борлуулалт – Борлуулсан бүтээгдэхүүн үйлчилгээний өртөг /ББӨ/

За тэгэхээр нийт ашгийн маржин буюу нийт ашгийн хувь гэдэг нь дээрх бодолтоор гарж ирсэн дүнг Цэвэр борлуулалтанд эзлэх хувиар гаргаж ирнэ.

6. Зардлын өсөлт

Үүнд үйл ажиллагааны зардлыг жил бүр хэдэн хувиар өсөх хувийг зааж өгөх юм шүү. Борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд өмнөх оноосоо мэдээж илүү зардал гаргах хэрэгтэй болно. Мөн мөнгөний ханш жил бүр унаж байгаа тул ажилтнуудынхаа цалинг нэмэгдүүлэх хэрэгтэй болно гэх мэт зардлууд мэдээж нэмэгдэнэ. Дундажаар 20% дээр өсөлтөө баривал зүгээр байх.

За орлого үр дүнгийн үзүүлэлтүүдээ оруулчихлаа. Одоо хамтдаа дээрх үзүүлэлт дээрээ үндэслэн 5 жилийн төлөвлөлтөө гаргацгаая.

За тэгэхээр та түрүүн хэлсэнчлэн 2020 болон 2021 онд үйл ажиллагаа явуулсан бөгөөд таны санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг 2020 Г, 2021 Г гэсэн хэсэгт дуудан оруулсан байгаа шүү.

1. Борлуулалтын орлого /цэвэр/

Цэвэр борлуулалтын орлого = Нийт борлуулалтын орлого – Борлуулалтын хөнгөлөлт буцаалт

Дээрх бодолтоор таны цэвэр борлуулалт гарна. Та 2020 онд 370.8 сая, 2021 онд 468.0 сая төгрөг борлуулалт хийсэн, 2022 онд 656.5 сая төгрөгийн борлуулалт хийхээр төлөвлөсөн бөгөөд үүн дээрээ борлуулалтын орлогын өсөлтийн үзүүлэлтээрээ ирэх 4 жилээ үржүүлээд тооцоолчихож байгаа юм. Үүнээс цаашаа бүх бодолт энэ зарчмаар явах тул утгуудыг нь л тайлбарлаж өгье.

2. Борлуулалтын хөнгөлөлт буцаалт

Борлуулалт гүйцэтгэх үед гарсан гологдол буцаалт мөн борлуулалтаа нэмэгдүүлэхээр гаргасан хөнгөлөлт урамшууллыг энд тооцож үзнэ.

3. Борлуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг /ББӨ/

Та аарцтай боорцог хийлээ гэж бодъё. Тэгвэл ББӨ гэх ойлголтод дараах зүйлс орно.

ББӨ = Аарц, сахар, гурил гэх мэт бүх түүхий эдийн худалдан авалтын төлбөр + Үйлдвэрлэх явцад оролцсон бүх ажилтны цалин урамшуулал + Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн ашиглалт, элэгдэл г.м

4. Нийт ашиг

Нийт ашиг гэж Цэвэр борлуулалтаас ББӨ хасаад гарч ирэх ашгийг хэлнэ. Жишээгээр бол 2020 онд 68.8 сая төгрөг байсан бол 2021 онд 172 сая болж нэмэгджээ.

5. Нийт үйл ажиллагааны зардал

За та хийсэн аарцтай боорцогоо дэлгүүрүүдэд хүргэж өгөх зардал, түүнийгээ хүмүүст таниулах маркетинг зардал, мөн зарах дэлгүүр тоог нэмэгдүүлэх, чанарыг нь ахиулахын тулд борлуулалтын албаны гарсан зардал мөн нэмээд танай арын албаны суудаг оффис түрээс, ашиглалтаас эхлээд бүх зардлыг энд тооцно.

6. Үйл ажиллагааны ашиг

Үйл ажиллагааны ашиг = Нийт ашиг – Нийт үйл ажиллагааны зардал

7. ХТЭХӨАшиг /EBITDA/

Элэгдэл хорогдол, зээлийн төлөлт, татварын өмнөх ашгийг EBITDA ашиг гэдэг. Энэ үзүүлэлт нь таны бизнесийн чухал үзүүлэлтийн нэг юм. EBITDA ашиг хасах байгаа тохиолдолд таны бизнес асуудалд орсон байна гээд шууд хэлчихэж болно.

8. Цэвэр ашиг

Борлуулалтаас бүх зардлууд, татвар, зээл гээд бүгдийг хасаад ард нь компанийн дансанд үлдэх ашгийг хэлж байгаа юм. Цэвэр ашигтай л ажиллаж байгаа бол таны бизнес BEP-доо хүрсэн гэсэн үг. Ер нь бол ашиг ч үгүй, алдагдал ч үгүй болохийг BEP гэдэг л дээ.

За одоо компанийн хувьд тун чухалд тооцогдох хувийн үзүүлэлтүүдтэй танилцъя.

1. Нийт ашгийн хувь

Таны хийж буй бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ ББӨ ард гарахдаа хэдэн хувийн ашиг олоод байгааг энд илэрхийлэх юм.

2. EBITDA ашгийн хувь

Нийт ашгаас цаашаа ҮАЗ хасаад гарч ирэх ашгийн хувийг EBIDTA% гэдэг.

3. Цэвэр ашгийн хувь

Та өөрийн хүч, хөдөлмөрийг зарцуулсны эцэст хэдэн хувийн ашиг олоод байгааг энд илэрхийлнэ.

Ерөнхийдөө би танд маш үнэтэй мэдээлэл өглөө.

Төсөвлөсөн бланс болон төсөвлөсөн мөнгөн гүйлгээний талаар энэ нийтлэлийн үргэлжлэл болгож дараа дараагийн нийтлэлээрээ ярилцъя.

Та санхүү бүртгэлийн дээрх хэдэн мэдээллийг уншаад ойлгоод сурчихад өөрөө бизнес эрхэлдэггүй юм аа гэхэд хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч болох болон эсвэл эзэмшиж буй хувьцаат компанийхаа санхүү байдлын тайланг ойлгоход тунчиг хэрэгтэй юм.

Дээрх төлөвлөлтийг хийхэд танд туршлага, чадвар дутаж байгаа эсвэл зөвлөгөө дэмжлэг хэрэгтэй бол бид PROSEED зөвлөх үйлчилгээг нээсэн байгааг дуулгахад таатай байна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://proseed.mn вэбсайтаас аваарай.

Намайг дагаарай:

Бүртгүүлээд бүх нийтлэлийг уншаарай.

Таны бизнест хэрэг болох үнэтэй нийтлэлүүдийг өөрийн туршлагаасаа нээлттэй хуваалцсан тул танд тус болно гэдэгт итгэлтэй байна. Манай коммунитид нэгдсэнээр үнэ цэнтэй нийтлэлүүдийг маань үнэгүй уншаарай.

Коммунитид нэгдэх
Коммунитид нэгдэх
Коммунитид нэгдэх