Хагийн хар нуур луу аялсан тэмдэглэл

Батжа
Батжа
2023-09-11

Энэхүү блогоороо дамжуулан бид өөрсдийн аялсан газар нутаг, тэдгээрт хүрэх зам, аяллын адал явдал, сонин сайхнаас уншигч та бүхэндээ чадан ядан хүргэж байхаар шийдлээ. Гол нь эдгээр бичвэрээс та тухайн газарт хэрхэн очих, аялахын өмнө ямар ямар бэлтгэл хангах зэрэг өөрт хэрэгтэй зүйлсийг олж авахад туслах нь юм. Мөн алдаа дутагдалтай бичвэр, мэдээлэл оруулсан байх магадлалтай цэвэр хувь хүний үүднээс харан бичсэн тул ойлгон хүлээн аваасай гэж хүсэж байна.
Энэ удаа Хагийн хар нуур луу явган аялалд явлаа. Урд нь тухайн нуур луу явж байгаагүйг юун түрүүнд хэлэх хэрэгтэй байх. Манай багаас Хагийн хар нуур луу өмнө нь 10 сард очиж байсан туршлагатай ганц хүн байсан нь бидний хөтөч болсон юм.

Байгалийн үзэсгэлэнт байдал, онцлог: Хүний хөл хүрээгүй онгон дагшин байгаль, Нуур уул болон модон дунд орших тул өглөө оройдоо тун үзэсгэлэнтэй, намаг чийг ихтэй.

Ан амьтан: Бодон, баавгай, хандгай, алган загас, зурхай загас

Аялах тохиромжтой улирал:
Зун (Тохиромжтой улиралд тооцогдоно. 7 болон 8 сард явахыг зөвлөх байна. Ганц асуудал нь 7 сард ялаа, шумуул, хөх түрүү маш ихтэй. Мөн борооны улирал тул намаг шалбааг элбэг.)
Намар буюу 9 сар (Хүйт орохоос өмнө ялаа, шумуул багатай байх тул аялах хамгийн таатай улирал гэж бодож байна. Дулаан хувцас, зузаан цамц, өмд авч явахаа мартав.)
Өвөл (Энэ улиралд гол хөлдсөн байдаг тул ихэвчлэн машинтай аялал хийдэг.)

Үзэх боломжит газрууд:
– Мэдээж хэрэг хагийн хар нуур
– Хагийн хар нуураас цааш 20 гаруй км яваад 3 нуур болон Естийн рашаан гэж байдаг. Нэг аялсаных халуун рашаанд ороод буцаарай гэж зөвлөх байна. Мориор нуураасаа цаашаа 1 өдөр явж хүрдэг.
2016.07.09
Аяллын өмнөх өдөр
Маргаашийн аялалдаа бэлтгэх ажилдаа ханцуй шамлан орлоо. Наадмын амралт эхэлсэн тул ардаа ажил гэх санаа зовоох зүйл нэгээхэн ч байгаагүй нь сэтгэл амар мэдрэмж өгч байсан.

Юун түрүүнд явган аялал тул авч явах хувцасаа хэрхэн бэлтгэхдээ анхаарал хандуулсан юм. Тиймээс бүх хувцасаа ангилан гялган уутанд тус тусад нь чамбайлан боолоо. Явган аялалд онц шаардлагагүй л бол ачаагаа хөнгөлөх үүднээс аль болох цөөн тооны хувцас авч явах хэрэгтэй гэдгийг энэ удаагийн аяллаар ойлгож авсан. Жишээ нь:
– 2 ээлжийн гутал (2 гутлаа ээлжилж өмсөн ээлжлэн хатаагаад явбал зүгээр, мөн боломжтой бол усны гутал нэмээд аваад явахад их хэрэг болно. Хамгийн чухал нь аялалд хэзээ ч битгий шинэ гуталтай явж байгаарай. Шинэ гутал нь хөлд суугаагүй байдаг тул таны хөлийг маш их холгож явах аргагүй болгоно. Гутал нь арьсан ус чийг бага нэвтрэхээр байвал сайн. Мөн хөнгөн чанарын пүүзэн гутал 1 нь байвал зүгээр гэж зөвлөх байна.)
– Усны таавчиг, шаахай
– 10 ээлжийн оймс (Хуурай оймс олон байх нь чухал)
– 5-6 дотуур хувцас
– Борооны хүрэм
– Борооны цув (Цүнхээ бүрэн бүтээж далдлахаар, цүнх зориулалтын борооны хамгаалалттай бол шаардлагагүй)
– 2 ээлжийн өмд (Аяны зориулалттай хурдан хаттаг)
– 1 ээлжийн шорт (Богино өмд)
– Дулаан аяны цамц (Даавуун)
– 2 ээлжийн подволк (Даавуун)
– Мөн аялалд нэн тэргүүнд хэрэгтэй гэж тооцогдох аяны хөнжил, гар чийдэн, хутга, асаагуур, халуунаа барьдаг сав зэргийг бэлтгэсэн.
– Дараагийн ээлжинд эмийн сан бэлтгэсэн. Үүнд: Харшлын эмнүүд, гэдэсны эм, толгойн эм… гэх мэт. Мөн анхны тусламж үзүүлэхэд хэрэгцээтэй боолт, бэнт, шархны лэнт, хөвөн, спирт зэргийг авч явах нь чухал.
– Үүний дараа аяны жижиг сандал байвал их зүгээр, хээр газар сууж жиндэхгүй. Хоол ундаа идэхэд ая тухтай.
– Нэмээд зураг авах хэрэгсэлээ бэлтгэж авч явах хэрэгтэй. Мэдээж аялалаас дурсамжаас гадна зураг үлддэг хойно. Мэргэжлийн аппарат байвал сайн зураг авах ч овор ихтэй, жин их татна зэрэг сул талтай. Тиймээс аль болох авсаархан тэгэхдээ таны шаардлагад нийцэхүйц аппарат авч явбал зүгээр. Жишээ нь GoPro Hero3, Hero4 гэх мэт. Тухайн аппарат нь ус доргионы хамгаалалттай бол сайн.- За тэгээд гал тогооны хэрэгсэл хэрэгтэй. Энэ удаад манай аялалын ахлагч маань гал тогоогоо хариуцаж явж байгаа тул бэлдэх шаардлага байсангүй. Дээр дурдсан аяга, халбагаа аваад л явахад хангалттай байлаа. Аянд шил шаазан аяга авч яваад хэрэггүй. Харин модон, хуванцар, төмөр аяга авч явбал зүгээр.Ийнхүү миний аяны бэлтгэл хангагдлаа.

2016.07.10
Аяллын анхны өдөр
Бид өглөө 6:30 гэхэд Улсын Драмын Эрдмийн Театрын урд цугларахаар тохиролцсоны дагуу цагтаа үүргэвчээ үүрэн ирлээ. Харамсалтай нь аяллын багаас 1 ч хүн болзсон цагтаа ирсэнгүй. Ганцаар 20 минут хүлээсний дараа аяллын ахлагч маань биднийг зорьсон газар хүргэж өгөх унааны хамт ирлээ. Үүнээс дахин 30 минутын дараа дараагийн 2 аялагч ирлээ.Мөн үүнээс дахин 30 минутын дараа сүүлийн 3 аялагч маань ирж нэгдсэнээр бид 7:50 цаг гэхэд нэг юм багаараа бүрдлээ. Бүтэн 1 цаг 20 минутын дараа баг бүрдсэн гэхээр монголчууд бидний цагт хэрхэн ханддаг вэ гэдэг харагдаж байгаа юм. Аливаа аялалд ялангуяа уулын алхалтанд бол цаг гэдэг маш чухал ойлголт байдаг гэж боддог. Мөн цагаасаа хоцорсноор бусдыг хүлээлгэх, өөрөөр хэлбэл бусдыг үл хүндэлсэн хэрэг юм. Тиймээс боломжтой бол аялалд цагтаа очиж байгаарай гэж хүсэх байна.
Бид унаандаа суун Тэрэлжийн Цонжин болдогоор төв замаасаа салан явсаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт ирлээ. Энэ хүртлэх зам нь тийм ч хэцүү биш юм. Гол нь замын турш бороо орж байсан тул хальтаргаа ихтэй байлаа. Мөн томоохон даваа давж явдаг тул шатахуунаа хангалттай авч явах хэрэгтэй.
Улаанбаатар хотоос -> Төв аймгийн Эрдэнэ сум Босгын гүүр = 150 км

Босгын гүүр нэртэй гүүрний харалдаа бид унаанаасаа буулаа. Үүнээс цааш дахин 10-15 км яваад Жалман нэртэй жуулчны бааз байх бөгөөд тэр хүртэл унаагаараа хүргүүлэх нь зөв. Зам нь ч амар. Гол нь бидний унааны шатахуун замаа буруу тооцсоноос болж дуусах болсон тул энд буусан юм.

Эндээ ачаа бараагаа дахин хуваарилан хүнсний болон уух зүйлс, майхан хөнжил гудсаа хуваан ачаандаа бэхлэн үүрлээ. Явган аялалд олон өдрөөр явах бол сайн чанарын аяны цүнхтэй байхгүй бол даац хэтэрсэнээс болж үүргэвч нь тасрах сэтрэх гэх мэт хүндрэлүүд үүсэх боломжтой. Бидний хүн бүрийн ачаа ойролцоогоор 30 кг татаж байсан. Манай аяллын ахлагч болон зарим нэг залуусын ачаа 50 кг гарсан байх. Ийм хэмжээний ачаатай 2оос 3 өдөр алхана гэдэг тийм амар зүйл биш юм байна лээ.Анхны өдөр босгын гүүрнээс цааш Жалман амралтын газраар дайран 30 км орчим алхсаны эцэст Туул голын бэлчирт хоноглосон.

Эхний өдрийн зам ерөнхийдөө боломжийн шавар шалбааг багатай байсан. Мөн торлог бараг л тааралдаагүй. Замдаа 2-3 жижиг гол гаталсан.

2016.07.11 Аяллын 2 дах өдөрБид өглөө 10 цагийн үед алхалтаа цааш үргэлжлүүлсэн.Энэ өдөр нийт 20 орчим км алхалт хийсэн. Зам голынхоо баруун талаар маш хүндрэлтэй алхах зай багатай, жим байхгүй ихэвчлэн намаг шалбааг, нүүр давсан өндөр шигүү торлог, налуу уултай байсан тул алхалт маш хүнд болж ирсэн. Тэр хэрээрээ удаан явсан. Яаж ийгээд голоо дагаж явсаар Туул гол, Хагийн голын бэлчир дээр ирсэн. Эндээс цааш аль нэг голыг даган алхах хэрэг гарсан. Бид туул голыг даган алхах шийдвэр гаргасан. Энэ маш буруу шийдвэр байсан зурагт үзүүлснээр баруун гар талын зам жим багатай гол гатлах хэрэгцээ ихтэй хүнд, харин зүүн салсан буюу Хагийн голоо дагасан зам нь жимтэй шавар шалбааг багатай зэрлэг амьтан багатай байсан болж таарсан. Бид хэцүү замыг сонгосноо дараа нь мэдсэн.

Энэ өдрийн зурагнуудаас

Орой биднийг буудаллахад бороо орж эхэлсэн.2016.07.12Аяллын 3дах өдөрӨглөө биднийг битүү манан бороо хүлээж байсан. Нилээд норж даарсан тул бага зэрэг зутрах шинж орж эхэлсэн. Бид энэ өдөр зорьсон газар хүртлээ алхах хэрэгтэй байсан.

Замын хувьд харьцангуй амар болж эхэлсэн. Голоо даган эргэсний дараагаар жимтэй нийлэн цаашид алхахад амар болсон. Харин замд баавгай ихтэй юм байна лээ. Замд унаганы сэгтэй таарсан. Мөн нуур луугаа дөхөн ирэхэд жим дагасан баавгайн цоо шинэхэн мөр дүүрэн байсан. Нуур луу орохын өмнө томоохон даваа давдаг. Энэ даваа лаг шавар ихтэй ихээхэн хүч шавхсан амаргүй даваа байна лээ.

Энэ өдрийн зурагнууд

Бид увж цуван нуур дээр ирцгээсэн. Эхний алхагч 16:00 цагт ирсэн бол сүүлийн хүн 18:00 цагт нууран дээр ирсэн.Энэ өдрийн алхалтыг их өлсөлтийн алхалт гэж нэрлэмээр байна. Учир нь зам хол бартаатай тул бид бүгд нилээдгүй зайтай тус тусдаа тасран алхацгаасан. Хүнстэй алхагч маань хойно үлдсэн тул замд идэх зүйл хомс байсан тул хүнд цүнхтэй нилээд туйлдаж ирсэн. Загас барих туршлагатай аялагч маань загас барин орой загасны шөл хийж идсэн. Нуур алган загасаар элбэг тул загас барих тун асуудалгүй юм байна лээ.Бидэн дээр орой нутгийн залуу зочлон ирж, маргааш манай багийн 4 хүн мориор буцахаар болсон. Үлдсэн 3 нь нууран дээрээ дахин 1 хоноод алхаж буцах болсон.

2016.07.13 Аяллын 4 дэх өдөрӨглөөний хоолоо идээд нуурын баруун талаар тойрон нөгөө эрэг дээр очиход шавар бартааны зориулалттай тоноглосон Pajero маркийн жийп 4 залуу болон нутгийн морь хариуцсан залуугийн хамт угтсан. Бидэнд 1 машин, 6 морь, 9 хүн байсан. 4 нь машиндаа суун 1 морио ачлагны морь болгоод үлдсэн 5 нь морьтой явцгаасан. Энэ удаа Хагийн голоо даган буцсан.

Морьтой явахад зам хурдан өнгөрч байсан ч бид машинаа хүлээн явах хэрэгтэй болсон. Учир нь зам маш их шавартай байсан. Бид явсаар 2 голын бэлчирийн өмнөхөн ихээхэн шаварт суун гарч чадалгүй удсаар тэндээ хоносон.

2016.07.14 Аяллын сүүлийн өдөрЭнэ өдөр машин шаварнаас гарч цааш морьтой давхисаар саадгүй Жалман жуулчны бааз дээр ирсэн. Хагийн хар нуур луу морьтой явбал их зүгээр гэж зөвлөх байна. Гол нь морь амархан үргэнэ. Мөн зам бартаа шавар ихтэй тул морьноос унах магадлал тун өндөр гэдгийг бодолцож үзээрэй.

Энэ өдөр Эрдэнэ сумаар дайран цагаан идээгээр дайлуулаад нутгийн морьны эзэн залууг буулгаад 2 жийпэнд хуваагдан хотын зүг хөдөлсөн. Биднийг хамт авч явсан 4 залууд баярласан талархсанаа дахин дахин хэлмээр байна. 2 өдөр хооллон, хот хүртэл хүргэж өгч, замын турш биднийг уйдааж өлсгөөгүй мундаг залуус байсан.Бид шөнө 12 цагийн үед хотод ирсэнээр аялал өндөрлөсөн.Энэ удаагийн аяллаар Хагийн хар нуур луу явган, машинтай, морьтой явж болох бараг бүх л аргаар явж үзлээ. Аан тийн биднийг буцаж байхад хувийн нисдэг тэрэгтэй хүмүүс нуурын зүг явж байсан. Дараа нисдэг тэргээр очиж үзнээ ккк.

Намайг дагаарай:

Бүртгүүлээд бүх нийтлэлийг уншаарай.

Таны бизнест хэрэг болох үнэтэй нийтлэлүүдийг өөрийн туршлагаасаа нээлттэй хуваалцсан тул танд тус болно гэдэгт итгэлтэй байна. Манай коммунитид нэгдсэнээр үнэ цэнтэй нийтлэлүүдийг маань үнэгүй уншаарай.

Коммунитид нэгдэх
Коммунитид нэгдэх
Коммунитид нэгдэх