2016 оны эхээр Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхан руу хийсэн аялалын тэмдэглэлээ хүргэж байна.
Оргилын өндөр: 2799 метр
Аяллын маршрут: Улаанбаатар – Төв аймаг Эрдэнэ сум
Ан амьтан: – Хандгай- Аргаль угалз- Хойлог- Хун- Буга- Хэрэм- Тарвага- Зэрлэг гахай- Баавгай г.м
Үзэх боломжит газрууд:– Алтан өлгий- Хагийн хар нуур
Аялах тохиромжтой улирал:– Зуны дэлгэр цагт очвол тохиромжтой ч машин очих боломж бараг байхгүй. Замын байдлаас шалтгаалан ихэвчлэн өвлийн цагт, эсвэл хавар эртдээ голын ус хөлдүү үед зорин очдог.
2016.01 сарын эхэн хагаст Асралт хайрханыг зорьсон. Ид есийн хүйтэн тачигнаж байсан үе таарсан болохоор өвлийн хамгийн оргил үе гэхэд болно.
Ширүүн шуурга ихтэй байсан тул харанхуйд замаа ололгүй отог руугаа буцаж, гэгээ орсоны дараа дахин авиралт хийж оргил дээр гарсан.
Асралт хайрхан нь 2 удаагийн огцом өгсүүр байдаг тул алхалтын дунд ядрах, сульдах асуудал тулгардаг. Тиймээс хүнс болон биеийн бэлтгэл сайтай байх шаардлагатай.
Оргил руу гарах 2дах өгсүүрийн замын хажуугаар огцом хясаа, жалга байдаг тул салхи ихтэй болон харагдах орчин муу үед унаж эрсдэх магадлалтай тул тун болгоомжтой явах шаардлага тулгарч байсан.
Оргил дээр гарахад цасан шуурга ихтэй, -50C градус хүйтэн байсан тул удаан байх боломж багатай байлаа. Мөн нүүр, хацар болон ил гарах хэсгүүдээ сайтар битүүлж, дулаан гутал болон хувцастай явахгүй бол өвлийн цагт хөлдөх эрсдэлтэй.Манай багийн нилээд гишүүд хацраа хөлдөөсөн гэдгийг онцлох нь зөв байх.
Асралт хайрхан бол олон уулчдын анхны авиралтаа хийдэг оргил бөгөөд хэрэв та уулын спортыг сонирхож эхэлж байгаа бол Асралт хайрханыг зориорой гэж захих байна.