Ecommerce старт-ап эхлүүлэх гэж байна уу?

Батжа
Батжа
2023-11-26

Миний бие интернет худалдаа болон ложистикийн старт-ап бизнесүүдийг 2018-2021 оны хооронд санаачилж, удирдаж байсан туршлагатай.

Анх 2018 онд төсөл бичиж байх үед вэбсайт бүтээгээд дээр нь бараа байршуулаад тэрийгээ дижитал маркетинг ашиглан сурталчилаад л бүх зүйл окэй гэж бодож байсан би өнгөрсөн хугацаанд олон удаа амаа ардаа гартал алгадуулсан гэхэд болно.

Мэдээж алдаа бүр, алхам бүр туршлага… Туршлагыг их сургуульд эсвэл онлайн курсын хичээл үзсэнээр олж авдаггүй.

Өнөөдөр Монгол улсад 600 гаруй интернет худалдааны компани бичиг баримтаа авч, улсад бүртгэлтэй явж байгаа бол 120 гаруй нь идэвхитэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Идэвхитэй гэдэг нь вэб платформ бүтээж, банкны төлбөрийн мерчантууд холбосныг нь л хэллээ. Үүнд хамаарахгүй ч цахимаар бараа бүтээгдэхүүн зарж, түүнээсээ ашиг орлого олдог компани хувь хүмүүсийг дурдвал үүнээс хэд дахин давсан тоо гарах биз ээ.

Мэдээж ийм олон икоммерс манайх шиг жижиг зах зээлд оршин тогтнох боломжгүй. Тиймээс энэ бүх хөөсрөлт нэг өдөр хагарна. Ялагч цөөнх нь үлдэнэ. Аль нь үлдэхээс үл шалтгаалан энэ өрсөлдөөний эцэст хэрэглэгч хожих болно.

За гол сэдэв рүүгээ орьё. Миний туршлагаар икоммерс дараах зайлшгүй хэд хэдэн бүтэц бүрэлдэхүүнтэй байх шаардлагатай. Үүнд:

Marketspace

Хамгийн түрүүнд мэдээж бараа бүтээгдэхүүн байршуулаад, түүнийгээ хэрэглэгчдэд зарах платформ хэрэгтэй. Үүнийг дотор нь хэрэглэгч эсвэл бизнест суурилснаар нь 3 ангилна.

  • B2C

Бизнесээс хэрэглэгч рүү чиглэсэн шийдэл. Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх икоммерс сайтууд яг энэ загвар дээр суурилсан байна. Жишээ нь: www.shoppy.mn, www.bananamall.mn, www.ardshop.mn гэх мэт.

  • B2B

Бизнесээс бизнес рүү чиглэсэн шийдэл. Уг шийдэл тулгуурласан бизнесүүд олон байдаг ч цахим худалдааны систем болон хөгжсөн нь одоогоор бага байна. Жишээ нь бөөний худалдааны платформуудыг нэрлэж болно. Мөн сүүлийн үед нийлээдгүй хүч түрэн гарч ирж байгаа www.Odo.mn -ыг дурдаж болох юм.

  • C2C

Хэрэглэгчээс хэрэглэгч рүү чиглэсэн шийдэл. Хэрэглэгч хэн байхаас үл шалтгаалан өөрийн хүссэн барааг зарах боломжийг бүрдүүлдэг. Эсрэг талд нь хүлээн авагч нь мөн л хэрэглэгч байх бөгөөд цахим систем нь эдгээр хэрэглэгчдийн хоорондын харилцааг шийдвэрлэж өгсөн байдаг. Энэ шийдлийн икоммерсууд Монголд олон байдаг бөгөөд, хөгжөөд нилээдгүй удаж байна. Жишээ нь: www.unegui.mn, www.zar.mn гэх мэт.

Дээрхийн аль ч чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжтой бөгөөд ихэнхдээ аль нэгнээс нь эхлээд бусдыг нь нэвтрүүлдэг жишиг олон улсад тогтсон байна. Үүнийг бид энэхүү нийтлэлийн гол зураг болох Алибаба группын бүтэцээс харж болох юм.

Logistics

  • Delivery

Ихэнхдээ бид икоммерсыг маркетспэйсээр л төсөөлөөд хүргэлтийн шийдлийг төдийлөн ойшоохгүй орхигдуулах нь байдаг. Гэтэл хамгийн чухал хэсэг нь хүргэлт юм. Өнөөдөр хүргэлтийн олон компаниуд интернет худалдааны хөгжлийг даган гарч ирж байна. Үүнд: Kgb tegbe, Монгол шуудан, Шонхор, Ub express гэх мэт. Үүн дээр нэмэгдээд таксины үйлчилгээ үзүүлдэг компани, аппликэйшнүүд мөн хүргэлтийн үйлчилгээг үзүүлдэг. Энэ дунд дурдахгүй өнгөрч болохгүй хүргэлтийн компаниуд байдаг нь хоол хүргэлтүүд юм. Ер нь анх гэртээ ямар нэг барааг хүргүүлээд авч болдог юм байна гэдэг хэвшлийг пицца хүргэлтийнхэн нутагшуулж байсан гэхэд болно. Үүний улмаас бүх хүргэлт хоол хүргэлт шиг 1–2 цагт багтан ирэх ёстой гэдэг бичигдээгүй хүлээлт ч мөн үүссэн байх.

Хэдий олон олон хүргэлтийн шийдлүүд бий болж байгаа ч Монгол улсын онцлог, хөгжлийн төвлөрсөн байдал, хотын түгжрэл, хаягжилтын ойлгомжгүй байдал зэрэг хүчин зүйлсээс хамааран өндөр үнэлгээтэй байна. Үүнд тохирох системчилсэн, ирээдүй чиглэсэн шийдэл хараахан бий болоогүй байгаа юм.

  • Warehouse

Логистик гэхээр дурдахгүй орхиж болохгүй зүйл бол агуулах юм. Хэрэглэгчээс хэрэглэгч рүү чиглэсэн байна уу. Бизнесээс хэрэглэгч рүү чиглэсэн байна уу гэдгээс үл хамааран бараа дамжиж л байгаа тохиолдолд агуулах нь зайлшгүй хэрэгцээтэй байдаг.

Бизнесээс хэрэглэгч рүү чиглэх үед тухайн нийлүүлэгчийн бараа бүтээгдэхүүнийг түр хадгалах, тухайн хадгалалтаас хүргэлтэд шилжүүлэх зорилгоор, мөн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг бэлэн байлгах зорилгоор ашигладаг бол хэрэглэгчээс хэрэглэгч рүү чиглэсэн үед бараа бүтээгдэхүүнийг хаягжуулах, ялган ангилах, дамжуурга байдлаар ашигладаг.

Агуулах хэр ухаалаг, мөн технологийн шийдэл шингэсэн байна тэр хэрээр бүтээмжит байдал нь нэмэгдэж, ашигт үйлдэл нь ихэсдэг.

Payment

Төлбөрийн систем гэхээр юун түрүүнд Монгол улсад технологийн түүчээ болон хөгжсөн финтекүүд толгойнд буух байх. Гэхдээ энэ нь миний дурдах гэсэн төлбөрийн шийдлээс арай өөр гаргалгаа юм. Төлбөрийн системийн загалмайлсан эцэг гэж ч хэлж болох олон улсын шийдэл нь та бидний мэдэх Paypal юм.

Paypal -ын санал болгож байгаа үйлчилгээ нь тун энгийн юм. Хэрэглэгч аливаа нэг интернет худалдааны сайтаас барааг худалдан авахдаа paypal холболтыг сонгоод төлбөрөө шилжүүлэхэд болно. Мэдээж Paypal дээр өмнө нь бүртгэл үүсгэн өөрийн картын мэдээллийг оруулсан байх шаардлагатай.

Үүнд бусдаас онцлох гол онцлог нь итгэлт байдал юм. Өөрөөр хэлвэл Paypal холбогдсон интернет худалдааны ямар ч сайтын өмнөөс paypal өөрсдөө хариуцлага хүлээдэг бөгөөд, бараа хэрэглэгчийн гарт очоод баталгаажсан тохиолдолд төлбөрийг нь худалдаалагч тал рүү шилжүүлдэгээрээ маш сонирхолтой шийдэл юм.

Монголд карт дээр суурилсан төлбөрийн шийдлийн өрсөлдөөн одоо л эхэлж байна. Үүний гол тоглогчид нь мэдээж SocialPay, Qpay үүнтэй зэрэгцээд SuperUp, Hipay, Redpoint орно.

Дээрх үндсэн бүрдлүүд нь интернет худалдааны буюу икоммерсийн бизнесийн цөм нь юм. Үүнээс салаалсан үүлэн технологийн үйлчилгээ, дата анализын үйлчилгээ гээд олон олон дурдаагүй бүрдлүүд гарч ирдэг.

Дараа дараагийн нийтлэлээрээ үндсэн бүрдэл хэсгүүдийг илүү дэлгэрүүлж, үйл ажиллагаагаа явуулж буй икоммерсуудын онцлогуудад анализ хийж оруулах болно.

Энэхүү нийтлэлээрээ уншигч танд интернет худалдааны талаар бага ч болов мэдээлэл өгч чадсан гэдэгт найдаж байна.

Намайг дагаарай:

Бүртгүүлээд бүх нийтлэлийг уншаарай.

Таны бизнест хэрэг болох үнэтэй нийтлэлүүдийг өөрийн туршлагаасаа нээлттэй хуваалцсан тул танд тус болно гэдэгт итгэлтэй байна. Манай коммунитид нэгдсэнээр үнэ цэнтэй нийтлэлүүдийг маань үнэгүй уншаарай.

Коммунитид нэгдэх
Коммунитид нэгдэх
Коммунитид нэгдэх