Цастай өглөө алхаж явахдаа 2019 онд ажилд авч байсан маркетер залуугийн талаар гэнэтхэн л бодол толгойд орж ирлээ. Хаана юу хийж хутгаж явдаг юм бол доо?
Энэ бичвэрээрээ ажлын талбар дээр амаа ардаа гартал алгадуулсан нэгэн тохиолдлыг хуваалцъя.
Миний бие стартАп бизнест анх хөл тавиад туршлага дутуугаас болж нэлээдгүй олон алдааг гаргаж явлаа. Тэдгээрийн нэг нь багтаа хүн сонгон шалгаруулж авах…
Компани маань ид өргөжиж, зах зээлд байр сууриа олж авахаар дайралт эхэлж байсан үе. Багт маань надаас гадна 2-3 л ажилтан байснаас гэнэт л 20-уулаа болох шаардлага гарч ирсэн юм /50 хүнтэй багт 5 хүн авах бол асуудал биш, соёл бүтцэдээ уусгаад авчихна. Харин 5 хүнтэй багт 40 хүн сонгож авах бол жинхэнэ асуудал/.
Ингээд чадварлаг хүний нөөцийн эрэлд гарлаа. Монголд хүний нөөц сонгон шалгаруулж авахад тоотой хэдхэн л боломжтой суваг байдгаас бизнетворк, линкедин хоёр дээр ажлын зараа байршуулаад уулзалтуудаа эхлүүлж байсан санаж байна.
Хамгийн анхны маркетераа Линкедин ашиглаж холбогдоод кофе шопт уулзаж, бизнес болон хийхийг зорьж буй зүйлсээ танилцуулснаар уулзалт үр дүнд хүрч, чадварлаг эмэгтэйг багтаа авч чадсан. Харамсалтай нь багт 2-3 сар ажиллаад, удалгүй ажлаас гарах болсон. Олон шалтгаан байсан байх, миний ч алдаа их байсан.
Сул орон тоо үүссэн тул энэ удаад бизнетворкоор зар байршуулж, анкет бүрдүүлээд 5 хүнийг ажлын ярилцлагад дуудаж уулзсаны дотор энэ нийтлэлийн гол эзэн Ө /бүтэн нэр дурдахыг хүсээгүй тул нэрийн эхний үсгийг орууллаа/ ирсэн.
Ө-ийн яриа хурц, мэдлэг ихтэй, ажлын туршлагатай, нас ахимаг мөн хариуцлага хүлээсэн эцэг хүн байсан. Тиймээс шийдвэр гаргаж, ажлын гэрээ санал болгоод багтаа авлаа. Эхлээд тун чадварлаг, бас гүйлгээ ухаантай, багт түшиг болсон ажилтан санагдаж их л олзуурхаж, хаяа илтгэл хүлээлгэн илүү цаг гаргаж, үзэл бодол, хийх ажлаа ярилцдаг байлаа. Улирлын төлөвлөгөөг нь мөн өөрийнхөөрөө ажиллаж байж үр дүн гарна аа гээд байгаагаар нь баталсан /Энд маш том алдаа гаргасан, туршилтын хугацаанд ажиллаж буй ажилтанд итгэл хүлээлгэх бол хэмжээ хязгаартай байх ёстой/.
Төд удалгүй багт хагарал үүсэж, хоорондоо үл ойлголцож, хувийн тоглолтууд бий болж эхэлсэн. Шалтгаан нь юу болов гэдгийг олж илрүүлэх шаардлага гараад ажилтнуудтай нэг бүрчлэн уулзаж, ярилцахад Ө-г асуудалтай, харилцаа муутай, бүтээмжгүй гэх мэт мэдээллийг хамт олон дундаасаа сонслоо. Нэг талыг барьсан шийдвэр гаргаж болохгүй тул Ө-г бас сонсох хэрэгтэй. Түүний яриа болон биеэ өмөөрч буй байдал нь надад тухгүй, бас худал санагдсан тул цаашид анхааралтай ажиглаж, асуудал хаана байгааг ойлгох хэрэгтэй болсон юм.
Ингээд Ө-г анхааралтай ажиглаж, баталсан төлөвлөгөөний гүйцэтгэлд ч мөн анхаарч эхэллээ. Дөнгөж л орж ирээд ганц сар өнгөрч байсан гэхэд асуудал их тарьж амжсан байлаа. Дурдвал,
Асуудлыг олж харсан тул ажил сайжруулах даалгавар өгөхөд тэр хугацааг ажлаа сайжруулах биш аль болох өөрт ашигтайгаар компанийг орхих дээр хамаг анхаарлаа төвлөрүүлсэн нь өөрөө энэ ажилтан ямар их асуудалтай байсныг баталсан хэрэг болсон л доо.
Ө-г ажлаас гарсны дараа тарьсан санхүү болон алдагдсан боломжийг нөхөх, засах оролдлого хийсэн ч олигтой үр дүнд хүрээгүй.
Ганц жишээ хэлэхэд NBA talk … гээд явдаг инфлүүнсэр залуутай нэлээд хэдэн сая төгрөгийн нөлөөллийн ажлын гэрээ байгуулсан байсан ч огт ажил хийлгэж чадаагүй, маргаан сунжирсаар мартагдсан. Ө-тэй хамтран ийм залилан хийгээд сурсан байсан юм байна лээ.
Төгсгөлд нь стартАп компанид хүн авахдаа маш алгуур удаанаар судалж ав, халахдаа тулвал цаг алдалгүй, эргэлзэлгүй хал