Өнөөдрөөс 7 жилийн өмнө Барилгачдын талбайн Кебабны газар хүргэн ахтайгаа кебаб идэнгээ үзэл бодлоо хуваалцаж суусан юм. Ах гарч ирээд сая чамайг ярьж байхад эсрэг ширээний хоёр шоолж хараад байлаа гэж билээ.
Аргагүй л байх л даа хуучин жинс, подволктой хямд хоолны газар кебаб идэж кола уунгаа Монгол улсад болохгүй байгаа асуудлууд, түүнийг хэрхэн өөрчлөх гээд л том том сэдвүүд ярьж байсан нь авцалдаагүй, инээдтэй санагдсан биз.
Та бусдад хэн гэж харагддагаасаа илүүтэй “Та өөрөө өөртөө хэн бэ?” гэдэг хамгийн чухал.
“So If I’m Not Black Enough And If I’m Not White Enough, Then Tell Me, Tony,
What Am I?”Green book movie qoute
Өнөөдрийн нийтлэлээрээ амьдралдаа тохиолдсон 5 түүхээ хуваалцъя. Уншигч танд урам болоосой.
Ерөнхий боловсролын сургуулиа төгслөө. Элсэлтийн ерөнхий шалгалтаа санаанд хүртэл өгч чадсангүй. ШУТИС-д хүссэн ангиа авч чадсан ч төлбөр нэмэгдсэн жил таарсан тул элсэж чадсангүй. Ингээд нэг жилийн завсарлагаа авах уу? эсвэл гэсэн сонголтгүй сонголттой тулсан юм.
Аз болж 10 жилээ 93.7 гэсэн дундажтай төгссөны ачаар төлбөр төлөхгүйгээр тэтгэлэгээр суралцах сургууль олдсон нь “Хүрээ” МХТДС байлаа. Нэг жилийн завсарлагаа авах л гэсэн сонголтгүй сонголттой байсан надад амьсгал авах шиг л хэрэгтэй боломж байсан юм. Адал явдлаар дүүрэн 4 жилийн дараа “Software engineer” гэсэн мэргэшил эзэмших хувь тохиол энд бүрдсэн.
Их сургуулиа төгсөөд хувийн жижиг компанид ажиллаж байсан үед өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй санагдсан тул хайлт хийж эхэллээ.
Надад хэрэгтэй байсан зүйл нь тав тухтай ажлын байр, нэр хүндтэй томоохон компанид ажилладаг гэсэн нийгмийн статус.
Үүнийг маань шинэхэн баригдсан Цэнтрал тауэр, М-Си-Эс групп компани гэсэн хослол л нөхөх байсан тул анкет бөглөөд шалгалт өгсөн нь тэнцсэн хариу авч, юнител компанид ажиллах болсон юм. Яг ямар ажилд тэнцсэнээ ч төдийлөн бодолгүй зөвшөөрөөд, яг ажиллах болтол Анун төвийн ард байрлах инженерийн байранд байрлаж, сүлжээний инженер гэсэн хэцүүхэн үүрэгт ажил авснаар өдөр шөнөгүй айлаар хэсэж холболт хийх зовлонт ажил эхэлсэн.
Үнэхээр л ядарсан нэг жилийг ардаа үдээд М-Си-Эс групп дотроо шилжилт хийж нэг санаа амарч билээ. Тэгэхдээ эргэлт буцалтгүй миний кареерын статус маань IT engineer болсон байлаа.
Тасралтгүй компьютер засаж, сүлжээний холболт хийсээр туйлдсан байлаа. Тиймээс ажлаасаа нэг л өглөө гарах өргөдлөө өгсөн. Ард нь орох ажил эсвэл төлөвлөсөн төлөвлөгөө үнэхээр байсангүй. Зүгээр л гарья гэж өөрөө өөртөө хэлсэн.
М-Си-Эс групп гэдэг хаалгыг хаасны дараа яг нэг жил тохирох ажил ололгүй, олон ч компани дамжин, их ч зүдэрсэн. Тэгсээр буцаад М-Си-Эс грүппын ажиллаж байгаагүй өөр нэг компанид IT engineer-ээрээ орж нэг амьсгаа авч билээ. Тэр үед үнэхээр л туйлдсан. Буцаад М-Си-Эс группд ороход анхны цалин буух хүртэл халаасанд 3000 төгрөг л байлаа. Түүгээрээ 12 хоног тэссэнээ магадгүй хэзээ ч мартахгүй байх.
Ингээд би гэдэг хүн IT engineer гэдгээс өөр хэн ч биш гэдэг хатуу үнэнтэй дахин нүүр туллаа.
Амьдралд олон л боломж нээгддэг байх. Монос групп-т төслийн менежерээр ажилд ороод удаагүй байтал дунд түвшиний менежерүүдийн цугларалт арга хэмжээ зохиогдож, 60 гаруй шилдэг менежерүүд оролцсон.
Энэ өдөр бүх залуусын өмнө нээлттэй сонгон шалгаруулалтаар Монос группын ирээдүйн интернет худалдааны компанийг байгуулан, удирдан авч явах боломжийг чадалтай, зоригтой нэгэнд нээж өгч байгаагаа группын CEO маань зарласан юм.
Би гэдэг хүн хэдхэн сарын дараа аав гэх алдрыг авахаар хүлээж байсан бөгөөд энэ боломжийг ашиглахаар шийдэн CV-гээ илгээж ярилцлагад ороод тэнцлээ. Хамгийн сонин нь групп дотроос тэр олон залуусаас ганцхан би л хүсэлтээ илгээсэн байсан. Тэгээд групп дотроосоо биш гаднаас олон чадварлаг залуус өрсөлдсөн юм байна лээ.
Анхны стартАп компаниа нээгээд бичиг баримтаа авснаас долоо хоногийн дараа том охин маань мэндэлсэн.
Монос групп болон захирлууддаа чин сэтгэлээсээ баярладаг. Юугаа ч мэдэхгүй надад бүгдийг зааж өгсөн. Бас итгэл гэдэг хэзээ ч юугаар ч сольж боломгүй бэлгийг харамгүй өгсөн.
Монос групп-т өнгөрүүлсэн 3 жилийн дараа би гэдэг хүн алдаанаас алдаа дамжин, ТУЗ-ын хурлаас ТУЗ-ын хурал дамжин явсаар, IT engineer-ээс CEO болон төлөвшсөн.
Хэцүү шийдвэр. Дэлко ухаалаг хүргэлтийн бизнес маань ид цэцэглэж байлаа. Шарктанкаар ч мөн ороод олонд танигдаж, нэмэлт хөрөнгө оруулалтаар зах зээлээ тэлэх гээд олон сайхан боломжууд нээгдээд байсан юм. Мөн энэ хүртэл надад итгэл хүлээлгэсэн хамтрагчидтайгаа салах ёс гүйцэтгэх хэрэгтэй болсон.
Юуны төлөө гэж үү?
9 жилийн турш дотроо тээж ирсэн тэр л зорилгоо биелүүлэх гэж.
Өөрийн туулсан олон асуудлыг бидний хүүхдүүд арай багаар мэдрээсэй, нийгэм маань илүү сайхан болоход нөлөөлөөсэй гэж Blindcare төслөө эхлүүлэх шийдвэр гаргасан юм.
Одоо ч надаас хүмүүс асуудаг. Зөвөөр ч тэр, буруугаар ч тэр. Яагаад гэж? Надад өөрийгөө зөвтгөх хариулт нь байна. Шалтгаан нь байна. Тэгэхдээ тоочмооргүй байна.
Мэдэж байгаа зүйл гэвэл ирээдүйд нийгэмдээ хийж бүтээх гэсэн хүсэл зорилго маань одоо л дөнгөж эхэлж байна.
“The World’s Full Of Lonely People Afraid To Make The First Move.”Green book movie qoute
Өнөөдрийн та хэн байх чинь хамаагүй. Харин хэн болохыг хүсэж байгаагаа мэдэж байгаа бол айдасаа даваад анхны алхамаа хийгээрэй. Энэ нь зөв ч байж магадгүй, буруу ч байж магадгүй. Тэгэхдээ та замдаа гаралгүйгээр яаж мэдэх вэ?
Таны аялалд амжилт хүсье.