Энтрепренер болон старт-ап үүсгэн байгуулагчдад тохиолддог бүхий л хүндрэл, асуудлуудыг нээлттэй бөгөөд үнэнээр нь хуваалцаж, хамтдаа суралцацгаая.
“Lord of the rings” цувралыг үзэж байсан биз дээ? Миний хувьд өсвөр насны минь хамгийн тод дурсамжтай кинонуудын нэг яалтчгүй мөн. 3 ангит цувралын туршид олон олон адал явдал өрнөх хэдий ч “Aragorn, Gimli, Legolas” гурвын хоршил хамгийн шилдэг нь.
Аварга биетэн, оркын арми, аймшигт луу, уулын сүнснээс эхлээд тэднийг зогсоох хүч бараг л байхгүй мэт.

Нэг ийм асуулт бид бүхний дунд их явдаг л даа. Яг ямар хүмүүстэй хамтраад стартАп байгуулвал эсвэл бизнес эрхэлвэл амжилтанд хүрдэг вэ? гэж. Яг тийм ийм гээд хэлчихэж ёстой мэдэхгүй юм. Тэгэхдээ дараах 3 ур чадвар байж гэмээнэ амжилтанд илүү ойртдог гэдэг тул энэ удаагийн нийтлэлээрээ Бөгжний эзэн киноны гурвалаар төлөөлүүлэн стартАп-ын 3Hs талаар бичихээр боллоо.
СтартАп ертөнцөд ч гэсэн “Aragorn, Gimli, Legolas” хэрэгтэй ажээ. Батжа нь ийнхүү бодов 🙂

Aragorn бол хаан цусны үргэлжлэл. Гэсэн хэдий ч бусадтайгаа ижилхэн тулалдаж, энгийн нэгэн шиг харагдаж, даруухнаар үүрэгт ажлаа хийсээр. Түүнийг хэн ч багт манлайлагчаар сонгоогүй байхад үг, үйлдлээрээ манлайлж, хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.
Түүнтэй адил стартАп багт тайзны урд гарах зоригтон, бизнесээ тайлбарлах хурц хэлтэн, ирээдүйг тодорхойлох чадвараараа манлайлах нэгэн хэрэгтэй байдаг. Тэрээр багийн хийсэн ажил бүтээлийг бусдад борлуулдаг бөгөөд хөрөнгө оруулалт, санхүү удирдлага гээд менежменттэй холбоотой даалгаваруудыг бүрэн хариуцах чадвартай байдаг.Энэ хүнийг HUSTLER гэдэг.
Legolas бол хамгийн хурдан нь, бас хамгийн мэргэн нь. Тэрээр багтаа тун чухал нөлөөтэй бөгөөд дайсны ихэнхийг тэр дангаараа устгана. Гэхдээ нэр алдар түүнд гэхээсээ Aragorn-д эсвэл багт оногддог. Тэр бол хамгийн чухал дайчин ч гэсэн даруухнаар хааны ард харж зогсдог.
Маш гоё бизнес санаа, түүнийг хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөө байгаад бүтээгдэхүүн хөгжүүлж, хэрэглэгчээр туршилт хийлгээд ажиллах эсэх үнэлгээг өгөхгүй бол болохгүй. Тиймээс тухайн санаанд тохирох код бичих эсвэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх /Жишээ нь Appreantice 1, хоёр дугаар дээр хуушуур хайрдаг эмэгтэй байна даа/ хүн байхгүй бол болохгүй.Энэ хүнийг HACKER гэнэ.
За миний хайртай дүр. Түүнийг бусдыг ойлгодог гэж хэлэхэд хэцүү л дээ. Бас багт яг гол үүрэг бол бараг л байхгүй, тэгэхдээ бас хаячихаж болохгүй ч юм шиг дүр. Сүхнээс нь илүүтэй ам нь ажилладаг, хаа явсан газраа асуудалд орчих гээд байдаг ккк. Тэгэхдээ цагаа тулахаар чамгүй дайчин.
СтартАп бизнест хэрэглэгчээ сонсох, түүнийг ойлгож бас яг л хүссэн хэрэгцээт бүтээгдэхүүнийг нь гаргах хэрэгцээ гардаг. Энэ хэсгийг хариуцаж хийдэг хүнийг бид заримдаа чухал бус гэх гээд байдаг тал бий. Гэтэл ийм хүн байхгүй бол хэн ч хэрэглэх гэхээр ойлгохгүй, бөөн зардал болсон бүтээгдэхүүн үйлдвэрлэгдээд, зах зээлд гарсных нь дараа цаг хугацаа, мөнгөн хөрөнгөөр алдагдал хүлээх эрсдэл байдаг.За энэ үүргийг хариуцах хүнийг HIPSTER гэнэ ээ.
Hustler, Hacker, Hipster 3 цугтаа байгаа багыг ялах бараг л боломжгүй бөгөөд нэгнийхээ сул талыг нөхөж, яг хэрэгтэй бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн шаардлагад нийцүүлэн, алдаа дутагдалгүй гаргаж зах зээлд хүчтэй тоглогч болдог.
Тиймээс та стартАп үүсгэн байгуулагчдийн багтаа дээрх ур чадваруудыг бүрдүүлээрэй. Нэмж хэлэхэд нэг хүнд дээрх чадварууд 2 юм 3уулаа ч байж болох бол 5 хүн нийлээд дээрх 3 ур чадвар бүрдэх нь ч бий тул заавал 3 байх ёстой гэсэн үг биш шүү. Миний эхлүүлсэн стартАп-д гэхэд 4 үүсгэн байгуулагч байдаг.
Ингээд таны стартАп аялалд амжилт хүсье.
Дээрх нийтлэлийнхээ талаар товчхон тайлбарласан видеоны хэсгээс орууллаа.


