Энтрепренер болон старт-ап үүсгэн байгуулагчдад тохиолддог бүхий л хүндрэл, асуудлуудыг нээлттэй бөгөөд үнэнээр нь хуваалцаж, хамтдаа суралцацгаая.
Таны гар утсанд зар сурталчилгааны мессеж хэр их ирдэг вэ? Надад бол хаяа л ганц нэг ирж байгаа харагддаг. Гэтэл зарим дугаарт хандсан сурталчилгааны мессеж ихээхэн ирдэг л дээ. Шалтгаан нь таны барьж буй дугаараар таны хэн бэ? Хэр худалдан авах чадамжтай вэ? гэх мэтчилэн ангилахад дөхөм болж байна л гэсэн үг.
Миний дугаар 85… учраас худалдан авах чадамжаараа доогуур гэдэг ангилалд шууд орчихож байгаа юм л даа 😆
Тухайн мессеж илгээхдээ мэдээж миний дугаар шиг дугааруудыг зориуд онилж бас илгээх хэсэг байгаа. Санал болгож байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээ нь мэдээж хэрэг үнэ хямд байна. Энэ үйлчилгээг 9911-ээр эхэлсэн дугаар луу илгээхэд сонирхохгүй л гэсэн үг л дээ.
Тэгэхээр аливаа бизнес, үйлчилгээнд зорилтот хэрэглэгчид гэж байдаг. Тухайн хэрэглэгчдээ хэр зөв тодорхойлохоос үр ашиггүй зардал багасаж, маркетингийн сувгууд ч тодорхой болоод эхэлнэ.
Үүнийг хэрэглэгчийн сегмент гэж бид нэрлэдэг.
Өнөөдрийнхөө нийтлэлээр хэрэглэгчийн сегментийг хэрхэн ангилдаг мэдээлэл өгье.

Хэрэглэгчийн сегментийг НАС болон ОРЛОГО /Олон улсын жишгээр сард олох орлогыг $ тооссон/ гэсэн 2 үндсэн үзүүлэлтийн харьцуулалтаар гаргадаг. Ийнхүү 9 ангилалд хувааж болдог байна. Ангилал тус бүрээр тайлбарлавал:
15-20 насны бөгөөд орлого хараахан олж эхлээгүй эсвэл сарын $1000 доош орлоготой бол энэхүү ангилалд орох нь. Тэд хэдий орлого багатай ч ирээдүйд хаа ч хүрч болох бөгөөд ажил амьдралын гараан дээр ирж буй залуус юм. Тэдэнд үнэгүй эсвэл бага үнэтэйгээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ санал болгож дадал бий болгосноор ирээдүйд таны бүтээгдэхүүн үйлчилгээг сонгосоор байх магадлалтай.
20-50 насны орлого багатай хүмүүс. Тэд амьдралынхаа ид үед яваа ч орлогын түвшин муу, маргаашын хоол, нөгөөдрийн амьдрах байраа бодож явдаг тул өндөр үнэтэй бүтээгдэхүүн үйлчилгээг авах чадвар сул байдаг. Мөн энэ ангилалаас ирээдүйд орлогоо өсгөж чадах хэсэг нь цөөн байдаг байна.
40 дээш насны орлого бага хүмүүс. Тэдэнд цаашаа орлогоо өсгөх, амьдралаа өөрчлөх гэдэг тун амаргүй. Тэгэхдээ тэдэнд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар олон байдгийг санах хэрэгтэй.
15-40 насны дундаж орлоготой хүмүүс. Тэд нийгмийн дийлэнхийг бүтээж байдаг. Ихэнх бүтээгдэхүүн үйлчилгээ тэднийг чиглэдэг гэдгийг санах хэрэгтэй. Мөн тэд ирээдүйд орлогоо өсгөх бүрэн чадвартай байдаг.
30-60 насны дундаж болон өндөр орлоготой хүмүүс. Тэд бол гэр бүлдээ цаг гаргадаг. Ажилдаа сэтгэл хангалуун. Хэрэглээний хувьд гэр бүлээ бүрэн хангаад авч явж чаддаг хэсэг. Тэдэнд тав тухтай амьдрал бэлэглэх ямар ч бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхох боломжтой байдаг.
50 дээш насны дундаж болон өндөр бүр маш өндөр орлоготой хүмүүс. Тэд амьдралдаа хийж бүтээхээ хэдийнээ хийсэн. Цаашид өөрийн болон гэр бүлийн амьдрал, эрүүл мэнддээ цаг зав, хөрөнгө мөнгөө зориулахад бэлэн бөгөөд хадгаламж, хувьцаа хуримтлуулсан хэсгийнхэн юм.
15-20 насны өндөр болон маш өндөр орлоготой хүмүүс. Тэд хангалуун амьдралтай. Чинээлэг гэр бүлээс гаралтай шинэ үеийнхэн юм. Тэдэнд үнэтэй бөгөөд чамин, хээнцэр бүтээгдэхүүн үйлчилгээ таалагддаг бөгөөд мөнгийг бодож зарцуулдаггүй гэж хэлэхэд болно.
20-40 насны өндөр орлоготой хүмүүс. Ид хийж бүтээдэг насандаа карьер хөөж яваа, бусдад харагдах хүлээн зөвшөөрөгдөх гэсэн хүсэл тэмүүлэл өндөртэй. Хэрэглээндээ юуг ч зарцуулахад бэлэн хэсэг үүнд хамаарна. Мэдээж тэд чадвартай, бас ухаалаг. Тиймээс тэдэнд юу санал болгох тал дээр ухаалаг хандах нь зөв болов уу.
20-60 насны хамгийн өндөр орлоготой хүмүүс. Тэдэнд залуу нас, эд хөрөнгө бүгд байгаа бөгөөд нийгмийн цөөнх гэдгийг санах хэрэгтэй. Тэд өөрсдийн хүрээлэл болон хэрэглээг бүгдэд байдаг хэрэглээнээс ангид байлгахыг хүсдэг. Тиймээс зөвхөн онцгой зүйлс болон өндөр үнэтэй бүтээгдэхүүн үйлчилгээг сонгох нь элбэг.
За тэгэхээр дээрх 9 ангилалд хамаарах хэрэглэгчдээс таны бүтээгдэхүүн, үйлчилгээг аль ангилалуудад хамаарахаас хэрэглэгчийн сегмент бий болох юм. Нэг болон түүнээс дээш хэдэн ч ангилалд хамаарч болох ч бүгдэд зориулсан бүтээгдэхүүн бол маш цөөхөн л төрдөг гэдгийг санах хэрэгтэй болов уу.
Хамгийн ойрын дэлгүүрт ороод харахад бидний уудаг ус багадаа л 10 гаруй төрөл байх бөгөөд үнийн хувьд 600-6000 хүртэл ялгаатай байгаагаас хэрэглэгч гэдэг өөрийн нийгмийн байр суурь, орлогын түвшинээс хамаарч ухамсаргүйгээр сонголт хийдгийн баталгаа билээ.


