Энтрепренер болон старт-ап үүсгэн байгуулагчдад тохиолддог бүхий л хүндрэл, асуудлуудыг нээлттэй бөгөөд үнэнээр нь хуваалцаж, хамтдаа суралцацгаая.
Амжилтаа тэмдэглэх нь сайхан ч алдаанаасаа суралцах нь илүү чухалБилл Гэйтс
2021 оны намар Шарк танк нэвтрүүлэгт оролцохоор өглөө эртлэн босоод 19 хорооллоос алхсаар 5 шарын гарамд байрлах Гацуурт компанийн хуучин агуулахад очиж билээ.
Энэ үед асар их эргэлзээ буюу Delko smart delivery болон Blindcare старт-апуудынхаа алийг нь цаашид CEO буюу Гүйцэтгэх захирлаар авч явах вэ? гэдгээ шийдэж чадалгүй явсаар, дөнгөж шийдвэрээ гаргаад 7 хоног л өнгөрсөн байлаа.


Шийдвэр ойлгомжтой. Хувь хүний хүсэл зорилго анхнаасаа л Blindcare байсан. Харин Delko smart delivery бол миний хувьд өөрийгөө сорьж, шинийг сурсан, туршлагаа нэмсэн Монголдоо цахиур хагалсан шинэлэг старт-ап байсан юм. Тиймдээ ч энэхүү старт-апыг цаашид амжилттай яваасай гэсэн чин хүсэл эрмэлзэл байсан тул жилийн төлөвлөгөөндөө тусгасан байсан ажил буюу Шарк танк нэвтрүүлгээр орж, хөрөнгө оруулалт татах, цаашлаад олон нийтэд таниулсан. Үнэндээ тэр үед хамтран үүсгэн байгуулагч 4 залуугаас нэг нь ч Шарктанк нэвтрүүлэгт оролцохгүй гэсэн бөгөөд ямар ч сонголтгүй би өөрийн биеэр орсон билээ.

Delko smart delivery дээр ТУЗ-д албан хүсэлтээ өгөөд ажлаа дараагийн гүйцэтгэх захиралдаа нэр төртэйгөөр шилжүүлэн өгснөөр Blindcare старт-апаа хөгжүүлэхээр сэтгэл шулуудан Мстарт Хаб-д анхны элсэгч болон орсноор аялал минь цааш үргэлжилсэн түүхтэй юм. Харамсалтай нь удалгүй Delko smart delivery үйл ажиллагаагаа зогсоож, саяхан татан буугдсан.
Blindcare старт-ап маань үүсгэн байгуулагдсан цагаасаа мянга мянган хүнд тус хүргэж, мэдрэмжээ нээлттэй хуваалцах орон зай болсоор ирсэн байна. Мөн нийгмийн хамгийн эмзэг хэдий ч орхигдсон асуудал болон сэтгэл зүйн тусламжийг хүртээмжтэй бөгөөд хамгийн хямдаар, цаашлаад үнэгүй хүргэсээр байна.
Тиймдээ ч 2022 онд амжилтаар дүүрэн байсан бөгөөд НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн манлайлагч байгууллага”, Unread awards “Шилдэг апп”, Мэдээлэл технологийн салбарын “Оны шилдэг төсөл” зэрэг шагналуудыг хүртээд байна.

Бид Blindcare старт-апаа байгуулсан цагаасаа эхлээд хөрөнгө оруулалт хайж байгаа бөгөөд компанийн маань үнэлгээ санаа буюу бүтээгдэхүүний анхны хувилбараа гаргаагүй байхдаа л 3 тэрбум төгрөг байсан.
Тэр үеэс хойш бид 50 мянга давсан хэрэглэгчтэй, angel болон технологийн хөрөнгө оруулалт татсан, зах зээлд байр сууриа олж, технологийн болон сэтгэл судлалын салбартаа танигдсан байгаа бөгөөд үнэлгээ маань үүнээс өссөн нь тодорхой юм. Мөн дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй тул олон улсад бүтээгдэхүүнээ гаргахаар ажиллаж байгаа билээ. Тиймээс бусад улсуудад бидэнтэй төстэй старт-апууд хэрхэн үнэлэгддэг талаар ч мөн судалж, харьцуулалтуудаа хийсэн.
Яг энэ үед Шарк танк нэвтрүүлэгт оролцооч гэсэн урилга ирсэн юм.
Үүсгэн байгуулагчдаараа удаан ярилцсаны эцэст нэмэлт бүртгэлээр дахин нэг удаа ШАРК ТАНК-аар орохоор шийдсэн юм. Энэ удаа өөрийн чин зорилгыг шингээсэн Blindcare старт-апаараа орох тул сэтгэл зүйн хувьд дотроо зөрчил ихтэй байсныг нуугаад яах вэ. Тиймээс бусад үүсгэн байгуулагч залуусыгаа орооч гэдэг хүсэлтийг гаргасан. Гэхдээ ганц Цолмон маань л оролцох боломжтой болж таарсан тул би дэмжлэг болж хамтдаа орохгүй л бол шийдвэр гаргахаас эхлээд бизнес, санхүүгийн асуултуудад хариулах боломжгүй байсан.
Ингээд нэвтрүүлэг болох өдөр хамтран үүсгэн байгуулагч Цолмонтойгоо Монгол ТВ байрыг дахин нэг удаа зорьсон юм.

Бид хийх ёстой зүйлээ л хийсэн буюу бэлдсэн питчээ танилцуулсан. Ингээд асуулт хариулт эхэлсэн. Хамгийн эхний асуулт Хэдэн хувь дээрээ хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хайж байгаа вэ? гэдэг асуулт байсан юм.
Blindcare үнэлгээгээ 5 тэрбум төгрөгөөр тооцсон. Бизнес буюу компанийн үнэлгээг гаргадаг хэдхэн л арга байдаг. Тэдний нэг буюу харьцуулалтын аргаар үнэлгээгээ гаргаж, олон улсад гарахад шаардлагатай дэд бүтэц болон технологи хөгжүүлэлт, түүн дээр нэмээд судалгаа болон томилолт, маркетингийн зардлуудаа тооцож үзэхэд бидэнд 1 тэрбум төгрөг багадаа хэрэгтэй гэж тооцсон тул үүнтэй тэнцэх тооны хувьцааг буюу старт-апынхаа 20%-ийг 1 тэрбумаар санал болгож буйгаа хэлсэн.
Энэ үед уур амьсгал бүхэлдээ 180 градус эргэсэн юм. Бүх шаркууд биеэ хурааж, татгалзах шалтгаанаа хайж эхэлсэн бөгөөд нэмэлт асуултууд шийдэл болон төлөвлөгөө дээр төвлөрөхөөсөө илүүтэй нийгэмд тулгамдаад буй сэтгэл зүйн асуудалд хэн буруутай гэдэгт илүү анхаарч байсан нь харамсалтай байлаа.
За тэгээд бэлэн нэг шалтгаан байсан нь өмнөх дугаарт оролцоод компанийн удирдлагаа шилжүүлж өгсөн миний бие байлаа.
Тиймээс энэ цоорхойг бүгд ашиглаж, цэвэрхэн татгалзсан. Үнэндээ гол шалтгаан нь зүгээр л Монгол старт-ап 5 тэрбум үнэлгээнд хүрэхгүй буюу тэд тийм хөрөнгө оруулалт хийхгүй гэдэгт л байсан.
Гэтэл олон улсад бидэнтэй ижил салбарт бүтээгдэхүүнээ санал болгож буй компаниуд дараах байдлаар үнэлэгддэг аж.
Тэд багадаа л бидний шатанд 10 сая доллароор үнэлэгддэг аж. Тэгж байж гэмээнэ хүссэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд нэвтрүүлэх алхмаа хийж чаддаг юм байна.
Гэтэл эсрэгээрээ Монголд бүх л старт-апд хаанаасаа ч юм нэг дээвэр бий болчихсон нь 10 хувиа ихдээ л 300 саяар үнэлдэг. Энэ нь бараг л дээд тааз.
Гэтэл бүгд л олон улсад бүтээгдэхүүнээ гаргах зорилготой байдаг. Ийм хэмжээний мөнгөөр үнэндээ багахан л урагшилна. Тэгээд дараагийн санхүүжилтээ хайх шаардлагатай нүүр тулна. Тэр үед үүсгэн байгуулагчдын эзэмшлийн хувь шийдвэр гаргах хувь хэдийнээ биш болсон байх болно. Бодит байдал ийм л байна.
Тиймээс энэхүү таазыг blindcare л эвдэхгүй юм бол дараа дараагийн старт-апууддаа зам гаргаж өгөхгүй юм бол өөр хэн эвдэх гэж?
Бид 3 саяулаа өнгөрсөн 2 сарын хугацаанд агуу бизнесменүүд гэж боддог хүмүүс маань үнэндээ ямар их хэмжээний мөнгийг эргэн төлөгдөхгүй эсвэл асар хөнгөлөлттэй нөхцөлөөр хуваан авч бизнесээ босгодог гэдгийг харлаа шүү дээ.
Захын хурган даргын гэрээс 7 тэрбум төгрөг олдохыг ч харлаа. Тэдэнд бизнесийн шударга зарчим, ёс зүй гэж түй ч алга.
Үүнтэй харьцуулахад өмнөх бизнесээ дүрэм журмаар нь хүлээлгэн өгч, нийгэмдээ тулгамдаад буй томоохон асуудалд шийдэл авч ирэхээр зорилгоо дагасны төлөө ёс зүйгүй гэж дуудуулсан нь дэгсдүүлсэн санагдаж байна. Мөн эндээс том сургамж авлаа.
Blindcare старт-ап бол ганц Батжа миний хийж буй старт-ап биш бөгөөд олон залуусын оюун ухаан, ур чадвараа шавхан байж гүйцэтгэж буй старт-ап юм. Үүнийг ганц хүнээр дүгнэн, олонд буруугаар илэрхийлж буй нь тун харамсалтай. Энэхүү старт-ап ард UXUI чиглэлийн Монголын топ компани, Апп хөгжүүлэлтийн чиглэлдээ манлайлагч хөгжүүлэлтийн компани, сэтгэл судлалын салбартаа анхдагч болон хүндлэгдсэнээс эхлээд залуу төлөөллүүд болсон олон арван сэтгэл судлаачид гээд дурдаад байвал маш олон залуус байгаа.
Гэхдээ зүгээр л дээ, нийтлэлийн эхэнд Билл Гэйтс-ын хэлсэнчлэн алдаанаасаа суралцаж, цаашаа үргэлжлүүлэх нь илүү чухал юм.
Төгсгөлд нь бидний хийж бүтээх зүйлд цаг хугацаа болон хэрэглэгч та жинхэнэ дүнг нь тавих биз ээ.
Ер нь Монголд яг Шарк хөрөнгө оруулагч байдаг юм уу?
Батжа нь ингэж бодов


