Энтрепренер болон старт-ап үүсгэн байгуулагчдад тохиолддог бүхий л хүндрэл, асуудлуудыг нээлттэй бөгөөд үнэнээр нь хуваалцаж, хамтдаа суралцацгаая.
Үнсэлт өндөр байх тусмаа дурлал намхан байдаг. Нэгэн алдартны хэлсэн үг
Хэн хэлснийг нь мэдэхгүй дээрх алдартай үгийг хүн болгон өөрийнхөөрөө ойлгодог байх. Өдөржин толгойд энэ үгийн утга яг юу юм бол гэсэн бодол эргэлдлээ. Үүнтэй зэрэгцээд Мстарс хурдасгуур хөтөлбөрийн Демо өдөр дээр танилцуулсан питч илүү сайн байж болох байсандаа гэсэн бодол салсангүй.
Хүний амьдралд олон л хүлээлт байдаг. Энэ ажлыг дуусгаад үр шимийг нь хүртэнэ дээ, энэ үерхлийн ард сайхан гэр бүл бий болно доо, энэ сургуулийг төгсчихвөл чадварлаг мэргэжилтэн болчихно доо, энэ гэрээг бүтээчихвэл ажил маань цэцэглэнэ дээ гэх мэт. Гэхдээ хүлээлт бүрийн ард бодит үр дүн буюу үнэн хүлээж байдаг. Үнэн бодсоноос зөрөх үед сэтгэл ханамж үгүй болдог. Хүлээлт өндөр байх тусам үнэн хол байдаг.
Өнөөдрөөс 6 сарын өмнө М-Си-Эс гэх Монголын топ групп стартАп компаниудад зориулсан хурдасгуур хөтөлбөр явуулж байна гэх үед энд л амжилт маань эхэлнэ гээд хамгийн түрүүнд бүртгүүлж, сонгон шалгаруулалтын питч дээр 170 стартАп-с хамгийн эхэнд орж, төгсгөлийн Демо өдөр 11 стартАп-аасаа хамгийн эхэнд питчээ танилцуулах завшаан олдсон.
Ерөөсөө л миний хүлээлт энэ бүх хугацаанд асар өндөр байсан гэсэн үг.
Харин хаалтын питч маань эргээд харахад төгс байсангүй. Хүлээлтэд хүрсэнгүй.
5 минут зарцуулаад миний питчийг үзээрэй. Тэгээд юун дээр алдаж, аль хэсэг дээр оносон гэдгээ өөрөө дүгнэсэн дүгнэлтээ та бүхэнтэйгээ хуваалцъя. Бизнесээ танилцуулах гэж бэлтгэж буй бол танд авах зүйл байх болов уу.
Тайзны арын сандрал миний хувьд их өндөртэй. Түүнийгээ дарах шаардлага гардаг. Саяхныг хүртэл надад тогтсон арга байгаагүй ч хамтрагч маань зөвлөсөн нэгэн арга байгаа нь гүнзгий амьсгал авах юм. Өмнө нь үүнийг мэддэг ч буруу техник ашигладаг байснаа мэдэж авсан.
Мөн тайз дээр гараад гацчихвал гараа чанга атгаарай. Энэ нь анхаарал болон цусны эргэлтийг нэг зүгт хандуулдаг давуу талтай.
Сурах зүйл:
Амьсгалын дасгал: 4 секунд амьсгалаа гэдэс рүүгээ аваад, 4 секунд түгжээд, 8 секунд уртаар гаргаад, 4 секунд амьсгал авалгүй түгжинэ.
Питч дөнгөж эхлээд хоолойн өнгө алдсан. Монголд гэх үг дээр гаргасан авиа маань заал дүүрэн үзэгчдийн хүлээлт, догдлолыг унагасан, цаашид сонсогч талаас тав тухгүй байдлыг үүсгэсэн эхлэл болсон. Болдог бол цаг хугацааг ухраагаад энэ алдаагаа л засах юмсан.
Сурах зүйл:
Өгүүлбэр хооронд зай авах, шүлсээ залгиж хоолойгоо чийглэх хэрэгтэй. Шууд эхний өгүүлбэрээс дараагийн өгүүлбэр лүү яаран шилжсэнээс дээрх алдаа гарсан.
Манай багт өгөгдсөн хугацаа бол 3 минут. Энэ бол дэлхийн стандарт питч найраа хийх дундаж хугацаа.
Бэлтгэл бүрд сайжирсаар Демо өдрийн өмнө бүр яг л 3 минутандаа багтаж, дээшээ доошоо 2 секундийн л зөрүү үүссэн.
Харин тайзан дээр энэ хугацаа маань 30 секундээр илүү буюу 3:30 секунд болж сунасан нь дүрмийг зөрчсөн томоохон алдаа байлаа. Бусад 10 стартАп маань ихэнхдээ хугацааг үл тоосон бөгөөд дунджаар 5-7 минутын танилцуулга хийж байсан ч би дүрмийн дагуу гүйцэтгэл үзүүлэхээр зорьсон юм.
Сурах зүйл:
Дүрэм бол дүрэм. Дүрмийн дагуу тоглож байж л бид амжилтанд хүрнэ. Тиймээс дүрмийг дур мэдэн битгий өөрчлөөрэй. Магадгүй энэ ялихгүй үйлдэл нь таны хамгийн чухал оноог үгүй хийх ч юм билүү.
Дээрх бүтцээр танилцуулгаа бэлтгэсэн бөгөөд гол 3 хүчин зүйлээ бүрэн дурдсан бөгөөд оршил болон үйлдэлд дуудах 2 хэсэгтээ оруулсан контекст хангалттай сайн байсан. Багаараа хамтдаа олон удаа дахин дахин засварлаж бэлтгэсний хүчинд агуулгаа бүрэн илэрхийлсэн гэж бодож байна.
Сурах зүйл:
Питч заавал байх 3 гол үзүүлэлт бол 1. Solution 2. Market size 3. Founders юм. Энэ 3 аль нэг нь бусдаасаа давуу тал болж болох юм. Эсвэл аль нэг нь бусдаасаа сул тал болж болох юм.
Жишээ нь: Танай багийн шийдэл нь төгс сайн байж болно. Харин зах зээл нь харьцангуй жижиг дээрээс нь багт тань бусдын таних чадварлаг мэргэжилтэн, эсвэл туршлагатай үүсгэн байгуулагч байхгүй байж болох юм. Энэ тохиолдолд дээрх 3 гол хүчин зүйлээ танилцуулах хугацааны 60 хувьд нь ШИЙДЛЭЭ яриад, үлдсэн 40 хувийн 20 хувьд ЗАХ ЗЭЭЛЭЭ, 20 хувьд нь БАГАА товчхон танилцуулаад өнгөрөхөд болно.
3-уулаа жигд давуу тал болж байгаа бол мэдээж төгс. Үгүй бол давуу талаа л илүүтэй харуулахад болно.
Танд ямар ч асуулт, хэнээс ч ирж магадгүй. Цөөн хүнд питч танилцуулах гэж байгаа бол урьдчилаад хүмүүсээ судлаад ямар төрлийн асуултууд ирж болохыг таамаглаж бол болох юм.
Харин заал дүүрэн үзэгч, тэгэхдээ амьдралдаа анх удаагаа л харж буй хэн нэгнээс ирэх асуулт гэдэг амаргүй.
Надад оногдсон асуулт уул нь хариулахад энгийн асуулт байсан ч миний зүгээс алдаа гаргасан.
Асуулт: Олон стартАпууд олон төслийг зэрэг нэвтрүүлэхдээ яарч алдаа гаргадаг. Танай 3 төсөл хэр хугацааны давтамжтай зах зээлд нэвтрүүлэлт хийгдэх вэ?
Миний хариулт: 2022 оны 04 сард 2дох аппликэйшн маань нэвтрүүлэлт хийгдэж, 2022 оны 4 дүгээр улиралд 3дах аппликэйшн маань танилцуулагдана.
За ёстой төлөвлөгөөгөө л байгаар нь хэлчихсэн. Уул нь нэг амьсгаа аваад бодсон бол асуулт асуусан хүний хүлээлтэнд нийцүүлээд ингэж хариулж болох байлаа.
Зөв хариулт:
Тийм ээ, бид таны хэлж буй алдааг гаргах эрсдэлтэй тул дээрх 2 төрлийн шинэ аппликэйшнээ зах зээл дээр туршилтын хувилбар байдлаар цөөн хэрэглэгчид эхэлж нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөгөөр энэ оны 4 сард 2дох аппикэйшны туршилтын хувилбараа гаргаж, алдаа оноогоо харж эхлэх бол 3дах аппликэйшны туршилтаа 2дох аппикэйшны туршилт хэр амжилттай болсноос хамааруулан 2022 оны 4 улирал юм уу 2023 оны 1 улиралд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
6. Итгэлтэй төгсгөл, тайзны буулт
Төгсгөлд нь хаалтаа маш сайн хийж байгаарай. Зоригтой мартагдахааргүй контекст ашиглаад биеийн хэлэмжээрээ ч гэсэн итгэлтэй төгсгөлийг гүйцэтгээрэй. Питч гэдэг ганцхан ярих боломжтой хугацааг хэлэхгүй, харин тайзанд гарснаас буух хүртлэх бүх л хугацаа юм шүү.
Хамгийн гол санаагаа төгсгөлд нь орууллаа.
Ямар ч үед төгс питч гэдэг хэн танилцуулж байгаагаасаа үл хамааран бусдын өмнө олон удаа танилцуулж, шүүмж нэг бүрийг хүлээцтэй сонсож, түүнээсээ авах зүйлсээ авч сайжруулсан, сул үг нэг бүрийг хаях хүртлээ цээжилсэн, хичээл зүтгэл шингэсэн танилцуулгыг хэлнэ.
Мөн хэт өндөр хүлээлт хэзээ ч битгий бий болго. Болдог юм болдогоороо л болоод дуусна. Үнсэлтээ намсаг, тэгвэл дурлал тань өндөрсөөд л ирнэ.
Ингээд таны гарах тайз амжилт, алга ташилтаар дүүрэн байг.


